Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулсан Соён гэгээрлийн өдрүүдийн хүрээнд Англи хэлт уран зохиолд "Coming of age", герман хэлэнд "Bildungsroman" хэмээн нэрлэгддэг уран зохиолын төрлийн тухай, энэ төрөлд хамаарах зохиол бүтээлүүдийн тухай болон Төлөвшлийн уран зохиол манай уншигчдад яагаад чухал хэрэгтэй байгаа тухай лекцийг зохион байгуулсан билээ. Энэхүү лекцийг товчлон хүргэж байна.
Удиртгал
Утга зохиол судлалд “утга зохиолын мөнхийн сэдвүүд” гэгчийн тухай ярих нь бий. Эдгээр нь утга зохиолын эрин үе, төрөл жанр бүрийн хувьд бүр эхнээс нь авхуулаад өнөөг хүртэл яригдсаар буй сэдвүүд юм. Хамгийн тодорхой, маргаангүй сэдвүүд бол хайр дурлал ба үхэл билээ. Гэхдээ дэлхийн утга зохиолын түүхийг нухацтай авч үзэх аваас “мөнхийн” гэж хэлж болох сэдвүүд эдгээрээр яавч хязгаарлагдахгүй нь тодорхой болно. Бидний өнөөдрийн лекцээрээ авч үзэх “Төлөвшлийн роман” хэмээх төрөл ч мөн тийм л мөнхийн сэдэв ажээ.
Тодорхойлолт, зарим онцлог шинж
Энэ төрлийн түүхийг нарийн судлахаасаа өмнө уг төрлийн тодорхойлолт хийгээд хүүрнэлийн зарим онцлог элементүүдийг хэлэлцье.
Төлөвшлийн зохиолын тодорхойлолтын тухайд ерөнхий жишиг гэж хэлж болохуйц дараах тодорхойлолтыг ихэнх эрдэмтэн хүлээн зөвшөөрч, санал нэгддэг: “Төлөвшлийн зохиол гэдэг нь хүүхэд эсвэл өсвөр насныхны насанд хүрч буй хөгжил төлөвшлийн тухай өгүүлнэ.”
Уг төрөл нь бүтцийн хувьд дараах элементүүдийг ерөнхийдөө агуулна: 1.) Хүүхэд ахуйн “гэнэн зан”-гаа гээх, бэлгийн амьдралыг олж нээх (зохиолын бичигдсэн цаг үеэс хамаараад, энэ шинж маш далд эсвэл огт байхгүй байж болно; харин өнөө үед энэ тухай ил шулуухан хүүрнэх болжээ); ба 2.) Нийгмийн хүлээлт, хэм хэмжээг ухаарах (жишээ нь: гэрлэх, ажил олох, нийгэмд байр суур эзлэх, нийгэмд насанд хүрэгчийнх гэж зөвшөөрөгдсөн ерөнхий зан төлөвийг эзэмших).
Төлөвшлийн ихэнх роман эндээс гараагаа эхэлдэг. Түүнчлэн үйл явдал нь дараах хоёр замын аль нэгээр өрнөх нь элбэг: A) эдгээр хэмжээг дагах, насан хүрэгчийн ертөнцөд өөрийн байр суурийг олох тэмцэл; эсвэл B) насан хүрэгчдийн хэм хэмжээг дагахаас татгалзаж, өөрийн арга замаа олох эрэл хайгуул.
Эдгээрээс гадна төлөвшлийн роман дараах онцлогийг агуулах нь түгээмэл: A) “багш”-ийн дүр (гол дүрийг чиглүүлж тусална; энэхүү “багш” (“mentor”) хэмээх үг хэллэг хаанаас үүдэлтэйг цаашид бид судална); эсвэл B) “муу нөлөө үзүүлэгч” дүр (гол дүрийг буруу замд уруу татна).
