Мэдээлэл

“Бие хөгширдөг ч, сэтгэл зүрх хөгширдөггүй. Хүн үхэн үхтлээ дурлах чадвараа гээдэггүй”

“Тахлын үеийн дурлал” хэмээх энэ романыг зузаанаас нь бишүүрхэн дөлж удаан явсны эцэст Корона хэмээх энэ айхтар тахал хамаг амьтныг гэрт нь хорьж, сүрдүүлж ахуй энэ цаг дор уншихад ихэд тохиромжтой санагдсаны улмаас гэнэт зориглон барьж, шуудран уншсаар барлаа. 

Энэ бол хүн болгон уншаагүй ч ядаж нэрийг нь дуулсан байх учиртай “Зуун жилийн ганцаардал” хэмээх алдарт романыг бичсэн Колумбын нэрт зохиолч Габриель Гарсиа Маркезын бүтээл билээ. Тэрээр энэхүү романаа дээрх алдарт романаа бичсэнээс 18 жилийн дараа, харин Нобелын шагнал авснаас 3 жилийн хойно бичсэн гэнэ. Уг бүтээлээ туурвихад бүтэн хоёр жил зарцуулсан бөгөөд үүнийгээ амьдралынхаа хамгийн аз жаргалтай сайхан үеэ гэж дурсжээ. Үнэхээр ч зохиолчийн тухайн үеийн сэтгэл санааны байдлаас болсон уу яасан аймшигт тахлын хөлд нэрвэгдэн буй хүн зон, авилгал анархизмд идэгдсэн ороо бусгаа нийгэм, мөнгөний золиос болон хүний гараар сүйтгэгдэн хоосорч буй байгаль дэлхий, хөндүүр зүрх, хөгшрөл зэрэг сэтгэлд таагүй олон юмыг бодитоор нь мэдрүүлсэн хэдий ч уншигч намайг гунигт бүчүүлсэнгүй, харин ч амьдралын их сургуулийг төгсөөд гарах мэт мэдрэмж төрүүлж чадлаа.

Би энэ номыг хайрын түмэн өнгө аяс, ааш авир, элдэв адармаатай нь бүрэн илэрхийлж чадсан хайр дурлалын СУРАХ БИЧИГ гэнэ. Би энэ номыг гэрлэлтийн НЭВТЭРХИЙ ТОЛЬ гэнэ. Би энэ номыг гэрлэсэн хайр, гэрлэлт болж бүтээгүй хайр, гэрлээд алдсан /бэлбэсэрсэн/ хайр, гэнэн хонгор насны цэгээн тунгалаг хайр, өтөл насны хайр гэх мэт бүхий л төрлийн хайрыг багтаасан хайрын тухай илүү бодитой, илүү цогц бүтээл гэнэ. Мөн хайр дурлал, хуял тачаал хоёрын харилцан холбоо шүтэлцээг өөрийн эрхгүй нягталж үзэхэд хүргэнэ.

Хайрын тухай олон зохиол бүтээлд эр эм хоёр танилцан дурлалцсанаар олон шалгуур бэрхшээлийг даван туулсны эцэст гэрлэн сууснаар амар сайхандаа жаргаж, эсвэл Ромео Жулиета хоёр шиг үхэж үрэгдэж юм уу эсвэл хувь заяаны эрхээр салж төгсдөг бол, энэ ном огт өөр. Тэгээд ч хайр сэтгэлээр холбогдсон хоёр гэрлэн сууснаар л амар сайхандаа жаргасаар амьдралын төгсгөлд хүрдэгсэн бол энэ дэлхийд салалт, хууралт ч энэ тэр байхгүй байх байсан биз. Гэвч үзэгч /кино/, уншигчид бидний ихэнх нь тийм л гоё төгсгөлтэй бүтээлд дуртай байдаг нь өдий том болчихоод ч гэсэн үлгэрт итгэсээр байхыг хүсдэгийнх биз. Бодит амьдралыг биш, дэмий төсөөлөл, хоосон мөрөөдлийн мананд амьдрахыг илүү чухалчилдгийнх биз. Тийм ч учраас Агота Кристоф “Ном хичнээн гунигтай ч амьдрал шиг гунигтай биш” /”Нотолгоо”/ гэж зохиолынхоо баатраар дамжуулан хэлсэн биз. Гэтэл “Тахлын үеийн дурлал” ном намайг үлгэрт итгүүлэх гэж чармайсангүй нь сайхан. 

