Солонгос дахь Азийн Соёлын Төв нь азийн орнуудын соёл, урлаг, уламжлалыг олон улсад таниулах, дэлгэрүүлэх зорилго бүхий байгууллага билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд тус байгууллага олон улсын хүүхдийн зурагт ном бүтээх төслийг амжилттай хэрэгжүүлсээр байна. Энэ удаад буюу 2019 онд Монгол улс тус төсөлд анх удаагаа хамрагдаж “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакцын редактор, төслийн менежер Б.Батцэцэг Солонгос улсын Гванжу хотноо болсон “Зурагт ном бүтээх олон улсын төсөл”-д оролцлоо. Үүний үр дүнд Б. Батцэцэгийн анхны зохиол болох “Ботго минь хаана байна?” ном солонгос зураачийн шинэлэг зураг чимэглэлтэйгээр солонгос, англи хэлнээ тун удахгүй гарах болсныг дуулгахад таатай байна.
Тэрээр Солонгосын хүүхдийн номын сангуудаар ороход яг л гэр шиг дулаaн, тав тухтай орчин угтаж байсныг, хүүхдээ бодсон хүүхдээ хайрласан орчин нөхцөл тэнд цогцлоож чадсаныг дахин дахин дурдсан юм. Түүнчлэн “Хүүхдийн сургалтын төв, номд дурлуулах газар хэзээ ч захирч, албадсан өнгө аястай байдаггүй юм байна. Хүүхэд тоглонгоо, сонирхонгоо номд дурлаж, танин мэдэж авдаг өөрөөр хэлбэл өөрийн эрхгүй түүнд татагдаж түүнийг сурчихдаг нь онцгой сэтгэгдэл төрүүллээ. Жишээ нь, номын сангийн хөгжмийн хэсэг гэхэд л хөгжмийн зэмсгийг хүүхэд өөрөө хөгжимдөж үзэх, дуу авиаг нь сонсох цаашлаад өөрийн гараар материалуудаа сонгоод хөгжим хийж үзэх гэх мэт өөрөөр нь мэдрүүлэх зүйлс их чухал санагдсан. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдтэйгээ ирж, хамт цагийг өнгөрөөдөг нь тун сайхан” хэмээн олзуурхан ярилаа.
Цаашдаа “Монсудар”хэвлэлийн газар энэ мэтчилэн олон улсын арга туршлагыг судлах, хамтран ажиллах, монгол ном бүтээлээ олон улсад таниулах их ажлыг тасралтгүй хийсээр байх болно.