Төрөл жанрын түүх
Энэ төрлийн зохиолыг XVIII зууны Германы “Bildungsroman” (буюу “хэлбэршлийн роман”)-аас эхтэй гэж үзэх нь элбэг. Иоханн Вольфганг фон Гётегийн 1795 онд бичсэн “Вильхельм Мейстерийн шавилсан он жилүүд” роман дараагийн олон арван жилд олон зохиолчийн дагаж баримтлах хүүрнэлийн хэв маягийн үндсийг тавьжээ. Уг роман монгол хэлнээ хөрвүүлэгдээгүй учир энэ тухай дэлгэрэнгүй дурдахгүй. Ерөнхийдөө: Вильхельм Мейстер хэмээх залуу эр театр, бизнес, хайр дурлал зэрэгт бүтэлгүйтсэн ч боловсрол олж авахаар сэтгэл шулуудан тэмцэж буй тухай, энэ дүрийн хөгжлийн тухай уг роман өгүүлнэ. Тиймээс ч үүнийг “Bildungsroman” гэдэг: герман хэлний “Bildung” хэмээх үг “боловсрол”, (дүрийн)-“хэлбэршил” гэсэн утгуудын аль алийг агуулна. Утга зохиолын уг төрлийн гол өгүүлдэг зүйл ч чухам энэ билээ. Соён гэгээрлийн хөдөлгөөний охь санаанд гүн гүнзгий тулгуурласан энэхүү роман боловсрол, чөлөөт үзэл санааны ачаар хувь хүн, нийгмийн аль алийнх нь хувьд аливаа бүхэн сайжирч дэвжинэ гэсэн итгэл үнэмшлийг дэмждэг. Уг роман тухайн цаг үеийн Европын бусад зохиолчдод хүчтэй нөлөөлсөн төдийгүй, төлөвшлийн романы анхдагч бүтээлд тооцогдох нь түгээмэл. Гэхдээ утга зохиолын түүхийг лавшруулан харах аваас Гёте уг төрөл жанрыг олонд түгээж таниулснаас бус олж нээгээгүй аж. Үнэндээ уг төрөл жанр Гётегээс ч өмнө байжээ. Үүний нэг жишээ болгож, Хомерын “Одиссей” (НТӨ 650) найраглалын эхний дөрвөн “дуулал” буюу дэвтэр нь Одиссейн хөвүүн Телемахын тухай өгүүлдгийг дурдаж болно.
Эцэг нь эзгүй буюу Тройн дайнаас адал явдал туулсаар гэртээ харих арга замаа хайж буй үед хүү Телемах нь хэцүү байдалд орно. Тэр эх Пенелопатай нь нийлж суухаар уйгагүй оролдох эрчүүдээс эцгийнхээ гэр орон, өв хөрөнгийг хамгаалах учиртай. Гэвч насаар бага учир энэ сорилтой нүүр тулж, тэднийг гэрээсээ хол байлгах арга замыг олоход дэндүү балчирдах ажээ. Тиймээс ч хоёрдугаар дэвтэрт тэрээр төрөлх Итака нутгаа орхиж, эцгээ хайх аянд мордоно. Телемах Афины ивээгч тэнгэр “Багш” (Mentor) хэмээх хүний сайн зөвлөгөөний ачаар энэ шийдвэрт хүрнэ. Орчин цагийн англи хэлний mentor хэмээх үг чухам эндээс үүдэлтэй. Телемах эцгийгээ хайнгаа өөрийн насанд хүрч, бие хүн болж төлөвших арга замыг эрэлхийлнэ. Энэ аян замдаа тэрээр хөрш Пилос улсын Нестор хаан, Спартагийн Менелай нартай танилцах бөгөөд тэд Телемахыг Грекийн нийгмийн хэм хэмжээтэй танилцуулна. Түүнчлэн эцэг нь ямар хүн байсныг, өөрөө ямар хүн болох хүсэлтэйгээ Телемах тэдний ачаар олж мэднэ. Эцэстээ энэ аяллын (заримдаа үүнийг “шилжилтийн зан үйл” ч гэдэг) ачаар Телемах хорин хоёрдугаар дэвтэр эхэд нь санаархсан эрчүүдийг эцгийнхээ хамтаар хөнөөж, орон гэртээ эзэн сууна.