Ядуу айлын бутач хөвүүн айлын охинд анхны харцаар жолоогүй дурлаж, түүнийхээ хойноос шантралгүй эргүүлж, захиагаараа /романы үйл явдал 1800-д оны сүүлчээс эхлэн 50 жилийн турш өрнөдөг/ уяраан өөртэй нь суух амлалтыг авч чаддаг ч охиноороо дамжуулан зэрэг зиндаагаа ахиулах санаатай эцгийнх нь таалалд нийцээгүйн улмаас аав нь хос хоёрыг салгахаар алс холын аянд охиноо дагуулан морддог. Өндөр уулсыг илжиг луусын нуруун дээр үхэлтэй амь өрсөн гаталж, элдэв бослого дээрэм тонуулын дундуур явсаар арайхийн хөдөөх хамаатан садан, үеэлүүдийнхээ дунд бүтэн жилийг үдээд эргэж ирэхдээ гэрээсээ гарч үзээгүй эрх танхил охин маань хатжиж бие даасан, том хүн болохын сацуу, дурласан гэж итгэж явсан хөвгүүнээ дахин харах агшинд л “Би энэ хүнд хайргүй юм байна, энэ бүгд миний хоосон төсөөлөл байжээ” гэж гэнэт ухаарснаар хөвгүүнийг шууд өчиггүй “хаядаг”. Төдөлгүй бүсгүй шазруун, гэдгэр зандаа хөтлөгдөн хотынхоо хамгийн ирээдүйтэй гэгдэх зиндаа дээгүүр эмч залуутай суух шийдвэрийг гэнэт гаргана. Бүсгүй эхлээд эмчид хайргүй байсан ч бал сарын аялалынхаа явцад нөхөртөө жинхнээр нь дурладаг. 

Зоосны нөгөө талд, Флоринтино хайртай бүсгүйдээ хаягдан сэтгэлээр унахдаа “би Ферминагийн нөхрийг үхэн үхтэл хэнтэй ч суухгүй, зөвхөн түүнтэйгээ суухын тулд хэдэн жил ч байсан хамаагүй хүлээнэ” гэж өөртөө андгайлдаг. Гэхдээ тэрээр Ферминагийн нөхрийг үхээсэй гэж хүсдэггүй юм шүү. Зүгээр л үхэх цагийг нь тэвчээртэйгээр хүлээдэг. Хүлээх, хүсэх хоёр их ялгаатай. Тэрээр шинэхэн гэрлэсэн Ферминагаа жаргалтай байгааг нь хараад баярладаг. Тэгээд “би түүнийг ийм жаргалтай болгож чадахгүй дээ” гэж өөртөө гутардаг. Хайртай хүнээ жаргалтай байгааг хараад баярладаг, хайртай хүнийхээ төлөө сайн сайхныг хүсдэг хайр бол жинхэнэ хайр. Энэ бол амин хувиа бодоогүй, нөгөө хүнээ бодсон ХАЙР. 

Флоринтино 51 жил 9 сар 4 хоног хүлээсний эцэст Ферминагийн эмч нөхөр ахуйн ослоор 81 насандаа үхэж буйгаар роман эхэлдэг. Энэ үед хайрт “бүсгүй” Фермина нь 72 настай, Флоринтино өөрөө 76 настай байдаг гээд бод доо! Хүн хэн нэгнийг насан туршдаа дотроо хайрласаар явж болох ч түүн шиг бүхэл амьдралынхаа турш хүлээж, өөр хүнтэй суухгүй байж чаддаг нь чухам хэд билээ? Амьдралд ийм юм туйлын ховор, бараг л боломжгүй гэмээр санагдавч уншаад дуусахаар үнэхээр л тийм байж гэж үнэмшээд дуусна. Сайн зохиолч хүнийг үнэмштэл “панаалдаж” чаддаг бол, муу зохиолч үнэнийг хүртэл үнэмшүүлж чаддаггүй байх гэж энэ номыг уншиж байхад төрөв.

