Роозонгийн Энхбат "Гёте-Медаль" гардан авлаа.
Олон улсын соёлын солилцоонд оруулсан онцгой хувь нэмрийг үнэлэн олгодог ХБНГУ-ын энэхүү албан ёсны шагналыг анх удаа Монгол Улсаас Роозонгийн Энхбат гардан авлаа. Гёте-Медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ уламжлалт ёсоор Йоханн Вольфганг фон Гётегийн төрсөн өдөр, 8 сарын 28-ны өдөр Ваймар хотод зохион байгуулагдсан юм. Уг шагналыг 1955 оноос олгож эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл нийт 66 улсын 351 эрхэм энэхүү шагналыг гардан авчээ.
Тус шагналыг олгогч Гёте Институтийн зүгээс "Роозонгийн Энхбат нь Монголын иргэний нийгэм нээлттэй, шүүмжлэлтэй, хариуцлагатай байхын төлөө учирч болох хохирлыг үл харгалзан тууштай тэмцэгчдийн нэг юм. Тэрээр сэтгүүл зүй болон хэвлэн нийтлэх ажлынхаа хүрээнд Монголын нийгэмд өрнөж буй гашуун үнэнийг олж тогтоох, тэр дундаа боловсролын тогтолцоог сайжруулахын төлөө ажилладаг. Түүний энэхүү хичээл зүтгэл нь үнэн зөв байдал, нягт нарийн судалгаа ба цэгцтэй сэтгэн тунгаахын нэгэн жишээ болжээ" хэмээн онцолж, тус нэр хүндтэй шагналыг олгосон байна.
Гёте-медаль гардуулах ёслолын үеэрх түүний илтгэлийг сийрүүлэн орчуулбал:
Ийм том хүндтэй шагналыг олгохоор намайг энд урьж ирүүлсэнд гүнээ талархъя. Энэ шагналын эзэн болох тухай анх сонссоноос хойш нилээд хугацаа өнгөрсөн ч үнэндээ сэтгэл амар тайван явж чадсангүй. Магадгүй би шагнал авч дасаагүй болоод тэгсэн байх... Энэхүү шагналыг гардан авах нь нэр төрийн хэрэг бөгөөд мөн чухал үүрэг хариуцлага гэж бодож байна.
"Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж монгол ардын үг бий. Харамсалтай нь өнөөдрийн нийгэмд бид шаардлагатай, чухал асуудлуудын талаар хоорондоо ярилцах нь цөөрчээ. Нийгмийн амьдрал биднээс цаг үргэлж янз бүрийн сэдвүүдээр ярилцахыг шаарддаг. Хэл яриа урд урдынхаас илүү амьдралын эрэлт хэрэгцээ болсон байна. Тийм ч учраас бид хэл соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлж, ээдрээтэй асуудлын талаар ярилцаж шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Үүний оронд бид юу ч ярихгүй, бүр хараагүй, сонсоогүй мэт үл мэдэгч болсоор байвал цаашдаа хэн байж, юу бүтээж, юунаас хамаарах билээ?
Өнөөдөр манай монголд шийдвэрлэх шаардлагатай нийгэм улс төрийн олон асуудлууд байна. Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд томоохон өөрчлөлт хийх ёстой. Гэвч шийдвэрлэх асуудлын хувьд бидэнд нийгэм, улс төрийн мэдлэг, туршлага дутах нь гарцаагүй бөгөөд хувь хүний хувьд надад ч эргэлзэж тээнэглэзэх, заримдаа мухардалд орох үе бий. Тэр бүрийд барууны соёлоос, тэр дундаа европын соён гэгээрлээс суралцах зүйлс их байдгийг би энд онцлон хэлмээр байна."
Роозонгийн Энхбат 1958 онд Улаанбаатар хотноо мэндэлсэн, хэвлэн нийтлэгч, Адмон группийн ерөнхий захирал юм. Тэрээр Лайпциг хотноо график, ном туурвих арга зүйн чиглэлээр суралцаж төгсөөд, зурагчин, МОНЦАМЭ агентлагийн эрхлэгчээр цөөнгүй жил ажиллажээ. Р.Энхбат нь 1996 онд Адмон хэвлэх үйлдвэрийг эрхлэх болж, улмаар 2000 онд Монсудар хэвлэлийн газрыг байгуулсан нь эдүгээ дэлхийн уран зохиол, толь бичиг, хүүхдэд зориулсан ном болон орчин үеийн сурах бичиг зэрэг зохиол бүтээлээрээ салбартаа тэргүүлэгч болон өргөжжээ.