Гётегээс өмнөх төлөвшлийн романы өөр нэг алдартай жишээ бол Вольтерын Кандид (1759) юм. Угтаа Гёте энэ романыг мэддэг төдийгүй биширдэг байжээ. Кандид зохиолд дээр дурдсан төлөвшлийн романы ерөнхий элементүүд бүгд бий. Гэхдээ энэхүү хөгжилтэй, ёжтой романы гол дүр зохиолын төгсгөл хүртэл ямар ч ахиц дэвшил үзүүлэхгүй. Энэ утгаараа, Кандидыг угтаа төлөвшлийн романыг элэглэж егөөдсөн бүтээл гэлтэй. Учир нь гол дүр Кандид хэзээ ямагт Панглосс багшаасаа хараат байх бөгөөд чухам үүнээс болж амьдралдаа хэзээд бүтэлгүйтдэг.
Бусдаас хамааралгүйгээр, бие даан бодож шийдэж чадахгүй байх нь хувь хүнд ч, нийгэмд ч ахиц дэвшил авчрахгүй.
Вольтер бүх амьдралаараа болон энэ романаараа үүний л эсрэг тэмцсэн ажээ.
Англи хэлээрх төлөвшлийн романы уламжлалыг ерөнхийд нь авч үзэх аваас, энэ төрлийн хамгийн сод жишээ нь Чарльз Диккенсийн "Дэвид Копперфильд" (1849) болов уу. "Дэвид Копперфильд" романаараа Чарльз Диккенс, Гётегийн “Вильгельм Мейстерийн суралцсан он жилүүд”-тэй бүтэц, санааны хувьд тун төстэй, англи “Bildungsroman” бичжээ. Гэхдээ "Дэвид Копперфильд" ерөнхий төлөв, нийгмийн дүрслэлийн хувьд илүү хар бараан юм. Тавь гаруй жил өнгөрч Соён гэгээрлийн эриний өөдрөг үзэл хэдийн арилжээ. Түүнчлэн хоёр романы аль аль нь биеэ даан боловсрол олж авах болон гол дүрийн хувь хүний хөгжилд төвлөрсөн байна. Эдгээр нь аль аль нь хагас намтарчилсан байдалтай. Диккенсийн тухайд овог нэрийн эхний үсгүүд нь гол дүрийнхтэйгээ таарна.
Америкийн тухайд, Марк Твений "Том Сойерын адал явдал" (1876) болон үүний үргэлжлэл "Хаклберри Финний адал явдал" (1884) XIX зууны төлөвшлийн романы хамгийн агуу жишээд тооцогддог. Гэвч уг хоёр бүтээл төлөвшлийн роман гэхээс илүүтэй хүүхэд ахуйн роман байж магад. Утга зохиолын эдгээр төрөл жанрын хамрах хүрээний тухайд зарим нэг ялгаа бий: Англи хэлээрх утга зохиолын ертөнцийн тухайд, “төлөвшлийн роман” гэдэгт хүүхэд ахуйн романаас авхуулаад өсвөр насны болон шинэхэн насан хүрэгчдийн гэх тодотголтой аливаа зохиолыг хамруулж ойлгодог. Насанд хүрэхүйн асуудлууд арьстны өвөрмөц онцлогтой холбоотой асуудлуудтай холилддог учир "Том Сойерын адал явдал" ба "Хаккберри Финний адал явдал" угтаа тун сонирхолтой жишээ: энэ л онцлог ХХ зуунд төлөвшлийн романы хожуу үеийн хөгжилд тун чухал зүйл болж хувирчээ. Энэ мэтээр уг төрөл жанрын олон жишээг дурдаж болох ч (жишээ нь, 1916 онд Жейс Жойсын бичсэн "Уран бүтээлчийн залуугийн хөрөг") төлөвшлийн романы түүхийг энд орхиод, уг жанрын өнөө цагийн хамаарал, сүүлийн үеийн жишээнүүдэд анхаарлаа хандуулъя.
