Мэдээлэл

Элена Алонсо Фрайле: Уран зохиол нь харанхуйд асаж буй чүдэнз юм



Монсудар: Хатагтай Элена Алонсо Фрайле нь роман, өгүүллэг, хүүхэд залуучуудын ном бүтээл туурвисан испани зохиолч билээ. Тэрээр ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Штефан Дюппелийн гэргийн хувиар манай оронд гурван жил амьдарч байна. 2018 онд түүний бичсэн Дууч хөвгүүд хэмээх хүүхдийн зохиолыг Монсудар хэвлэлийн газар монгол хэлнээ орчуулан гаргасан. Энэ удаад бид бүхэн Испани өгүүллэг, тууж түүвэр дээр хамтран ажиллаж, уншигчдын гарт хүргэхэд бэлэн болоод байна. Энэ түүвэрт орсон Испанийн 11 зохиолчийн 36 бүтээл бүгд анх удаа монгол хэлнээ орчуулагдсан юм. Ингээд та бүхнийг түүнтэй уулзуулъя. Та эдгээр өгүүллэг, туужуудыг ямар шалгуураар сонгож авсан бэ?

Элена Алонсо Фрайле: Зохиолуудыг сонгохдоо юун түрүүнд цаг хугацааны шалгуурыг баримтлан он цагийн дарааллаар сонголт хийхээр шийдсэн. Өгүүллэг буюу богино хэмжээний хүүрнэл зохиолын төрөл Испанийн уран зохиолд Дундад зууны үеэс үүссэн хэдий ч XIX зууны эхэн үеэс л уран зохиолын бие даасан төрөл болсон. Энэ үеийн шинэ түрлэг үзэгдэл болох сонин хэвлэл дэлгэрсэн нь өгүүллэг, туужийг олон нийтэд хүргэх таатай боломж бүрдүүлжээ. Тиймээс XIX зууны үеийн зохиолоос эхлэн өнөөг хүртэл Испанид богино өгүүллэг хэрхэн хөгжиж ирснийг харуулахад анхаарсан юм. 

Цаг хугацааны талаас нь бодолцохоос гадна Испанийн уран зохиолын ерөнхий дүр төрхийг илтгэсэн түүвэр хэвлүүлэхийг зорьсон. Бүтээлийн хэлбэр, сэдэв, зохиолчийн бичлэгийн арга барилын хувьд ялгаатай, олон өнгө аясыг илтгэн харуулсан зохиол сонгосон билээ. XIX, XX зууны Испанийн түүхийг хүүрнэл зохиолд хэрхэн өгүүлснийг танилцуулахын зэрэгцээ уран зохиолын урсгал чиглэл бүрээс төлөөлөл оруулахыг хичээсэн. Мөн зохиолчдын бодит амьдралын нөхцөл байдлыг ч харгалзан үзсэн. Үүнд эх орноосоо хөөгдөж эсвэл дүрвэн гарсан зохиолчид, дайны дараах үед гэх мэт өөр өөр нөхцөл байдалд бичиж туурвиж байсан зохиолчдын бүтээл бий. 

Эмэгтэй зохиолчдын бүтээлийг оруулах бодол байсан боловч харамсалтай нь Испанийн  уран зохиолын салбарт саяхныг хүртэл эмэгтэйчүүдийг гадуурхсаар байсан учир энэ түүвэрт эрэгтэй, эмэгтэй зохиолчдын тооны харьцаа тэнцвэргүй болчихсон. 

M: Энэ номд орсон өгүүллэгүүдээс хамгийн эрт бичигдсэн хийгээд хамгийн сүүлд бичигдсэн өгүүллэгийн хооронд зуу гаруй жилийн зай байна. Гэсэн хэдий ч энэ түүврийг бүхэлд нь авч үзэхэд, хэлбэр ба агуулгын хувьд “гол чиг шугам” нь юу вэ?

ЭАФ: Зохиолчид, бүтээлийг сонгохдоо он цагийн дараалал, ерөнхий дүр зургийг илтгэн харуулах гэсэн хоёр үндсэн шалгуурын зэрэгцээ,  чанарыг нэн тэргүүнд баримталсан гэдгийг энэ ном бүхэлдээ илтгэн харуулах болов уу. Испанийн уран зохиолын дэг сургуулийн нэрт төлөөлөгчдийн бүтээлийг сонгосон бөгөөд Испанийн уран зохиолыг монгол уншигчдад хүргэх, эхлэн таниулахад эдгээр өгүүллэг, туужийг зайлшгүй оруулах нь зохистой гэж үзсэн. 