Флоринтино суух хүүхэн олдоогүйдээ тийн хүлээсэнгүй. Мөн Ферминаг нь “гүйцэх” хүүхэнтэй таараагүйдээ биш, Фермина хамгийн хөөрхөндөө биш, Фермина төгс хүүхэндээ ч биш, бас түүнээс өөр ямар ч эмэгтэйд дурлаж, сэтгэл татагдаагүйдээ ч биш юм. Харин ч Флоринтино шархалсан зүрхээ эмнэж, зовлонгоо мартахын тулд асар олон хүүхэнтэй учирдаг. Бүр хэргээр тийм амьдрал хөөдөг. Тэрээр Ферминагийн нөхрийг үхэх хүртэлх энэхүү 51 жилийн хугацаанд нийт 683 хүүхэнтэй учирсан байдаг. Тэдгээрийн нилээдтэй нь романы явцад бид танилцана. Гэвч тэрээр хичнээн ч хүүхэнтэй ор хөнжлийн жаргалд мансуурсан, тэднийхээ заримд сэтгэл түр алдарсан ч тэдний аль нь ч Ферминаг нь орлож чадаагүй юм. Ферминатайгаа таарах бүрдээ зүрх нь булгилан догдлохын зэрэгцээ нөхөртэй нь өөрийгөө харьцуулан голох мэдрэмжинд автана. Ямар сайндаа л ресторанд Ферминаг хооллож байхыг нууцаар ханын толинд хоёр цаг харж суугаад явахдаа рестораны эзнээс гуйсаар байж тэр толийг худалдан авч гэртээ тавьж байхав. Ферминагийн дүрс бүтэн хоёр цаг туссан болохоор тэр. Ямар сайндаа л Ферминагийн нөхөр үхэхэд тухайн үед явалдаж байсан өөрөөс нь 40 гаруй насаар дүү бүсгүйг 72-той Ферминагаа чөлөөтэй дахин эргүүлж эхлэхийн тулд шууд хаяж байхав... энэ мэтчилэн түүний хувиршгүй хайрыг түүний бодол, үйлдэл болгоноос харж болно. Нэг талаас эр хүн гээч хүүхэн хайрлахаараа ямар хувиршгүй үнэнч вэ гэж уулга алдмаар бол, нөгөө талаас бүсгүй хүний зүрх сэтгэл гээч өөрийгөө бүрэн таньж олтлоо бас нилээн хувирамтгай барьцгүй юм уу даа гэж гэмээр. 

Энэ зохиол хувь хүнд, бас амьдралд маш бодитой ханджээ. Ер нь аливаа зохиол бүтээл төгс хүнийг “бүтээгээд” эхлэхээр л нэг худлаа санагдаад явчихдаг. Хүний гаргаж буй үйлдэл нь төгс байж болох ч, бодол нь хүртэл үргэлж сайн сайхан, өөгүй байна гэдэг жирийн хүний хувьд бараг л боломжгүй мэт. Сайн нь бүрдсэн хүн гэж, бас муу нь бүрдсэн хүн гэж үгүй. Мөн туйлын зөв, эсвэл туйлын буруу ч гэж үгүй. Бүх юм тухайн нөхцөл байдлаас, тухайн хүнээс, тухайн асуудлыг авч үзэж буй хүний байр суурь /туулсан зам/, эрхэмлэдэг чанар гэх мэт түмэн зүйлээс хамаардаг. Тиймээс даацтай бүтээл гээч юуг ч шүүдэггүй, юуг ч тулгадаггүй, зүгээр дэлгэж тавьдаг, тэрхүү тавилтаар нь дамжуулан уншигч өөр өөрийн ухаарлыг олдог байх. 

