Мэдээлэл

Оросын уран зохиолын алтан үе

Монсудар хэвлэлийн газар-аас зохион байгуулж буй "Соён гэгээрлийн өдрүүд" арга хэмжээний хүрээнд анх удаа уншигчдын дунд Оросын уран зохиолын алтан үе сэдвээр "BOOK QUIZ" буюу асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Оросын уран зохиолын алтан үеийн тухай тоймлон хүргэж байна. 

Оросын түүхэнд “Алтан үе” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн XIX зуун бол ард түмний амьдралд эрс шинэчлэл, өөрчлөлтийг авчирсан цаг үе байлаа. Францын эзлэн түрэмгийллийн эсрэг хийсэн 1812 оны дайн, 1825 оны декабристуудын бослого, 1862 оны хаант засгийн эрхийг хязгаарласан үйл явдал гээд олон нийтийн үзэл санааг үндсээр нь өөрчилсөн, орос орны соёлын хөгжил, чиг хандлагыг тодорхойлсон чухал үйл явдлууд чухам энэ үед болсон билээ. Эх орны дайнд ялалт байгуулсан нь оросын ард түмэнд эх оронч үзэл төлөвшүүлж, эх нутаг газар шорооныхоо төлөө амиа огоорон тэмцэхийн утга учир үнэ цэнийг ойлгуулж, ирээдүйгээ өөрснөө шийдэх асар их итгэлийг тэдэнд хайрлажээ. 

Тухайн цаг үед дайны сэдэвтэй зохиол бүтээлүүд ихээр төрсний нэг нь Толстойн Дайн ба энх хэмээх агуу зохиол юм. Декабристуудын хөдөлгөөн ард түмний сэтгэлзүй, үзэл бодолд улам хүчтэй нөлөөлөх болов. Үр дүнд нь уламжлалт, хуучинсаг байр суурьтай хаант засаг боловсролын тал дээр шинэчлэл хийж, боловсрол олж авах боломжийг зөвхөн дээдсийн хүрээгээр хязгаарлах бус, эгэл ард, нийгмийн доод давхаргад ч хүртээмжтэй болгосон байна. Өөрөөр хэлбэл нэгдүгээр Александрын үед бага сургууль, дунд сургууль, бэлтгэл сургууль, их сургууль гэсэн дөрвөн шатлалт боловсролын систем бий болсон юм. Тариачин, худалдаачин зэрэг нийгмийн бүхий л давхаргын хүүхдүүд бичиг үсэгт суралцан, улмаар хаант засгийн эрхийг хязгаарласан 1861 онд л гэхэд ард түмний бичиг үсэг тайлагдсан байдал 7-22 хувь болтлоо өсчээ.

Ард түмний мэдлэгийн түвшин дээшилж, байгалийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухааны чухал нээлтүүд хийгдсэн нь мөн л энэ цаг үед хамаарагдана. Физикийн ухаанд В.В.Петров, Э.Х.Ленц, химийн ухаанд Д.М.Менделеев, Н.Н.Зинин, биологийн ухаанд Н.И.Пирогов, Н.Ф.Склифосовский гэх мэт олон арван эрдэмтэд төрж байв. Энэхүү үсрэнгүй хөгжил, тэсрэлтүүд хөгжим, уран зураг, театрын салбарыг ч тойрсонгүй. Дэлхийн сонгодог урлагийн шидээвэр бүтээлүүд болох Чайковскийн Хунт нуурНойрсож буй гүнжШелкунчик балетууд, симфони оркестрын бүтээлүүд үзэгчдийн мэлмийг баясгаж сонорыг мялааж, бүхий л дэлхий К.П.Брюллов, И.Е.Репин, В.И.Суриков нарын зэрэг Оросын алдартай уран зураачдын өнгө дүрслэлийн өмнө алмайран мэхийж байлаа. Санктпетербург хотын Марийнский театр, Москва хотын Малый, Большой театрууд ч чухам энэ л үедүүд хаалгаа нээсэн билээ. Тэгэхээр соёлын хөгжлийн толь болох уран зохиолын салбарт ч энэ мэт тэсрэлтүүд нөлөөлсөн нь дамжиггүй. Магадгүй эсрэгээрээ уран зохиол өөрөө энэхүү тэсрэлтийн галыг өрдсөн ч байхыг үгүйсгэхгүй.

