“Хэдэн мянган бээрийн цаана байгаа энэ хүүгийн амьдрал надад ямар хамаа байх билээ” гэж та бодож магадгүй. Та бүр залхаж гүйцэн уншилгүй орхисон ч байж болно. Би таны оронд байсан бол ийм захианд нэг их анхаарал хандуулахгүй ч байсан байж мэдэх юм. Надад ээж аавдаа ч юмуу, эсвэл хорвоо ертөнцөд ч юмуу бүү мэд, ямар ч байсан жаахан уур бухимдал төрөх үе байдаг байлаа. Таны түүх надад олон зүйлийг сургасан, энэ бүхнийг тоочих шаардлагагүй байх. Та өөрөө мэдэхгүй ч, миний төлөө хийсэн бүхэнд тань талархлаа илэрхийлэхийн тулд захидал бичихээр шийдсэн юм…”
Чанга тэврэн мэндчилсэн, таны найз Начо
Элена Алонсо Фрайле “Дууч Хөвгүүд”
Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакц Испанийн зохиолч Элена Алонсо Фрайлегийн “Дууч Хөвгүүд” номыг орчуулан гаргасан билээ. Номын зохиолч хүүхэд залуучуудад зориулсан хэд хэдэн роман, богино өгүүллэг туурвиж, олон ч шагнал хүртжээ. Тэрээр зохиол бичихийн хажуугаар найрал дууны чуулгад дуулдаг бөгөөд нөхрийн хамтаар (ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд) 2016 оноос Улаанбаатар хотноо амьдарч байна. Мөн Монсудар хэвлэлийн газраас орон орны утга зохиолын сор бүтээлүүдийг “Дэлхийн шилмэл өгүүллэгийн түүвэр” цувралаар хүргэж байгаа бөгөөд эл цувралын үргэлжлэл “Испани өгүүллэг, тууж” номд зохиолч Элена Алонсо Фрайле хамтран ажиллаж байна. Бид “Дууч хөвгүүд” номын зохиолчтой уулзаж шинэ номынх нь талаар ярилцлаа.
Юуны өмнө таны “Дууч Хөвгүүд” ном монгол хэлнээ орчуулагдан гарсанд баяр хүргэе. Монголын уншигчид энэ гайхалтай зохиолыг унших болсондоо баяртай байгаа бизээ. Миний хувьд гэвэл номын зураг чимэглэлд татагдан уншиж эхэлсэн ч уншсаны дараа, Амадеус шиг яг л торноосоо чөлөөлөгдсөн мэдрэмж авсан. Өөрийгөө тойруулаад барьчихдаг тэр тороо бид анзаардаггүй байх. Таны хүүхэд нас их сонирхолтой санагдаж байна. Та бага насаа хаана өнгөрүүлсэн талаар болон хүүхэд насныхаа дурсамжаас бидэнтэй хуваалцаач?
- Миний хүүхэд нас Испанийн Бильбао хэмээх аж үйлдвэрийн хотод өнгөрсөн. 1970-аад оны үед манай орон Франкогийн ноёрхол дор дэлхий ертөнцөөс тусгаарлагдмал байв. Хэдийгээр Испани улс ардчилсан тогтолцоонд шилжсэн ч хэт үндсэрхэг үзэл хэдэн арван жил үргэлжилсэн юм. Энэ бүхэн хүүхэд насны минь дурсамжинд, бүхий л амьдралд минь ч нөлөөлсөн болов уу. Би хэт үндсэрхэг үзлийн эсрэг байж дэлхийн бусад орнуудын хэл, соёлын талаар маш ихээр сонирхож, гүн гүнзгий ойлгохыг хичээдэг.
Бид хүүхэд насаа их хурдан мартчихдаг юм шиг надад санагддаг. Мэдрэмж бас дурсамжууд гээд л. Насанд хүрсэн хүн, мөн зохиолчийн хувьд хүүхдүүдэд зориулж бичнэ гэдэг, тэднийг ойлгоно гэдэг чухал хэдий ч туйлын амаргүй зүйл байх. Таны бодлоор хүүхдийн зохиол юугаараа онцлог, өөр вэ?
- Би хүүхэд болон залуусын унших ном зохиолд нэг их ялгаа зааг байхгүй гэж боддог. Жишээ нь Антуан де Сент-Экзюперигийн “Бяцхан хунтайж” ном хүүхдийн зохиол уу аль эсвэл томчуудад зориулсан уу гэдгийг хэлэхэд хэцүү шүү дээ. Бид үргэлж л хүүхдийн уран зохиолыг ямар нэгэн тусгай уншигчдад яг таг зориулсан мэтээр л боддог, ярьдаг.