Хэлбэрийн тухайд урт, богино бичвэрийг хослуулах нь сонирхолтой гэж бодсон. 

Энэ түүвэрт хэдэн мөрөөс бүтэх бичил өгүүллэгээс эхлээд богино туужийн хэмжээний урт бүтээл ч бий.


M: Номд бүтээл нь багтсан зохиолчдын ихэнхэд нь Испанийн Иргэний дайны (1936-1939) нөлөөнд шууд ба шууд бусаар нөлөөлсөн байдаг. Испанийн уран зохиолын хөгжилд нөлөөлсөн өөр ямар ямар нийгмийн хүчин зүйлс байдаг бол?

ЭАФ: 1898 он бол Испанийн түүхийн нэн чухал үеийн нэг. Испаничууд АНУ-тай хийсэн хүч тэнцвэргүй дайнд ялагдаж, сүүлийн эзэмшил нутгаа алдсанаар олныг хамарсан сэтгэлийн хүндхэн цочирдолд орсон он жилүүд байсан. Хэдэн зууны туршид дэлхийн улс орнуудын харилцаанд ноёрхох байр суурьтай байсан Испани орны агуу түүх өнгөрсөн цаг үеийн түүх болон хувирсан юм. Ийм нөхцөлд 1898 онд оюун санааны сэргэлт, сэхээрлийн өргөн далайцтай хөдөлгөөн өрнөж, гүнзгийрэн өргөжжээ. Улс орны түүхэнд болж өнгөрсөн элдэв үйл явдлаас үүдэн ёс суртахуун, улс төр, нийгмийн хямралд автаад байсан ард олон энэ нөхцөл байдлаас гарах гарц хайж, Испани улс унаж доройтсон шалтгааныг тайлбарлан танихыг хичээж байлаа. Энэ нь нийгмийн амьдралд асар хүчтэй давлагаантай үе байсан бөгөөд тэр дундаа уран зохиолын салбарт асар эрч хүчтэй нэгэн үеийнхэн тодрон гарч ирсэн билээ. “98 оны үеийнхэн” гэж нэрлэгддэг эдгээр зохиолчдын бүтээлээс түүвэрт оруулсан бөгөөд энэ тухай номын өмнөх үгэнд тодорхой дурдсан байгаа. 

Мөн иргэний дайн Испанийн түүхэн дэх томоохон эргэлтийн цэг байсан юм. Учир нь энэ үед улс төр болон нийгмийг хамарсан хагарал ялгарал газар авч, нийгэм бүхэлдээ ялагч ба ялагдагсад гэх хоёр туйлд хуваагдахад хүрсэн. Энэ хуваагдлын үр дагавар хэдэн арван жилийн туршид олны сэтгэлд гүнзгий шарх болж, илт мэдрэгдсээр байсан. 1975 он хүртэл үргэлжилсэн Франкогийн дарангуйлал, үзэл санааны хувьд урам хугарсан, хүсэл мөрөөдөл нь биелэх боломжгүй нь тодорхой болохыг харж сэтгэл алдарсан бүтэн нэг үеийнхэн, ардчиллыг бий болгох үйл явц гээд нийгэмд өрнөсөн бүх үйл явдал уран зохиолд тусгалаа олсон. Энэ бүх янз байдлыг харагдахуйц байлгахын тулд эдгээр зохиолуудыг сонгосон юм. 

M: Та ер нь уран зохиол болон нийгмийн хоорондын харилцан хамаарлыг хэрхэн хардаг вэ?

