Мэдээлэл

Маурис Сендак: Хэлэх гэж буй зүйл чинь ҮНЭН л бол хүүхдэд тэр бүхнийг ярих хэрэгтэй.​


“Нэг жаахан хүү надад зурсан зургаа илгээсэн байлаа. Би хүүхэд бүрт хариу бичдэг, заримдаа яаруу сандруу бичнэ. Харин тэр хүүгийн зураг маш их таалагдсан учир цаг гарган мангасынхаа зургийг зурж, “Хонгор Жим минь, чиний зурсан зураг надад маш гоё санагдлаа’’ гэж бичээд илгээсэн юм. 

Хэсэг хугацааны дараа хүүгийн ээжээс захидал ирлээ. “Хүүд маань таны зураг маш их таалагдсан, тэгээд бүр идчихсэн шүү” гэсэн байв. Тэр бол амьдралдаа авч байсан хамгийн том магтаал, шагнал минь байсан юм... Маурес Сендак өөрийн гараар зурж явуулсан зураг гэх мэт зүйлс хүүд огт сонин биш байна шүү дээ. Зураг хүүд их таалагдсан, тэгээд бүр идчихсэн...”

1963 онд  хэвлэгдэн гарсан цагаасаа олон орны хүүхдүүдийн хайртай ном болсон “Мангасуудын оронд” номын зураач, зохиогч Маурис Сендак 1928 оны 6 сарын 10-нд Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт төржээ. Түүний эцэг эх нь Польшийн еврейчүүд байлаа. Тэрээр төсөөллийн зах хязгааргүй ертөнцөөрөө уншигчдыг аялуулсан ер бусын зохиолч билээ. 

Түүний хүүхэд нас уй гашуу, зовлон зүдгүүрээр дүүрэн байв. Дайны үед гэр бүл, хайртай дотны олон хүнийг нь нацистын бөөнөөр хорих лагерт хядаж, үхэл, хагацалтай хар багаасаа нүүр тулжээ. Бие султай хүүхэд байсан болохоор ихэнхдээ ном уншиж, зураг зуран гэрээс гаралгүй өдрийг өнгөрүүлж, цонхоороо л гадаах ертөнцийг хардаг байлаа. Харин 12 настайдаа Уолт Диснейн “Фантазиа”хүүхэлдэйн киног үзээд л хүүхдийн ном бүтээхээр эргэлт буцалтгүй шийдсэн аж.

Сендакийн номууд бол түүний хүүхэд насны тусгал юм. Анх хүүхдүүдэд зориулан зурж, бичиж эхлэхдээ тэрээр хэзээ ч цэцэгс, алтан нар, солонгоны зурагтай  ном бүтээхгүй гэж өөртөө амлажээ. Яагаад гэвэл энэ чинь жинхэнэ амьдрал биш шүү дээ гэж хэлдэг байв.

1948 онд залуу Сендак ахынхаа хамт үлгэрийн сэдэвт гар урлалын модон тоглоом хийдэг F.A.O. гэх компанид ажиллахаар очив. Тэр компани ах дүү хоёрыг тоглоом урлах ажилд аваагүй ч Сендакийн бүтээлч байдлыг ихэд үнэлжээ. Сендак энд гурван жилийн турш дэлгүүрийн шилэн хорго чимэглэх ажил хийнгээ Нью-Йоркийн урлагийн сургуульд суралцав.

1950 он түүний хувьд уран бүтээлээр арвин жил байлаа. Тэрээр 50 гаруй ном бүтээжээ. “Мангасуудын оронд”, дараа нь “Шөнийг гал тогоонд” ном гарлаа. Уг номд гардаг нүцгэн хүүгийн зургаас болж хориотой зохиолын жагсаалтад хэд хэдэн ч удаа орж байв. Мөн “Мангасуудын оронд” номыг олон эцэг эхчүүд хүүхдэдээ уншуулахаас татгалзаж, хэтэрхий аймаар хэмээн шүүмжилж байлаа. Гэвч энэ бүхэн түүний бүтээн туурвих хүслийг унтраасангүй. 

"Мангасуудын оронд" номын зураг.

Би солиотой гэдгээ мэднэ.  Ухаантан гэж огт хэлэхгүй. Гэхдээ би өөрийнхөө номуудыг сайн гэдгийг мэднэ. Хүн болгон миний номонд дуртай байдаггүй л дээ. Би хүн бүхэнд эсвэл хэн нэгэнд зориулж ном бүтээдэггүй.’’