XIX зууны Оросын уран зохиол бол өмнөх үеэсээ улбаатай, сонгодог уран зохиолын, агуу зохиолчдын эрин байлаа. Энэ үеийн хамгийн чухал төлөөлөгч нь А.С.Пушкин болой. Түүнийг оросын уран зохиолын хэлийг үндэслэгч хэмээн өргөмжилдөг нь хоосон хөөрөгдсөн зүйл биш. Цаашлаад Н.В.Гоголь, Ф.М.Достоевский, Л.Н.Толстой, М.Ю.Лермонтов, И.С.Тургенев, А.П.Чехов зэрэг гарамгай зохиолчдын нэрс хөвөрнө.

XIX зууны эхэн үед оросын уран зохиолд, ялангуяа яруу найрагт сентиментализм, романтизм ид мандаж байв. Үүний гол тулгуур багана нь Пушкины шүлгүүд байсан ч гэлээ К.Н.Батюшков, ах дүү Баратынский, В.А.Жуковский зэрэг яруу найрагчдын уран бүтээлүүдийг ч дурдах хэрэгтэй. Пушкины хувьд 1820 онд Руслан Людмила хоёр найраглалаар уран зохиолын гараагаа эхлүүлж байв. Түүний Хүрэл хөшөө (Медный всадник1833), Бахчисарайн оргилолт булагЦыганууд зэрэг найраглалаар Оросын романтизмын мод нахиалсан гэж үздэг. Хожим алдар нэр нь мандсан олон зохиолч, найрагчид тухайн үедээ Пушкиныг багшаа хэмээн өргөмжилдөг байлаа. Тэдний нэг нь М.Ю.Лермонтов бөгөөд Банди (Мцыри), Албин (Демон) зэрэг найраглалаар нь та бид танина. Тэр үеийн найрагчид өөрсдийн дуу хоолойг төр засагт хүргэж түүгээрээ нийгмийн асуудалд нөлөөлнө гэдэгтээ бат нот итгэдэг байсныг Пушкины Зөнч (Пророк), Эрх чөлөө (Вольность), Найрагч, бөөгнөрөгсөд (Поэт и толпа), мөн Лермонтовын Найрагчийн үхэлд (На смерть поэта) зэрэг бүтээлүүд гэрчилнэ. Пушкины Евгений Онегин найраглалыг тухайн үеийн Орос орны амьдралыг тольдон харуулсан чухал бүтээлд тооцдог. Нийгмийн үнэт зүйл, ордны ихэс дээдсийн амьдрал, ард түмний ахуйг уг бүтээлээс харж болно. Тэр үед В.Скотт нарын зэрэг англи зохиолчдын түүхэн романууд ихээр орчуулагдан, түгэн дэлгэрч байсны ачаар Ахмадын охин тууж бичигдсэн гэдэг. Тэрээр Пугачевын бослогын түүхэн үйл явдлыг сайтар судалсны үндсэн дээр улс төрийн шинжтэй, төр засагт хандсан дээрх туужаа бүтээсэн юм.