ЭАФ: Бусад бүх урлаг, уран бүтээлийн нэгэн адил утга зохиол ч бас нийгмийн шинжтэй байдаг нь эргэлзээгүй. Уран зохиол хийгээд нийгэм хоорондоо харилцан хамааралтай, нэг нь нөгөөгөө тэжээн тэтгэж оршдог. Уран зохиолд тухайн цаг үе, нийгмийн үнэт зүйл, итгэл үнэмшлийг тусгаж байдаг. Энэ хоёр зүйлээс зохиолчдын санаа үүдэлтэй бөгөөд үүнийгээ зохиолдоо шууд өгүүлж эсвэл дүрүүддээ шингээнэ. Үүний зэрэгцээ зохиолчийн бодрол бясалгал нь нийгмийн ухамсрыг сэрээх, өдөөх зорилготой байдаг. Сайн ном зохиол гэдэг бол нийгмийн тулгамдсан асуудал, зөрчлийг шийдэх хариулт, хэрхэхийг заасан бэлэн жор, шийдлийг өгөх ёсгүй гэж би боддог. Үүнийг суртал ухуулгын товхимол, өөртөө туслахад чиглэгдсэн гарын авлага төдий ном хэвлэлээр өгдөг байх. 

Харин номын эрхэм үүрэг бол  уншигчдад асуулт тавьж, санаа зовоосон асуудлуудад анхаарал хандуулахад чиглүүлэхэд оршино. 

Тиймээс ч “Уран зохиол нь харанхуйд асаж буй чүдэнз юм. Гэрэл гаргаад зогсохгүй бидний эргэн тойронд эцэс төгсгөлгүй харанхуй хүрээлэн байгааг ухамсарлан ойлгоход хөтлөх учиртай” хэмээн Фолкнер хэлсэн билээ. 

M: Өгүүллэг туужууд бол олон орны утга зохиолд нэн эртний уламжлалтай төрөл зүйл. Гэтэл роман бол үргэлжилсэн үгээр туурвидаг зохиолчдын хувьд хамгийн хэцүү төрөл гэж үзэх нь олонтоо. Испанийн утга зохиолын хувьд өгүүллэг, тууж ямар байр суурь эзэлдэг вэ? Өнөө цагт эдгээр төрлүүдийн ач холбогдол ямархуу хэмжээнд байна гэж та үзэж байна вэ?

ЭАФ:  Испанийн уран зохиолын бусад төрөлд бараг үргэлж тусдаг уламжлалт сэдэв гэж бий. Дундад зууны үеэс хойш бичигдсэн өгүүллэг, богино туужид хүмүүжил болон ёс суртахууныг заан сургах зорилго байнга агуулагдсан нь илт байдаг. Харин XVI, XVII зууны уран зохиолын голлох чиглэл болох овт хүмүүсийн тухай зохиолууд, рыцарийн роман буюу хүлэг баатрын тухай зохиолын олон жишээ дурдаж болно. Хамгийн ойрын жишээ гэхэд л Кихот ноёны сэтгэлийн эмзэглэлийг илэрхийлсэн хазайлт, гажилт зэрэг  олон үзэгдлээс харж болно. XVIII зуунд гэгээрлийн үе тохиоход хот суурины өсөлттэй зэрэгцэн бий болсон чинээлэг хөрөнгөтөн нийгэмд утга зохиолын бүлгэмд хүмүүс идэвхтэй  нэгдэх болж аажимдаа сурган хүмүүжүүлэх үзэл санаагаар бичигдсэн богино түүх, өгүүллэг уншиж, нийтэд түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцох болжээ. 

Харин өмнө дурдсанчлан, XIX зуунд сонин сэтгүүлийг бичмэл хэлбэрээр хэвлэн түгээх болсноор өгүүллэг нь бие даасан төрөл болон хөгжихөд асар их түлхэц болсон. ХХ зуунд өгүүллэгийн төрөлд Испанийн уран зохиолын аль ч үед байгаагүй хувьсал болжээ. Дайны дараах он жилүүдэд богино хэлбэртэй бичлэгийн төрөл нийгмийн асуудлыг шүүмжлэхэд маш тохиромжтой, мөн романтай харьцуулбал зах зээлээс хамаарах нь бага учир бичлэгийн хэв маяг болон хэлбэрийг олон янзаар өөрчлөн туршихад хамгийн боломжтой төрөл байжээ.

Гэсэн хэдий ч өнөөдөр бид өгүүллэгийг уран зохиолын төрөл болохынх нь хувьд ямар  нөхцөл байдалтай байгааг ойлгохыг хүсэж байвал зах зээлийн механизмыг анхаарах хэрэгтэй. Миний ажигласан нэг зүйл бол редактор, хэвлэл мэдээлэл, олон нийт, уншигч гээд маш олон тооны оролцогч тал номын эргэн тойронд зэрэгцэн орших болсноор уран зохиолын жинхэнэ мөн чанарт бараг хамааралгүй хууль дүрэм ярьж, тулган, уран зохиолоос өөрсдийн санаанд нийцэх зүйлийг нэхэх болсон нь харамсалтай юм.

