Мэдээлэл

Соён гэгээрлийн сар: Өгүүлэл

Европын түүхэн дэх соён гэгээрлийн үеийг бид улс төр, гүн ухаан, эмпирик шинжлэх ухааны салбарт гарсан ололт дэвшлээр нь илүүтэй мэддэг билээ.

Улс төрийн салбарт гэвэл соён гэгээрлийн үед Вольтер, Шарль Монтескье, Жан-Жак Руссо нарын зэрэг олон сэтгэгчдийн бүтээл туурвил гарснаар Францад ноёрхож байсан хэмжээгүй эрхт хаант засгийг түлхэн унагах, улмаар 1789 оны Францын хувьсгалын гарч, тус улсад анхны бүгд найрамдах улс байгуулахад үлэмж хувь нэмэр оруулсан билээ. Энэ үйл явдал хийгээд 1776 онд Америкийн тусгаар тогтнолын тунхаглал гарснаар улс төрд шинэ цаг үе /модерн/ эхэлсэн гэж үздэг.

Гүн ухааны салбарт эдгээр сэтгэгчид шашин, төрөөс хараат бус байхыг эрмэлзэж байв: Тухайлбал нийгэм өөдөлж дэвших замд саад болж буй ухвар мөчид, буруу зөрүү бүх асуудлыг нээлттэй хэлэлцэж, хүн бүр чөлөөтэй шүүмжилж, санал бодлоо илэрхийлдэг байх ёстой хэмээн тэд үзжээ. Үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх эс шүтэх эрх чөлөөтэй болсноор хүмүүс олуулаа нийгэм болж, хамтаар амьдрахтай холбоотой бүхий л асуудлыг нээлттэй, бүтээлчээр шүүмжлэн хэлэлцэх болжээ.

Эмпирик шинжлэх ухааны салбарт гэвэл европын соён гэгээрүүлэгчдийн гаргасан шинэ нээлт, ололтууд тус тивд аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлж, цаашид техник технологиор дэлхийн бусад орнуудыг ардаа орхих үндэс суурийг тавьсан юм. Энэ үйл явц хоёр зуун жил үргэлжилсэн бөгөөд хожмоо “барууны ертөнц” эдийн засаг, цэрэг дайны салбарт ч давамгайлсан нь чухам үүнээс үүдэлтэй.

Эдгээрээс арай бага яригддаг авч өнөөгийн өнцгөөс харахад ач холбогдлоороо өчүүхэн ч дутахгүй чухал соён гэгээрлийн ололтууд бол,

1. Нийгэм дэх хувь хүний тухай бидний ойлголт,

2. Сайн хүмүүжил ба боловсролын тухай бидний төсөөлөл

3. Түүх ба уламжлалд хандах хандлагын тухай асуудлууд юм.

Энэ гурван чухал асуудлын тухай энэ өгүүлэлдээ хөндөхөөр шийдлээ.


1. Нийгэм дэх хувь хүн

Иммануэль Кантынхаар соён гэгээрлийн гол уриа бол хэн бүхний мэддэгчлэн „Sapere aude!“ („Өөрийнхөө ухаан бодлыг дагах зоригтой бай!) Анх харахад энэ уриа гэм хоргүй, мэдээжийн зүйл мэт санагдах ч үр нөлөө нь огт өөр байлаа. Учир юун гэвэл хүмүүс үнэхээр өөрсдөө бодож тунгааж, өөрийн ухаан бодолд итгэж эхэлмэгц (улс төрийн, шашны гэх мэт) ноёлогч ангийнхантай тэр даруй зөрчилдөж эхэлдэг.  Соён гэгээрлийн эрин үеийг хүртэл дэлхийн ихэнх (бараг бүх гэсэн ч болно) орнуудын нийгэмд нийгэмч, хамтач ёсыг эрхэмлэж байв. Өөрөөр хэлбэл хувь хүнээс илүүтэй нийгмийг илүү чухалчилж байв. Дайн дажин гарахад хувь хүмүүс нийтийн төлөө амь биеэ зориулдаг шиг энхийн цагт ч мөн хувь хүмүүсийн үзэл бодол ноёлогчдын/удирдагчдын үзэл бодолд захирагдах ёстой. Нийтээс гажсан тэрслүү үзэл бодолтой хүмүүсийг шашин эсвэл төрийн зүгээс хавчиж, шахаж, дарамтлах юм уу амийг нь хорооно. Харин Европт үүсэж дэлгэрсэн соён гэгээрэл энэ байдлыг өөрчилсөн юм. Тэр цагаас хойш хүмүүс ямар шашин шүтэхээ өөрсдөө сонгож, хүн бүр өөр өөрийн аз жаргал, сайн сайхны төлөө өөрсдийнхөөрөө эрмэлзэж зүтгэх эрхтэй болсон. Анх үзэл бодлоо илэрхийлэх ба шашин шүтэх эрх чөлөөгөөр эхэлсэн энэ хөдөлгөөн хоёр зуун жилийн турш бидний ахуй амьдралын улам олон салбарт нэвтэрч, өдгөө индивидуализм (хувь хүний эрх чөлөөг эрхэмлэх үзэл) ба эгоизм (амин хувиа хичээх үзэл) хоёрыг хооронд нь хольж хутгах болжээ.