“Хүүхдүүд” гэж тусгайлан ярих нь хүндэтгэл гэлээ ч тэд биднээс ялгаагүй уншиж байгаа зохиолоо ойлгож чадна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Миний бодлоор бид залуу уншигчдийг дутуу үнэлж болохгүй. Ном үргэлж уншигчийг сорьж байх хэрэгтэй гэж боддог. Хорвоо ертөнц болон өөрийнхөө тухай бодох, өөрчлөгдөх, өсөж том болох, хүн байх, аливаа юмсыг өөр өнцгөөс харах боломжийг ном бидэнд өгдөг шүү дээ. Хэдэн настай байх, хүүхэд эсвэл том хүн байх нь хамаагүй ном тийм л байх учиртай. Тиймээс ч уншигчид маань хэдэн настай байх нь хамаагүй зохиолчоос ч ийм чадваруудыг шаардана даа.
“Дууч Хөвгүүд” номын тухай бидэнд ярьж өгөөч?
- Энэ зохиолын үйл явдал хоёр өөр цаг үе, хоёр өөр газарт өрнөнө. Эцсийн мөчийг хүртэл өгүүлэх түүх маань өнгөрсөн ба одоод тус тусдаа өрнөх юм. Эхний түүхийг бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд 1930-аад онд Венийн найрал дууч хөвгүүдийн нэг байсан Густавын тухай юм. Дууч хөвгүүд дэлхийн II дайны үед Австралид аялан тоглолтоор явж байхад нь дайн эхэлж, түүнээс болж гэртээ харьж чадалгүй тэндээ бүрмөсөн үлдсэн юм. Харин нөгөө талд орчин цагт амтдарч буй Начогийн түүх байна. Мадридад амьдардаг энэ хүү аав, ээж нь шинэ сургуульд оруулснаас болж өөр дүүрэгт, өөр сургуульд дасаж өгөхгүй, найз нөхөдгүй ганцаардан, өөрийгөө бусдаас улам бүр тусгаарлахын зэрэгцээ энэ байдалтайгаа тэмцэж байдаг. Начо чөлөө заваараа Амадеус гэх дууч шувуундаа янз бүрийн аялгуу зааж өгч дуулж сургана. Нэгэн өдөр Густавын түүхийг сонссоноор олон асуудалд зоригтой хандах болж, өөрийгөө олж нээдэг. Густавын түүх Начод амьдралын хичээл болдог юм.
Энэ номыг дэлхийн хоёрдугаар дайны үеийн бодит үйл явдлаас сэдэвлэн бичсэн гэсэн шүү дээ. Та яагаад заавал энэ түүхийг бичих болов? Бас энэ тухай хэрхэн олж мэдсэн бэ?
- Миний ихэнх зохиолууд түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн, бодит үйл явдалтай холбоотой байдаг. Би түүхийн сэдэвт маш дуртай, тэр дундаа томоохон үйл явлуудын цаана нуугдан үлддэг олон сонирхолтой, хүмүүсийн тэр бүр мэддэггүй жижиг түүхүүдийг олж мэдэхийг хичээдэг. Нэгэн удаа Австралид Канберрагийн түүхийн музейд зочлох үеэр Венийн дууч хөвгүүдийн нутагтаа харьж чадалгүй үрчлэгдэн үлдсэн түүхийг олж сонсоод энэ зохиолыг бичих санаа анх төрсөн. Үнэндээ тэнд жижигхэн буланд цөөн хэдхэн мэдээлэл л байлаа. Бас энэ түүх, тэдгээр хөвгүүдийн хувь заяаг сонирхсон тийм ч олон хүн байгаагүй болов уу. Хөвгүүдийн тухай олж мэдсэн цөөн хэдэн хүн нь энэ түүхтэй ямар нэгэн сэжмээр холбоотой байсан юм л даа. Харин би энэ бүгдийг музейн тавиурт үхүүлэлгүй үргэлж дурсагдаж байгаасай гэж хүссэн учраас хүмүүст яримаар санагдсан хэрэг.
“Дууч хөвгүүд” ном 2015 онд Испанийн уран зохиолын “Ала Дельта” шагналыг хүртсэн. Энэ шагналын тухай, мөн чухам яагаад таны номд энэ шагналыг өгөх болсон талаар та юу хэлэх вэ?