Магадгүй иймээс ч та бүхний асуусанчлан романы төрлийг зохиолч, уншигчдын хувьд "хаан төрөл" гэж үзсэн хэвээр байгаа болов уу. Роман уншдаг хүмүүс уран зохиол унших бэлтгэлтэй, ном зохиолоос зөвхөн зугаацах цэнгэх төдийг хүсэхээс илүүтэй өндөр шаардлага тавьдаг тийм уншигчдын хүрээлэл болж үлдсэн гэмээр. 

M: Та зохиолчийн замналаа анх өгүүллэгээр эхлүүлсэн. Энэ антологиос танд онцгой таалагдсан өгүүллэг юм уу эсвэл зохиолч байсан уу? Мөн таны бодлоор ямар зохиолч, ямар өгүүллэг нь монгол уншигчдад илүү ойр, сонирхолтой байх бол?  

ЭАФ: Би Кларины "Баяртай, Кордера!" өгүүллэгийг онц сонирхолтой гэж хэлнэ. Аав маань энэ зохиолд гардагтай төстэй амьдралыг туулсан тухайгаа бидний багад ярьж өгдөг байлаа. Өвөөгийн сүрэгт аавын минь хайртай, өхөөрдөн тоглодог нэгэн хурга байж л дээ. Хөдөөгийн амьдралд ноёрхож байсан хууль журмын дагуу өнөөх хургыг золиослох болсон тухай ярьж байсныг нь дурсан санасаар байдаг юм. Монголд малчин хүн, мал сүргийн хооронд нягт холбоо оршиж байдаг гэж бодсон учир энэ өгүүллэг ойр дотно сэдэв, түүх байх болов уу.

Нөгөө талаас, би Франсиско Айалаг онцгой хүндэтгэдэг. Түүний хүүрнэлд олон давтагдах нэг сэдэв нь түүхэн үйл явдалд дүн шинжилгээ хийж, нийгэмд илэрч буй аливаа зөрчлийг түүхэн үйл явдлын хүчин зүйлийн нөлөөтэй уялдуулан тайлбарладаг онцлогтой. Тухайлбал, "Хагарал" зохиолд Испанийн иргэний дайны үед нийгэмд бий болсон гүнзгий шархыг илтгэсэн бөгөөд энэ нь уншигчдад өнгөрсөн үеийн хүнд хэцүү нөхцөл байдлаас салж хөндийрөхийг сануулдаг. 

Монгол хүмүүст энэ сэдэв мөн л сонирхолтой байх болов уу.  

M: Бидний яриа нэгэнт таны хувь хүн, дурсамжтай холбоотой сэдэв рүү шилжжээ. Долоодугаар сарын 17-ны өдөр шинэ номын нээлт болсны дараа нэг их удалгүй таны Монголд өнгөрүүлэх цаг хугацаа дуусаж, хоёр долоо хоногийн дараа нөхрийнхөө буюу ноён элчин сайд Дюппелийн хамт дараагийн ажиллах улс Боливийг зорих гэж байна. Та Монголоос ямар дурсамж өвөрлөн буцах  вэ?  Гурван жилийн өмнө Улаанбаатарт анх ирэхдээ тээж ирсэн хүлээлт төсөөлөлтэй энд үзсэн туулсан бүхэн тань хэр нийцсэн бол? Бас магадгүй таныг гайхшируулсан зүйл байв уу?