Яруу найргаас гадна үргэлжилсэн үгийн зохиол ч асар хурдтай хөгжиж эхэллээ. XIX зууны үргэлжилсэн үгийн зохиол бүтээлүүдийн өнгө аясыг Пушкин, Гоголь нар тодорхойлж байв. XVIII зууны уран зохиолд нийгэм, улс төрийн шинж чанартай егөө зохиолууд голчилж байснаас гадна ёгтолж егөөдсөн хошин (сатир) хэв маягийг элэглэлтэй хослуулсан бүтээлүүд ч цөөнгүй гарав. Бэлээхэн жишээгээр Гоголийн Хамар өгүүллэг, Салтыков-Щедриний Головлевын ноёд (Господа Головлевы), Нэгэн хотын түүх (История одного города) зэрэг романуудыг нэрлэж болно. Гоголийн Амьгүй албатууд романд амьгүй албатуудыг худалдан авдаг луйварчин эр, түүнийг хүрээлж буй нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүсийн дүрийг ёгтлон үзүүлсэн байдаг. Ревизор ч мөн яг л ийм хошин маягаар, Орос орны нийгмийн бодит байдлыг хүүрнэсэн байдаг. Үүнээс гадна тухайн цаг үеийн нийгэм дэх дүрүүдийг маш тод дүрсэлсэн нь Пушкины Евгений Онегин романы “илүү хүн” болоод Гоголийн Шинель зохиолын “жижиг хүн”-ий дүрүүд юм.

XIX зууны дунд үеэс сентиментализм, романтизмын хүч суларч реалист уран зохиол орыг нь эзэлсэн бөгөөд энэ нь нэгдүгээр Николай хааны үеийн Оросын нийгэм улс төрийн хүнд нөхцөл байдалтай холбоотой. Хаант засгийн хямрал учир замбараагаа алдаж, төр засаг эгэл ардын хоорондох зөрчил улам бүр хурцадсаар нийгэм, улс төрийн асуудлыг хөндөх хэрэгцээ шаардлагаас реалист уран зохиол үүсэх нөхцөл аяндаа бий болжээ. Уран зохиолын шүүмж бичигч В.Г.Белинский шинэ реалист урсгалын чиг хандлагыг тодорхойлон гаргаж, түүний үйл хэргийг Н.А.Добролюбов, Н.Г.Чернышевский нар үргэлжлүүлэв. Барууны үзэлтнүүд болон үндэсний үзэлтнүүдийн Оросын түүхэн хөгжлийн цаашдын асуудлаар санал зөрөлдөх болов. Тургенев, Достоевский, Толстой, Гончаров тэргүүтэй зохиолчид нийгэм, улс төр, философийн асуудлуудыг хөндсөн реализмын төлөөлөл болж байсан бол XIX зууны сүүлийн хагаст Н.С.Лесков, А.Н.Островский, А.П.Чехов нар залгамжлан гарч ирэв. Эдгээрээс Чехов л гэхэд богино өгүүллэг, жүжгийн хэтийдсэн авьяастан билээ. Тэд зохиол бүтээлдээ хүнлэг үзэл санаа, эрх чөлөө, эх оронч байдал, оршихуйн утга учир гэх мэт нийгэм болоод хувь хүний философийн чухал асуудлуудыг хөндөж байлаа.

Оросын уран зохиолын алтан үеийн төлөөлөгчид нийгмийн ёс суртахуун, хүний мөн чанар, ёсзүйн хэм хэмжээ, үнэт зүйлсийг сэрээж,нийгмийн оюун санааг дархлаажуулан, үнэн мөний зөв зам руу нь чиглүүлсэн юм. Ингээд бодохоор XIX зуун Оросын түүүхэнд төдийгүй нийт хүн төрөлхтний түүхэнд ч арвин их хөгжил дэвшлийг авчирсан итгэлийн зуун байв.

Харин Октябрийн хувьсгалын өмнөхөн, XIX зууны төгсгөл үе ирэхэд мөнөөх хөгжин цэцэглэлт маань хүлээзнэсэн, тодорхойгүй уур амьсгалтай болж реалист уран зохиол аажмаар бүдгэрч мистицизм, шашинлаг байдал, нийгэм улс төрийн шилжилтийг мэдрэх гэсэн анир чимээгүй нөмөрч энэ бүхэн эцэстээ символизм руу хазайсан байна. Үүнээс Оросын уран зохиолын өөр нэгэн шинэ хуудас эхэлсэн билээ. 

Номын мэдээлэл хүлээн авах