- Испанийн тэргүүлэгч хэвлэлийн газруудаас хүүхэд, залуучуудад зориулсан шилдэг зохиол шалгаруулах үйл ажиллагааг жилд 4 удаа зохион байгуулдаг юм. “Ала Дельта” бол тэдгээрийн нэг. Энэ томоохон шагналуудыг Испанийн сургуулид болон номын сангууд сургалтын хөтөлбөрт аль зохиолыг оруулах вэ гэсэн шийдвэр дээр үндэслэн олгодог. Тэгэхээр “Дууч хөвгүүд” ном сургалтын хөтөлбөрт багтсанаар маш олон хүүхдүүдэд хүрсээр байгаа гэсэн үг. Шагнал авсны дараа жил нь Аргентинд ном маань гарсан. Зохиолчийн хувьд энэ бол маш том хариуцлага. Ямартаа ч зохиол маань илүү олон хүнд хүрч, өргөн хүрээг хамрах болсонд энэ шагналд ихэд талархдаг. Шүүгчдэд хамгийн их үнэлэгдсэн зүйл нь ихэнх хүүхдийн зохиолоос өөр, мөн өгүүлсэн түүх маань онцгой байсанд байгаа болов уу. Нөгөөтэйгүүр энэ номд хүүхэд, томчуудад ч ялгаагүй тулгардаг айдас, бэрхшээлийг өгүүлснээрээ онцлог хэмээн тодотгосон.
Начогийн Амадеус бол өхөөрдөм, бас гоёмсог торонд байдаг дууч бяцхан шувуухай. Анх түүнийг авч ирэхэд Начо үнэхээр дуулдаг үгүйд нь эргэлздэг. Энд ямар нэг адилтгал зүйрлэл бий юү?
- Дууч шувууд байгалийн өгөгдлөөрөө маш гоё дуулж чаддаг. Тэд зүгээр л дуулж чаддаг шувууд. Гэсэн ч би тэдгээр шувуудыг зүгээр нэг дуулдаггүй гэж бодох дуртай. Шувуудын аялгуулан, жиргэн дуулахыг сонссон хэн бүхэн амьдралын баяр жаргалыг мэдэрдэг. Номд гарч буй Амадеус маань дуу хоолойгоороо дамжуулан Начотой ярилцаж, ойлголцож чаддаг. Гэсэн ч тэр шувуу торонд байдаг, таны бодож байгаачлан энд номын гол санааг илэрхийлэх зүйрлэл бий. Начо ч бас шувуутайгаа адил торонд байгаа шүү дээ. Түүний энэ тор нь өөрийгөө бусдаас тусгаарлах, хүн бүхэнд л байдаг бусдыг буруу ойлгох, өөрийнхөө таамгаар дүгнэх хандлагууд юм. Зүрх зориггүй, хаалттай байдал, өдөр бүхэн бидний амьдралд тулгарч байдаг бэрхшээлүүд. Начо маань эцэст нь Амадеусыг торноос суллан гаргаж, хязгааргүйд дүүлэн нисэж одох хэсэг бий.
Бид энэ ертөнцөд ирж нийгэмд амьдарч эхэлсэн цагаасаа л хүнд хэцүү олон асуудал, бэрхшээлтэй нүүр тулдаг. Ганцаардаж, бусдад сэтгэлээ нээхээс зугтах үе бишгүй олон бий. Магад яг энэ цаг мөчид хэн нэгэн бууж өгөхийг хүсэж, өөр шиг нь ганцаардсан нэгэн, аль эсвэл анд нөхөр ч үгүй мэт санагдаж байж болох юм. Та тэдгээр залууст урам зориг өгөх ямар үгс хэлмээр байна?
- Миний зохиолд Начо сургуулиа сольсноос болж уйтгарлан, ганцаардаж хэн ч түүнтэй найзлахыг хүсэхгүй байгаа, ямартаа ч тэр ингэж л боддог. Ингэж харахыг хүссэн болохоор л тэгж хардаг. Үүний нөгөө талд гэр бүлээсээ хол, харь газар байгаа Густав байна. Начо түүний түүхээс их зүйлийг ойлгож, аливаа бэрхшээлийг даван туулах хүч тэнхээг авдаг. Энэ бол номын маань хамгийн чухал санаа. Үе үе бид эргэн тойрноо, бүх зүйлийг хар бараанаар хардаг. Үнэн хэрэгтээ энэ бүхэн нүдээ хангалттай сайн нээж, юмсыг томоор, уужуу тайвнаар хараагүйгээс л болдог юм шүү.
Таны номд өөрийн тань амьдралын түүх бий юу? Би таныг найрал дууны дуучин байсан гэж сонссон. Дуулах, дуу хөгжим танд ямар мэдрэмж өгдөг вэ?