Надад Фермина, Жэйн Остины “Pride and Prejudice” –ын Элизабеттай хачин адилхан санагдав. Хоёулаа хачин шазруун, шартай. Бас ухаантай, бардам, шийдэмгий. Элизабет бол уран зохиол дахь миний хамгийн хайртай эмэгтэй дүрийн нэг. Түүнтэй адил Фермина ч бас надад их таалагдлаа. Алдаатай оноотойгоо, сайн муутайгаа таалагдсан. Харин хоёр эрийн тухайд бол таалагдсан, үгүй гэсэн хатуу байр суурь байсангүй. Урбино эмч хэт ёсорхуу, жаахан хэлбэр хөөсөн “хөөсөрхүү” санагдсан бол /гэхдээ зөндөө сайн талтай шүү, ккк/, Флоринтино үгийн хүчийг эзэмшсэн, романтик мэдрэмжтэй ч, арай л нунж дорой өөртөө итгэлгүй санагдав. Тиймээс алинд нь ч дурласангүй. Өөтэй болохоор нь биш, харин ӨӨ нь таалагддаг ӨӨ биш болохоор нь дурласангүй гэх үү дээ. Хэрвээ уншсан номныхоо баатарт дурлана гэж байдаг бол, өмнө нь би “Pride and Prejudice” –ын ноён Дарсид, “Дайн ба энх”-ийн Андрей Болконский хоёрт бол дурлаж байсан гэж хэлж болноо...

Фермина өөрт нь машид хайртай Флорентиног сонгодоггүй нь түүнд хайргүй болохоор тэр. Бүсгүй хүний зүрх сэтгэл гэдэг эр хүнийг өрөвдсөнөөс болж суудаг хүмүүнлэгийн байгууллага биш юм чинь арга байж уу. Гэхдээ өөрийг нь бас л хачин сүрхий эргүүлсэн, аавынх нь мөрөөдлийн хүргэн эмч Урбинотой суух жигтэй шийдвэр гаргаж уншигч биднийг гайхашруулдаг. Хүнтэй суухыг нийгэм, эцэг, эргэн тойрон шаардаад байгаа болохоор тэгээ биз. Гэхдээ би Ферминаг баян тансаг, амар хялбар амьдрал хөөсөндөө ч суухаар шийдсэн гэж лав хэлэхгүй. Учир нь Фермина тийм янхан сэтгэлгээтэй хүүхэн биш. Зүгээр л гэнэт дургүй нь хүрээд л, бараг ер нь яадаг юм гээд л гэнэт тийм шийд гаргадаг. Тэрээр бараг л тэнгэрийн зарлиг гэмээр урьдчилан тооцоолоогүй , бодлогогүй ч гэмээр шийдвэр үе үе гаргадаг нь дандаа онодог. Тэгэхээр тэр ухаантай ч, зөн совингоо сонсдог эмэгтэй юм. Анх гэрлэхдээ нөхөртөө тийм ч сайн биш байсан ч бал сарын аялал дунд нөхөртөө дурласан, гэвч ханилж суусан нөхөр нь түүнийг хэзээ ч Флоринтино шиг хайрлаагүй. Нөхөр нь түүнийг зөвхөн өөрийнхөө төлөө л хайрладаг. Гэвч хүн нэгэнт өөрөөсөө өөр байж чадахгүй тул өөрийнхөөрөө л өрөөлийг болон өөрийгөө хайрлана шүү дээ. 

Гэрлэсэн хос олны нүдэнд төгс зохицсон мэт харагдана. Хөгжил гээч эсрэгцэн тэмцэлдсээр, үгүйсгэсээр, аажимдаа тооноос чанарт шилжин алгуурхан урагшлах диалектикийн хууль байдаг шүү дээ. Энэ хууль хувь хүний хөгжил болон гэрлэсэн хосын хувьд ч мөн адил зүй тогтлоор явдаг байх. Тиймээс гаднаасаа төгс мэт харагдах Фермина, Урбино хоёрын харилцааны нарийн нандин, бодол, сэтгэл санааны байдал, эволюцийг та романаас хангалттай уншина. 