Жишээлэхэд зар сурталчилгаа, хувцас загварын салбар л гэхэд хувь хүний эрх чөлөөг эрхэмлэх үзлийг ашиг орлого олох хэрэгсэл болгон ашиглаж, бусдаас онцгой, өвөрмөц байх гэсэн бидний хүсэлд дөрөөлөн эдийн засгийн ашиг хонжоо олдог. Тэгэхээр тэр үеийн соён гэгээрүүлэгчид хүн бүр ямар ч аргаар хамаагүй олноос ялгаран сондгойрч, нийтээс товойж тодрох ёстой гэж огтхон ч шаардаагүйг санах хэрэгтэй болов уу. Харин удирдаж буй талын санал бодлыг ямагт нягтлан үзэж, асууж шалгаж байх тухай санааг дэвшүүлсэн юм. Тэгэхээр „Sapere aude!“ буюу „Өөрийнхөө ухаан бодлыг дагах зоригтой бай!” гэдэг уриаг өдгөө харин ч зар сурталчилгааныхны уриалга, хэрэглээг хэт эрхэмлэх үзлээс татгалзахыг уриалсан үг ч хэмээн ойлгож болох юм. Соён гэгээрлийн үзлээр бол, ухаалаг хувь хүн гэдэг гадаад үзэмжээрээ бусдаас ялгарч онцгойрсон хүн бус, харин дотоод оюун санаагаараа боловсорч насанд хүрсэн, ямар ч нөхцөл байдалд асуудлыг өөрийнхөөрөө бодож тунгаан, өөрийн гэсэн шийдвэрийг гаргаж чаддаг хүнийг хэлнэ.

2. Насанд хүргэх боловсрол, хүмүүжил

Хувь хүн ба нийгмийн тухай ойлголт ийнхүү өөрчлөгдсөнөөс улбаалан мэдээж хэрэг хүмүүжил, боловсролын салбарт ч өөрчлөлт гарчээ. Соён гэгээрүүлэгчид нэн тэргүүнд хүн бүхэн хөрөнгө мөнгө, нийгмийн гарал үүслээсээ үл хамааран боловсрол эзэмших боломжтой байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Бүх хүүхэд, залуус сургуульд сурч, унших, бичих, тоо бодож сурах, ингэснээрээ цаашдаа өөрийгөө боловсруулж хөгжүүлэх боломжтой болох ёстой гэжээ. Соён гэгээрүүлэгчдийн үзсэнчлэн боловсрол гэдэг бол сургуульд сурч дүүргэх ч юм уу их дээд сургууль төгсөөд л болчихдог юм биш. Харин хорвоо ертөнцийг илүү сайн ойлгоод зогсохгүй өөрийгөө бүтээн төлөвшүүлэхийн төлөөх хувь хүний эрмэлзлээр илэрдэг, хэзээ ч зогсдоггүй үйл явц юм.

Энэ үйл явцын эцсийн зорилго бол “насанд хүрэх”. Соён гэгээрүүлэгчдийн тодорхойлсончлон “насанд хүрэх” гэдэг ойлголт өөрийн гэсэн шийдвэр гаргах, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх дотоод ба гадаад чадамжийг илэрхийлнэ. Аливаа сургуулиас олгох боловсролын зорилго бол хүнд дан ганц мэдлэг олгоод зогсохгүй, оюун ухааны тодорхой чадамжууд эзэмшүүлэх, хувь хүний хувьд бэхжүүлж хүчирхэгжүүлэхэд орших ёстой. Үүнийг хэрхэн хэрэгжүүлбэл зохимжтой вэ гэдэг дээр харин соён гэгээрүүлэгчид харилцан адилгүй санал бодолтой байв. Жишээлбэл Жан-Жак Руссо хүүхдүүд байгальтай хөг нийлэн өсөж торних нь зүйтэй бөгөөд 12 нас хүртлээ өмнө ердөө ганцхан ном, тодруулж хэлбэл Даниель Дефогийн “Робинзон Крузо”-г унших ёстой хэмээн үзэж байв. Вольтер харин байгалийг тахин шүтэх энэ үзэлд шүүмжлэлтэй хандаж, Руссог уншаад байвал эцэстээ адгуус шиг дөрөв хөллөж явмаар санагдах вий хэмээсэн удаатай.