Сендакийн хамгийн алдартай номууд нь  Мангасуудын оронд, Шөнийн гал тогоонд, Үл таних газарт, Бамбл Арди номууд бөгөөд эдгээр номуудыг Монсудар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр монгол уншигчдадаа хүргэсэн билээ. 1983 онд Мангасуудын оронд зохиолоор дуурь хийсэн төдийгүй тэрээр өөрөө ч олон дуурийн зохиолчоор ажилласан юм. 


“Мангасуудын оронд” ном эхлээд “Зэрлэг морьдын нутагт” нэртэй байжээ. Номын редактор Урсула Нордстром энэ нэрэнд маш дуртай байсан ч зураач маань  морь зурж чадахгүй байлаа. Сендак энэ тухайгаа Урсулад хэлэхэд тэр “Маурис чи юуг хамгийн сайн зурж чадах вэ ?’’ гэж нухацтай асуусан аж.  Сендак хариуд нь Юмсби ямар нэг юм л сайн зурж чадна гэсэн гэдэг. Тэгээд л том араа шүдтэй, үслэг амьтдыг зурсан нь тэр. 

Энэ номын дүрүүдийг Сендак төрөл садан, гэр бүлийнхнээсээ сэдэвлэн зуржээ. Араа шүд нь арзайсан, хурц саварт тэдгээр найзууд нь бүгд бодит дүрүүд бөгөөд анхандаа еврей нэртэй байсан ч номондоо тэднийг нэргүй хэвлэжээ. 

1981 онд хэвлэгдсэн “Үл таних газарт номд аав нь далайн аялалд гарч, ээж нь завгүй байх хооронд дүүгээ харж байсан Ида охин хэсэг зуур тоглох зуур цонхоор нь орж ирсэн чөтгөрүүд дүүг нь эхнэрээ болгохоор хулгайлан одож, Ида охин дүүгийнхээ араас зориг гарган очиж аварч буй тухай өгүүлдэг. Энэ номыг зохиогч 1932 онд хулгайлагдаж амиа алдсан, алдарт нисгэгч Чарьлз Линдбергийн хүүгийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Энэ явдал болох үед Сендак жаахан байсан ч радиогоор сонссон энэхүү аймшигт түүхийг хэзээ ч мартаагүй гэдэг. 

Дэлхийн хоёрдугаар дайны үед хүүхэд байсан тэрээр өдөр бүр ээжийнхээ гуниглан уйлдгийг, гэрийнхэн нь үргэлж дотны хэн нэгэн нас барсан тухай ярилцдаг байсныг санадаг. Тэдний дотор олон ч хүүхдүүд байжээ. Түүний ихэнх номд аюул занал, аймшигт зүйлстэй нүүр тулж, гэхдээ амьд гарч байгаа хүүхдүүдийн тухай өгүүлдэг. 

Сендакийг багад нь эгч нь л харж асардаг байсан аж. Дүүтэй болоод хэцүү санагдах үе хүүхэд бүхэнд л байдаг. Энэ бүхэн Сендакийн зохиолд туссан гэж зарим шүүмжлэгч судлаачид үздэг.


Хүүхдийн зохиолын ертөнцөд үеийн үед дурсагдаж, уншигдсаар байх гайхамшигт зохиолч 2012 оны 5 сарын 8-нд 83 насандаа таалал төгсчээ. 

Тэр олон шагнал хүртэж байсны дунд АНУ-ын Конгрессийн номын сангийн хүндэт шагнал, Хамгийн өвөрмөц, шилдэг хүүхдийн номд олгодог Калдекоттын шагнал зэргийг онцлон дурьдаж болно. “Тайм” сэтгүүл түүнийг Хүүхдийн номын Пикассо хэмээн өргөмжилсөн юм. 

Гэрэл гэгээ, аз жаргал бялхаж, цэцэг навч, эрвээхийгээр дүүрсэн хүүхдийн бусад номуудаас Сендакийн бараан, дүнсгэр зураг дүрслэлүүд эрс ялгардаг. Тэрээр амьдралаас хол, гоёчилсон, үлгэр жишээ сайн хүүхдүүдийг биш, бодит амьдрал дээрх хүүхдүүдийг байгаагаар нь харуулдаг юм.

Маурис Сендакийн хэлсэн онцлох  эшлэлүүд 

* Томчууд үргэлж хүүхдүүдийг өөрсдөөсөө ялгаж ярьдагт би дургүй. “Тэрийг ч хүүхдэд  хэлж болохгүй, энийг ч ярьж  болохгүй’’ гэсэн зааг ялгаа огт үгүй. Хэлэх гэж буй зүйл чинь хэрэв ҮНЭН л бол хүүхдэд тэр бүхнийг ярих хэрэгтэй. 

*  Миний жинхэнэ бурхан хэн болохыг мэдэх үү? Юуны түрүүнд Эмили Дикинсон тэгээд Моцарт, Шекспир, Китс... хүнд хэцүү, бачуурмаар амьдралыг туулахад хамт байсан бурхдууд минь. 

*  Чөтгөр аваг, цахим номыг  би үзэн яддаг.  Тэр бол бидний ирээдүй огтхон ч биш, магадгүй тийм цаг ирвэл би үхчихсэн байх болохоор хамаа алга. 

* Яг одоо би хамарны тухай шүлэг бичиж байна. Үргэлж л бичихийг хүсдэг байлаа. Хачин сэдэв л дээ. Би залуудаа гүн гүнзгий утга санаа илэрхийлээгүй зүйл бичихээс санаа зовдог байсан юм.  Одоо бол бичнэ ээ. Санаа зовох юм огт алга. Ер нь ямар хамаа байна аа. 

* Хүн бүр бага насаа цав цагаан үүлстэй цэлмэг тэнгэрийн доор аз жаргал дүүрэн өнгөрүүлдэг гэвэл шал худал. Хүүхэд нас бол тун хэцүү үе шүү дээ. Ямар нэг зүйл буруудах л юм бол, ер нь ч ихэнх хийсэн зүйлс дандаа л бурууддаг  даа, тэр бүхний гэм бурууг  хүүхэд заавал хүлээж, гэмших болдог шүү дээ. 

* Энэ бол урлаг. Бид үнэнийг, бодит амьдралыг  гоёчилж, элдэв өнгөөр будаж болохгүй шүү дээ.  Өөрийнхөө амьдралаар л амьдар.

* Хөгшрөнө гэдэг сайхан юмаа. Хийж бүтээх, унших, хөгжим сонсох цаг завтай байна гэдэг юутай сайхан.  Надад одоо юу ч байхгүй, гэхдээ л би энэ амьдралаа магтан дуулна.  Би аз жаргалтай байна. Хүмүүсийг үгүйлэн санаж уйлах минь элбэг. Тэд маань энэ хорвоогоос явсаар л байна, гэтэл надад хийж чадах зүйл алга. Намайг орхин одоход нь тэднийгээ урьдынхаасаа ч илүү хайрлах юм. Хамгийн аймшигтай зүйл бол хагацал юм даа...

* Энэ амьдрал харагдаж байгаагаасаа ч илүү баялаг. 

* Хэрэв би хүүтэй байсан бол охинтой  болохыг л цаглашгүй ихээр хүсэх байлаа. Охин бол надад зураг зурж өгнө, бүх зүйлд тусална. Охидын учрыг олоход илүү ярвигтай л даа.  Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү, ямар ч эргэлзээгүй. Бид зүгээр л энэ тухай бодох, хүлээн зөвшөөрөх дургүй.  Ялангуяа эрчүүд!  Би бүх насаараа л охинтой болохыг мөрөөдлөө дөө. 

* Бид хүүхдийг эмзэг, сул дорой гэж боддог ч тэд хатуужил тэвчээртэй, тийм ч байх учиртай. Томчууд тэднийг үргэлж л эвийлж хөөрхийлдөг ч юу нь үнэн, юу нь бодит биш вэ гэдгээ тэд ялгаж салгаж чадна. Бэлгэдэл, зүйрлэл бүгдийг ойлгоно. Биднээс ялгаатай нь илүү дэггүй, эмх замбараагүй л байх. Нас биед хүрэхээр л амьдрал хог новшоор дүүрч эхэлдэг... 

* Хүүхдүүд бодит байдал, төсөөллийн ертөнцийн аль алинд нь амьдарч чаддаг. Нэгээс нөгөө  рүү нь  маш амархан шилжиж чадна гээч. Гэвч бид тийм байсан үеээ мартчих юм. 

* Хүүхдүүд над руу захидал их бичдэг. Үнэнийг хэлэхэд тэд аав ээжээсээ ч илүү надад итгэдэг юм...

* Хүүхдүүд бэстселлер гэж юу болохыг мэдэхгүй, өөрсдөдөө сайхан санагдсаныг л уншина. Олны танилуудын араас хөөж  гүйхгүй. Тийм болохоор л би тэдэнд хайртай.

Номын мэдээлэл хүлээн авах