- Зохиолд өөртэй минь холбоотой зүйлс мэдээж бий. Миний бодлоор бүх л зохиолчид ном зохиолдоо өөрийнхөө тухай их бага хэмжээгээр бичдэг байх. Бид юу мэддэг вэ, надад юу тохиолдсон бэ, бидэнд чухам юу хүч тэнхээ өгдөг вэ, тэр тухайгаа л бичдэг. Бид үүнийгээ уран зохиолоор халхалдаг. Дууч Хөвгүүд номд би хэд хэдэн удаа гол санаагаа давтан өгүүлсэн. Өнгөрөн одсон хэн нэгний түүх өөр нэгэнд хэрхэн нөлөөлж байна вэ? Надад ч хүнд хэцүүтэй нүүр тулсан он жилүүд бий. Өсөж төрсөн орчин, өөртөө үргэлж хамаатай хэмээн бодсоор ирсэн газраасаа бид явахаас өөр аргагүй болдог. Түүнчлэн хөгжим, найрал дуу, хийдэг зүйлсийн минь тухай ч бий. Өдөр бүр л ганцаараа суугаад ажилладаг зохиолч хүний хувьд найрал дуунд дуулах нь хүмүүстэй нээлттэй харилцах, өөрийгөө нээх, тусгаарлагдмал байдлаасаа гарах, зөвхөн өөрийнхөө бодол, хүсэл, айдас дундаа хоригдохоос чөлөөлөгдөх боломжийг надад өгсөн.
Дуулах надад нээлттэй цонх шиг, эрх чөлөөтэй ийм л мэдрэмжийг өгдөг.
Энэ номыг уншиж суухад надад маш их таалагдсан нэг хэсэг бий. Густавыг аялалд гарахад ээж нь түүнд “Солонго, харваж буй оддын хувьд улс орон, хил хязгаар хамаагүй. Тэд бүх газар адилхан гэрэлтэнэ” гэж хэлдэг. Энэ сайхан үгсийн талаар та юу хэлэх вэ?
- Дэлхийн хаанаас ч нэг л янзаар, бүгдээрээ харж чадах зүйлст би хайртай. Яагаад гэвэл энэ бүхэн бидэнд харь холын оронд юу болж буй тухай бодох хязгааргүй төсөөлөл өгдөг. Мөн хүмүүс бид заримдаа өөрсдийн зохиосон хил хязгаар гэгч зүйлээсээ болж ямар өөдгүйгээр нэг нэгэндээ зэрлэг балмад хандаж, өрсөлдөж арсалдаж байдгийг ч сануулдаг. Энэ бол миний дахин давтан өгүүлсэн бас нэгэн чухал санаа юм. Би хувьдаа гэр орон, төрсөн нутгийн талаар их бодож тунгаадаг. Ялангуяа над шиг хоёр иргэншилтэй, өсөж төрсөн газраасаа хол хэдэн арван жил болсон, өдөр бүр гурван өөр хэлээр ярьдаг хүний хувьд энэ бол бичих, сонирхох сэдэв юм даа.
Хамгийн сүүлийн асуулт, хүүхэд насандаа уншсан хамгийн сайхан ном болон хамгийн дуртай хүүхдийн зохиолчоо нэрлээч?
- Хүүхэд насандаа уншсан олон гайхалтай зохиолууд дундаас нэгийг нь онцгойлон хэл гэвэл намайг үнэхээр догдлуулсан нэг ном бий. Магад уншиж байхдаа уйлсаар байснаас болсон байх. Тэр нь Эдмондо дэ Амикисийн, XIX зууны үеийн Италийн сонгодог зохиол Зүрх (Cuore). Магадгүй орчин цагт энэ зохиолыг хэт нялуун, цайлган л гэх байх. Энэ зохиолын нэг хэсгээс сэдэвлэн 1970-аад онд Японы Аниме (Marco Haha wo Tazunete Sanzen Ri) цуврал гарч байлаа. Энэ номд Италиас Аргентин хүртэл ээжийгээ хайн аяласан зоригт бяцхан итали хүүгийн тухай өгүүлдэг. Таны харж байгаагаар би аль эртнээс л энэ мэт урт холын аялал, хайртай бүхнээсээ холдсон хүүхэд насны ганцаардлын тухай бодож энэ бүх түүхүүдэд дурласан.
Ном, зохиол байгаа цагт бид бүгд хэчнээн азтай вэ. Таны номдоо бичсэнчлэн ямар нэгэн хил хязгаар, аль ч орны туг далбаа уран зохиолд хамаагүй. Бид номоор дамжуулан хаана ч очиж, хэнтэй ч уулзаж болно. Энэ бүхэн биднийг хүн байлгаж, нэгнээ ойлгоход тусалдаг шүү дээ. Энэ удаа бид Начо, Густав хоёртой уулзах нь. Танд маш их баярлалаа. Сайхан бүхнийг хүсье.
"Дууч хөвгүүд" номын подкастыг ЭНД ДАРЖ сонсоорой.
Монсудар хэвлэлийн газар Жангар хүүхдийн номын редакц