Хөгшрөлт хэмээх амьдралын гашуун үнэнийг яс маханд тултал ойлгуулж мэдрүүллээ, энэ зохиол. Бие мах бодод хөгшрөлтийн л авчирч болох олон таагүй өөрчлөлт, тамир тэнхээний доройтлыг уншигч та цагаас нь өмнө мэдэрч ойлгоно. Бас тахлаар үхсэн хүмүүсийн ялзарч хөөсөн цогцос голоор нэг хөвөх юм уу, энд тэндгүй овоолоотой өмхий самхайгаараа утан байхыг уншаад үхлийн тухай өөрийн эрхгүй бодно. Гэхдээ л би гунигт автсангүй, харин амьдралын гашуун үнэнийг л дахин ухаарах мэт боллоо.

Мөн хүний сэтгэлийн олон янзын өнгө аяс, хувирал өөрчлөлтийн талаар бол ярих юм байхгүй. Фермина нөхрөө үхэнгүүт ямар их ганцаардаж гашуудаж айж байснаа, дараа нь Флоринтиногийн бичсэн захидлууд эмгэнд уй гашуугаа даван туулахад ямар их хүч өгч буйг, тэгснээ уй гашууны дараа гэнэтийн эрх чөлөөг мэдэрч өнгөрсөн амьдралаа жилийн өмнөхөөс огт өөр нүдээр харах чадвартай болж буй гэх мэт. Ийм нарийн юмыг ингэж гаргаж чадсан нь гайхалтай биш гэж үү? Олон л бэлбэсэн эмэгтэйд ийм мэдрэмж төрдөг байх, манайхан л бичдэггүй болохоос. Милан Курдерагийн “Хөгшин цогцос залуудаа зай тавина” /”Тагтаа” паблишингийн цахим хуудсаас/ ч билүү нэртэй нэг өгүүллэгт бас яг тийм санаа гардаг... 

Маркезын бас нэг гайхамшигтай санагдсан юм нь ор хөнжлийн явдал, хуял тачаалыг тэгж их бичиж буй мөртлөө их эвтэйхэн далдлаад, нэг л гоо зүйтэй биччихсэн явдал. Флоринтиногийн мянга түмэн загас наадуулалт, тэр байтугай зохиолын төгсгөлд настай хоёрын маань /75-тай эмгэн, 79-тэй өвгөн хоёр/ анх удаа энгэр зөрүүлж буй хэсэг хүртэл нууцлаг мөртлөө бүх юм тодорхой ойлгогдохоор бичигдсэн нь бас л янзтай. Гэхдээ ямар ч байсан эр хүн бүсгүйгээ чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэлдэг бол хэзээ ч ухаан жолоогүй дайрч, хуял тачаалаа тулгадаггүй юм байна. Түүнд бүсгүй нь 18-тай байна уу, 75-тай байна уу ямар ч ялгаагүй, бүсгүйгээ бэлэн болохыг тэвчээртэй хүлээж, аясыг нь дагадаг. Тэгэхээр “манай” Фермина хайрлагдан хүндлэгдсэн эмэгтэй. Тиймээс азтай!

Миний хувьд зохиолын хамгийн сэтгэл уярам, романтик хэсэг нь зохиолын төгсгөлд Флоритино Ферминагаа өөрийн удирддаг компанийнхаа хөлөг онгоцны аялалд /10 гаруй хоногийн/ урин авч явж буй хэсэг байв. Хөлгийн хамгийн тансаг ерөнхийлөгчийн өрөөнд “хайртай бүсгүйгээ” /одоо эмгэн болсон/ оруулаад халамжлан санаа тавьж эрхлүүлдэг. Фермина хүртэл уяраад бүр уйлдаг шүү дээ, шөнө хөлгийн тавцан дээр. Тэрээр 53 жилийн дараа л сая нэг юм түүнд дурлаж хайрыг нь хүлээж авч байна шүү дээ. Тэгэхээр романтик байлгүй яахав. Романтик байнаа гэдэг чинь эр эм хоёр хоёулаа хайр мэдрээд, түүндээ жаргалтай байхыг хэлдэг биз дээ? 