ЭАФ: Эхний мөчөөс л монголчуудын зочломтгой найрсаг зангийн зэрэгцээ холоос ирсэн хүмүүстэй үг яриа өрнүүлж санаа бодлоо солилцох онцгой сониуч занг хараад сэтгэл хөдөлсөн. Нөхөр бид хоёр Монголд ажилласан анхны өдрөөсөө эхлэн өдөр бүр гаднын хүнд найрсаг сайхан ханддаг занг биеэрээ мэдэрч, албан ажил хэргийн хүрээнд ч хувийн харилцаанд ч энэ нь үнэхээр тод илэрч байдгийг хараад биширсэн. Би монголчуудын өгөөмөр занг их олон өөр түвшин, нөхцөл байдалд олж нээсэн. Гурван жилийн хугацаанд олон олон хаалга өмнө минь нээгдэж, хүмүүс бидэнд дотно элгэмсэг хандаж байлаа. Амьдралд минь тохиосон аз жаргалтай, сэтгэл хангалуун үеүдийн нэгийг Монгол оронд өнгөрөөжээ. УДБЭТ-т найрал дууны гишүүний хувиар уран бүтээлд оролцож, МУИС-ийн испани хэлний салбартай хамтран ажиллаж, хичээл зааж, мөн нэг зохиол маань монгол хэлээр орчуулагдан хэвлэгдэж, удахгүй Испани эх орны маань зохиолчдын бүтээлээс Монголын уншигчдад танилцуулах болж буй зэрэг үйл явдал Улаанбаатарт анх ирэх үедээ бодож байсан төсөөллөөс хавьгүй давжээ. 

M: Бидний мэдэхээр та Монгол орны тухай ном бичиж буй. Тэр талаараа бидэнд жаахан тодруулж болох сон болов уу?

ЭАФ: Үнэндээ энэ бол Монгол улсын түүх, бодит байдлыг төдийлөн сайн мэдэхгүй хэвээр байгаа испани хэлт орнуудын уншигчдад зориулан бичсэн зохиол бөгөөд Монгол улс гол сэдэв нь юм. Тиймээс энэхүү номын зорилго нь энэ гурван жилийн турш Монгол орны талаар мэдсэн сурсан бүхнээ уншигчдад хүргэж, энгийн хүний тухай зохиомжлон ярьж буй зохиомол түүхийг шууд харилцаанд оруулж, олон янзын орон зай, цаг хугацааны хувьд өөр өөр нөхцөлд өрнөж буй монголчуудын түүхийг харуулах явдал юм. Гэхдээ тэдгээр нь зан төлөв, эд юм эсвэл үйл явдлын өрнөж буй газар орноор хоорондоо харилцан уялдаатай болж холбогдох бөгөөд энэ зохиолыг маань бүтцийн хувьд өгүүллэг хийгээд романы дундын шинжтэй, томоохон тууж бүтэцтэй ном болгож байгаа юм. Аль ч тохиолдолд эдгээр нь Монголын соёл, түүх, газарзүйн янз бүрийн талыг харуулсан, нэргүй баатруудын түүх юм. Эдгээр үйл явдлыг товч өгүүлснээр Монгол улсын талаар миний харсан онцгой шинж төрх бүрийг нэгтгэсэн, надад үлдсэн тусгалыг  илэрхийлэх шилэн шигтгэмэл мэт хэлбэртэй болгох юм.

M: Дууч хөвгүүд хүүхдийн роман, Испани өгүүллэгийн түүвэр болон магадгүй ирээдүйд уншигчдын гар дээр очих Монголын тухай романаараа та манай орны утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн ул мөрийг үлдээж байна. Үүнээс гадна монгол  уншигчдад өөр хэлэхийг хүссэн зүйл бий юү?

ЭАФ: Би Дууч хөвгүүд-ийг уншсан бүх уншигчдадаа болон Испанийн уран зохиолын төлөөлөл болгон та бүхэнд хүргэж буй энэхүү өгүүллэгийн түүврийг уншиж, манай үндэстний уран зохиолд ойртож байгаад бүгдэд нь талархал илэрхийлье. Улс үндэстний хил хязгаарыг давж өөр үзэл бодлыг харах нь бид бүгдийн санаа бодлыг баялаг болгон өргөжүүлж, илүү тэвчээртэй, илүү ухаалаг болгодог гэж би боддог. Алс холын нутагт өрнөж тохиолдож буй зүйлийг сонирхож харж байдаг монголчуудын сониуч зан нь хамгийн ихээр биширсэн шинж чанаруудын нэг юм. Энэ сониуч зан байдалд тохирсон, уншигч олныг сэтгэл хангалуун үлдэх хариултыг өгөх ном болно гэж бодож байна. Эдгээр зохиолыг сонгоход миний сэтгэл догдолж, таатай байсантай нэгэн адил уншигчид энэ номыг таашаан хүлээж авна гэж найдаж байна.

M: Бидэнтэй ярилцсан танд дахин дахин талархал илэрхийлье!

Номын мэдээлэл хүлээн авах