Үзэл бодлын энэ зөрүүг эс харгалзан бидний санаж авах зүйл бол: Улам бүр хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн дэлхий ертөнцөд соён гэгээрүүлэгчдийн тавьсан үндсэн шаардлага хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болжээ.Өнөөдөр сурсан мэдлэг маргааш гэхэд хуучирч ч магад тул бид өөрөө бодож тунгаах, өөрийгөө зогсолтгүй боловсруулж хөгжүүлэх шаардлагатай болжээ. Нэг ёсондоо сониуч байж, өөрийнхөө хувь хүнийг хөгжүүлэн бэхжүүлж, “сурах” чадварт суралцана гэсэн үг.


3. Түүх, соёлын өв

Бүгд өөр өөр хувь хүн хэдий боловч нөгөө талаасаа бид ямар нэг нийтлэг, нийгмийн нэг хэсэг яах аргагүй мөн. Бид өсөж том болж, насан хүрч боловсорсноор өөрсдийгөө болон дэлхий ертөнцийг өөрчлөх чадвартай болдог ч гэлээ эхлээд өөрт буй зүйлстэйгээ харьцах шаардлага тулгардаг.  Түүх, хэл, соёлын онцлог бол нийгмийн бүтээгдэхүүн. Тэдгээр ганц хувь хүн нөлөөлж чадахаас бус ганцаараа өөрчлөх боломжгүй.

Түүх ба нийгмийн өвд хандах тухайд соён гэгээрүүлэгчид зарчмын хувьд шүүмжлэлтэй ханддаг: Уламжлагдан дамжиж ирсэн бүхнийг нягтлан шалгах нь хувь хүн нэг бүрийн, мөн нийтлэг нийгмийн аль алиных нь үүрэг мөн гэжээ. Үүний зорилго нь тустай, сайн сайхан хийгээд хоцрогдмол, тааруухан уламжлал хоёрыг ялгаж салгах. Ингэснээрээ Европын соён гэгээрүүлэгчид бүх уламжлал заншлыг устгахыг номлож сургасан хэрэг огтхон ч бус, харин бүгдийг нь нарийн нягт шалгаж үзэхийг л шаарджээ. Үүний дүнд тухайлбал Афин, Ром хотуудад тун дэвшилтэт, зарим талаар ардчилсан ч гэж болом төр улсын тогтолцоог хөгжүүлж асан эртний Грекийн үеийн улс төрийн зарим нэг үзэл баримтлалыг дахин хэрэглэж, христийн шашинт дундад зууны үеийн зарим үзэл баримтлалыг халж хаясан билээ.

Хувь хүний боловсролын нэгэн адил нийгмийн онцлог, өв соёлыг боловсруулах, хадгалж хамгаална гэдэг бол зогсолтгүй үргэлжлэх үйл явц гэж соён гэгээрүүлэгчид үздэг. Соёл, уламжлал бол эрт нэгэн цагт хатуу тогтоож, яг тэр хэвээр нь үүрд хадгалах ёстой зүйл биш. Харин үе үеийнхэн дахин дахин авч үзэж, нягтлан шалгаж, бүтээж боловсруулж байх учиртай.

Сүүлийн хэдэн арван жилийн дотор соён гэгээрлийн үеийн сэтгэгчдийн урьдчилан харж чадаагүй зарим нэг өөрчлөлт гарч байна. Дэлхий даяар дэлгэрсэн капитализмын улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг улам бүр адилхан болсоор. Үүнээс үүдээд улс орон бүрд уламжлал заншлаа эргээд чухалчлан, 50 юм уу 100 жилийн өмнө байснаас нь ч илүүтэй арчлан хамгаалдаг болжээ. Уламжлалыг хадгалан хамгаалснаар нийгмийн мөн чанарыг хамгаалж, хэвээр хадгалах гэсэн эрмэлзэл горьдлогоос энэ үзэгдэл үүдэлтэй. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн гол салбаруудын нэг болох аялал жуулчлал улс гүрний зан заншил, ёс уламжлалыг онцгойлон дэмждэг. Жишээлбэл Японд очсон жуулчид гэхэд цайны уламжлалыг сонирхож, Баварт зочилсон хүмүүс шар айргийн баярт оролцож, Монголд харин наадам үзэхээр ирдэг. Тэгэхээр энд зөвхөн нийгмийнхээ үнэт зүйл, онцлогийг хадгалаад зогсохгүй эдийн засгийн ашиг сонирхол ч нуугдаж байна.

Энэ үзэгдлийн тухай соён гэгээрлийн агуу сэтгэгчид юу хэлэх байсан бол?  Үүнийг бид мэдэх аргагүй ч гэлээ тэд ямартаа ч идэвхийлэн сонирхож, шүүмжлэн хэлэлцэж, маргаан мэтгэлцээн өрнүүлэх байсан нь дамжиггүй. Энэхүү өгүүлэл маань ч бас уншигч та бүхний эргэцүүлэн бодож, шүүмжлэн хэлэлцэх сэдэв болж, маргаан мэтгэлцээнд хөтлөх биз ээ!

Монсудар хэвлэлийн газрын редакц

Номын мэдээлэл хүлээн авах