Эцэст нь хэлэхэд энэ бол зугаацахын тулд юм уу, уйдсандаа цаг нөхцөөхийн тулд гялс шудраад хаячихгүй, үг өгүүлбэр бүрийг нь мэрж, тунгааж унших зохиол аж. Хэрвээ та санаанд оромгүй үйл явдал, ар араасаа хөвөрсөн таамаглашгүй адал явдал хайж буй бол энэ ном таныг гонсойлгох нь гарцаагүйгаас гадна харин ч нуршуу, заримдаа уйтгартай санагдах биз. Өнөө цагт бид нуршуу, уйтгартай гэдгээр нь заазлан ямар олон маш сайн зохиолыг хэрэгсэхгүй хаядаг билээ дээ. Гэтэл яг тэр нуршааны чинь дунд л эрдэнэ нуугдаж байх нь элбэг. Энэ бол яг тийм нуршаандаа шүр сувдаа нуусан зохиол. Тэвчээртэй хүн л тэр шүр сувдыг анзаарч шүүрдсэнээр ухаанаа гоёж чадмуй. 

Энэ номыг унших явцдаа би Их сургуулийн улс төр, ЭЗ-ийн хичээлүүдэд хөндөгдсөнөөс бусад тохиолдолд ер тоож, сонирхож байгаагүй тив болох Латин Америкийг, тэр дундаа зохиолын үйл явдал өрнөх тахалд идэгдэн буй /холера буюу булчин задрах өвчин/ Колумб орны талаар сонирхлоо. Магдалина мөрөн, өндөр уулс зэргийг нь хүртэл газрын зургаас олж нягтлав. Тэгээд заавал Колумб орон гэхгүй ч Латин Америкт гэнэт очиж үзмээр санагдав. Би аялах дуртай хэдий ч Латин Америк миний очихоор төлөвлөсөн газруудын минь бараг хамгийн сүүлд байсныг яана. Үүнээс харахад зохиолч хүн бүтээлээрээ улс орноо сурталчилдаг ажээ. 

Би энэхүү алдарт романыг МОНСУДАР-ын эрхлэн гаргасан хувилбараар уншлаа. Уг зохиолыг испани хэлнээс Б. Нямдорж орчуулсан бөгөөд Монсударын чадварлаг редакторын гараар орсны ачаар бараг л төгс болжээ гэж бодлоо /Би өмнө нь Нямдоржийн орчуулгаар мөн л Маркезын “Цайлган Эриндера-г уншиж байсан/. Гэхдээ хоёрхон ширхэг ойлгомж муутай өгүүлбэр байсан. Гэхдээ энэ бол орчуулахад асар түвэгтэй хэцүү зохиол байна. Ийм хүнд зохиолыг ингэж сайхан буулгаж уншигч түмнээ дэлхийн утга зохиолын дээжээс эх хэлээрээ амсах боломж олгосон дуун хөрвүүлэгч, ариутган шүүгч нартаа талархаад баршгүй. 

Ингээд “Бие хөгширдөг ч, сэтгэл зүрх хөгширдөггүй. Хүн үхэн үхтлээ дурлах чадвараа гээдэггүй” гэдэг үгээр энэхүү нуршуу тэмдэглэлээ өндөрлөе дөө.

А. Кристофын "Том Дэвтэр" тэргүүт гурамсан романы орчуулагч Доржийн Болортуяа 

2020 оны 4 сарын 18 

Швейцарийн Женев хот

Номын мэдээлэл хүлээн авах