Төлөвшлийн роман өнөө цагт
Эрт үеийн бусад төрөл жанраас ялгаатай нь төлөвшлийн роман хэзээ ч моодноос гарч байсангүй. Харин ч эсрэгээрээ, эрин зуун улирах тусам энэ төрөл улам бүр эрчээ авч, өнөө цагт урьд хожид хэзээ ч байгаагүйгээр олонд түгсэн гэж хэлж болно. Ж.Д.Сэлинжерийн 1945 онд бичсэн “Хөх тарианы харуул” роман анх хэвлэгдсэнээсээ хойш жилд дунджаар нэг сая хувь борлогдож Америкийн бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай номуудын нэгээр шалгарчээ. Өөр нэг алдартай жишээ гэвэл, 1960 онд хэвлэгдсэнээсээ хойш дэлхий даяар дөчин сая хувь борлогдсон Харпер Лийгийн “Гургалдайг хөнөөхүй” юм.
Үүний шалтгаан юу вэ? Төлөвшлийн эдгээр роман өнөөдөр яагаад ийм их амжилт олох болов?
Энэ асуултын хариулт нь өнөөгийн ертөнцөд өсөж том болно гэдэг зуу эсвэл хоёр зуун жилийн өмнөхөөс хэцүү болсонд оршино.
Яг л энэ шалтгаанаар төлөвшлийн роман өнөөдөр урьд урьдынхаасаа илүү ач холбогдолтой, чухал шаардлагатай болжээ.
Өнөөгийн залууст урьд өмнөхөөсөө хавьгүй илүү эрх чөлөө өгөгдсөн учир насанд хүрнэ гэдэг одоо үед улам бүр хэцүү болжээ. Гэхдээ эрх чөлөө нэмэгдсэнээр гаргах шийдвэрийн тоо, амжилт гаргах эсвэл бүтэлгүйтэх магадлал, цаашлаад стресс, дарамт нэмэгдэнэ. Залуу хүн эрх чөлөөтэй байх нь буруу гээгүйг ялгаж ойлгоно уу. Харин ч эсрэгээрээ. Гэхдээ тавигдах шаардлага нэмэгдэж, хүн үүнд сайтар бэлтгэлтэй байх хэрэгтэй болжээ.
Насанд хүрэх улам бүр бэрх болж буйн өөр нэг шалтгаан нь манай нийгмийн үнэт зүйлс үндсээрээ өөрчлөгдөж буйтай холбоотой. Урьд цагт “насанд хүрэх” гэдгийг мэргэн ухаан, харилцан бие биеэ хүндлэх, биеэ захирах чадвар зэрэг тодорхой ур чадварыг эзэмшихтэй холбоотой авч үздэг байв. Боловсролын тогтолцоо ч хүнийг үүнд хүргэхээр хичээдэг байлаа. Харин өнөөдөр сурталчилгаа, зурагтын нэвтрүүлгүүдийг үзэх аваас нийгмийн хамгийн чухал үнэт зүйл нь аз жаргал, сонирхолтой адал явдалтай амьдрал, бэлгийн хувьд дур татам байх чадвар (өөрөөр хэлбэл, аль болох урт удаан залуу хэвээр үлдэх) болж хувирсныг харж болно. Мэргэн ухаан, биеэ захирах чадвар зэрэг нь үнэ цэнгүй болсон гэсэн үг биш. Харин эдгээрийн дараалал, өдөр тутмын амьдрал дахь үнэлэмж өөрчлөгджээ. Тэгвэл насанд хүрч яах юм гэж асуух хүн гарч магадгүй л юм. Насанд хүрнэ гэдэг хөгширнө гэсэн үг. Таргалж, царай муутай болно, амьдрал уйтгартай болно гэсэн үг биш гэж үү?
Дүгнэлт
Товчхондоо, “насанд хүрнэ” гэдэг сүүлчийн хэдэн арван жилд улам бүр хэцүү, шаардлага өндөртэй, таагүй болжээ. Цаг хугацаа ч их шаардах болж: 25 нас гэдэг бол шинэ үеийн 18 нас гэж социологичид дүгнэж байна.
Төлөвшлийн роман бидэнд өсөж том хүн болохын зовлон бэрхшээл, хүнд сорилуудын тухай өгүүлдэг.
Энэ төрлийн зохиол бидэнд “насанд хүрнэ” гэдгийн учир утгыг, үүнээс зугтах аргагүйг ойлгуулдаг. Тийм ч учраас бидэнд өнөөдөр төлөвшлийн роман хэрэгтэй.
Лекцийг үзэх: