Лев Толстойн Иван Ильичийн үхэл ба Элис Манрогийн Сайн бүсгүйн хайр
Монсудар хэвлэлийн газраас утга зохиол судлаачид, уншигч сонирхогчдод зориулж утга зохиолын мэдлэг олгох лекцийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад бид өмнө дурдсан ёсоор “Уран зохиол дахь үхэл” сэдвээр лекцээ үргэлжлүүлж байна.
Үхэл бол хүний амьдралд зайлшгүй ирэх хувь тавилан. Латинаар “conditio humana” буюу “хүний амьдралын мөн чанар” хэмээн нэрлэдэг тэр зүйлсийн, өөрөөр хэлбэл цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүний зайлшгүй туулж гардаг тэр зүйлсийн нэг нь үхэл юм.
Тиймээс ч уран зохиол анх үүссэн тэр цагаас эхлэн үхлийн тухай сэдэв байнга яригдаж ирсэнд гайхах зүйлгүй. Өнөөдөр ч уран зохиол юу юунаас илүүтэй үхлийн тухай өгүүлж байна. Ийм өргөн хүрээтэй сэдвийг цор ганц лекцэд багтаан бүрэн дүүрэн өгүүлэх боломжгүй учир энэ удаад “уран зохиол дахь үхэл”-ийг Лев Толстойн Иван Ильичийн үхэл, Элис Манрогийн Сайн бүсгүйн хайр хэмээх хоёр зохиолоор хязгаарлан авч үзэхээр шийдлээ.
Зэрвэс харахад энэ хоёр ном өөр хоорондоо тун ялгаатай мэт санагдана. Юун түрүүнд энэ хоёр бүтээл хэвлэгдсэн цаг хугацааны хувьд 112 жилийн зайтай.
Түүнчлэн нэгийг нь XIX зууны Оросын язгууртан эр бичсэн бол, нөгөөг нь XX зууны ажилчин ангиас гаралтай канад бүсгүй хүүрнэжээ. Толстойн зохиол бүрэн тайлалтай, хоёрдмол утгагүй “хаалттай” шинжтэй бол Манрогийн тууж эсрэгээрээ яаж ч тайлж болохуйц “нээлттэй” төгсгөлтэйн дээр зохиолч зориуд хоёрдмол, тодорхойгүй уур амьсгал үүсгэхийн тулд бичлэгийн олон техник ашигласан байна. Үүнээс гадна уг хоёр зохиолын үхлийг авч үзэх өнцөг ч өөр: Толстой туужаа нас барж буй хүний өнцгөөс хүүрнэсэн бол Манро тухайн нас барж буй дүрээс гадна түүний эргэн тойрон дахь бусад дүрүүдэд төвлөрчээ.
Өөрөөр хэлбэл, Толстой үхлийг “хувь хүний туршлага” гэдэг утгаар нь авч үзсэн бол Манро үүнийг “нийгмийн үйл явц” гэж харсан аж.
Гэхдээ энэ хоёр зохиолд нийтлэг шинж ч бий: уг туужууд хоёул “сэтгэлзүйн реализм” хэмээх уран зохиолын хамгийн түгээмэл хэв маягаар бичигджээ.
Одоо Толстой, Манро хоёрын зохиолоос бид үхлийн талаар юу мэдэж авч болохыг хэлэлцье.
Лев Толстой – Иван Ильичийн үхэл (1886)
Иван Ильичийн үхэл тууждаа, Толстой хэнээс ч дутахгүй гэр бүл, орон байртайгаас гадна ажилдаа ч амжилт олж буй дээд шүүхийн шүүгчийн тухай өгүүлнэ. Үе үе эхнэртэйгээ ам мурийдаг хэдий ч эцэстээ эвлэрч эв эеэ олдог энэ эрийн хүсэл мөрөөдөл өнөөгийн ихэнх хүнийхтэй адил: ажилдаа амжилт гаргая, гэр бүлтэй болъё, сайхан орон байр авъя, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, хүндлэгдье гэсэн тийм л мөрөөдөл гол дүрд маань бий. Иван Ильич энэ бүх мөрөөдөлдөө хүрч, гомдоллох зүйлгүй сайхан амьдарч байлаа. Үгүйдээ л тэр өөрийгөө зөв амьдарсан гэж бодож байв.
Гэвч шинэ байрандаа хөшиг хийх гэж байгаад шатан дээрээс унаснаар энэ бүхэн орвонгоороо эргэнэ. Эхэндээ ач холбогдол өгөхгүй байхыг хичээсэн ч хажуу хавиргаар нь хатгуулж өвдөх нь улам нэмэгдсээр, удалгүй Иван Ильич гэр бүлийнхэндээ уурлаж уцаарлаж эхэлнэ. Эцэстээ эхнэр нь түүнийг эмчид үзүүл гэж ятгах ч эмч өвчний эх сурвалжийг оноож хэлж чадахгүй. Улмаар Иван Ильичийн өвчин улам бүр даамжирч, эдгэрэхгүй гэдэг нь тодорхой болно.
Иван Ильич өвчнөө илаарьшуулахаар элдэв арга хэрэглэх ч, өвчин нь улам ужгирсаар, гол дүр маань гарцаагүй үхэлтэй нүүр тулна. Энэ үед л Иван Ильич хувиа хичээн утга учиргүй амьдарч ирснээ ойлгоно. Зарц Элиас, хүү хоёроос нь өөр хэн ч түүнийг тоож үзэхгүй байгааг ч тэр анзаарна. Өнгөрүүлсэн амьдралдаа гүнээ харамсаж, гутарч гуньсан Иван Ильич, амьсгал хураах мөчдөө л өршөөл, хайрыг цухас мэдэрч үхлээ хүлээн зөвшөөрдөг.
Толстой энэ туужаа бичихээсээ хэдэн жилийн өмнө язгууртны тансаг амьдралын хэв маягаас татгалзаж, христийн шашны ёс зүйг баримтлан тариачин хүн шиг эгэл даруу амьдрахаар шийджээ.
Тиймээс ч уг туужийн шашны утга агуулга бүхий төгсгөл уншигчийг төдий л цочирдуулахгүй болов уу. Толстой хэдий христийн шашинд итгэсэн ч христийн сүмийн тухайд тун шүүмжлэлтэй ханддаг нэгэн байлаа. “Сэхээрэл” (Воскресение) романаа хэвлүүлснийх нь дараа, Оросын Үнэн алдартны сүм Толстойн зохиолуудыг хориглож байв.
Иван Ильич өвчин хийгээд хувь тавилантайгаа хэрхэн тэмцэж буйг Толстой сэтгэлийн гүндээ хүртэл мэдэрсэн юм уу гэмээр өгүүлжээ. Уг туужийн энэ л хэсгүүд уншигчдад хамгийн гүн сэтгэгдэл төрүүлдэг. Иван Ильич өвчин, үхэл хоёртойгоо тэмцэх зуур түүнд төрсөн сэтгэл хөдлөл бүрийг Толстой нарийн тодорхой өгүүлсэн нь үнэхээр ер бусын ажээ. Уг дүрслэл дэх “реализм”-ыг сайтар ойлгохын тулд “танатологи” буюу үхэлтэй холбоотой сэтгэлзүйн судалгааны салбарын тухай товч өгүүлэх хэрэгтэй.
Танатологи хэмээх судалгааны энэ салбарыг Шведийн сэтгэл судлаач Элизабет Кюблер-Росс анх үүсгэжээ. Тэрээр 1969 онд бичсэн “Үхэх хийгээд үхлийн тухай” (On Death and Dying) хэмээх номдоо нас барж буй 200 хүнтэй хийсэн ярилцлагын үр дүнг судлаад, нас барж буй ихэнх хүн сэтгэл зүйн хувьд дараах таван үе шатыг туулдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна:
Элизабет Кюблер-Россын ном нэлээдгүй маргаан дагуулжээ. Энэ таван үе шат заавал тохиолдох албагүй, түүнчлэн тохиолдлоо ч заавал энэ дарааллаар байх ёстой биш. Үүнээс гадна нас барж буй хүн нэг сэтгэл хөдлөлөөс нөгөө рүү маш хурдан хувьсдаг, мэдрэмж нь нэлээд холимог шинжтэй учир эдгээр үе шатыг нарийн тодорхойлоход бэрхшээлтэй гэдгийг ч энд дурдах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн хэдэн жилд Элизабет Кюблер-Россын судалгааны ихэнх нь батлагдсан. Эдгэршгүй өвчин туссан ихэнх өвчтөн “Элизабет Кюблер-Россын загвар”-ын нэг болон түүнээс дээш тооны үе шатыг туулдаг.
Энэхүү номоос бүтэн зууны өмнө хэвлэн нийтлэгдсэн Толстойн Иван Ильичийн үхэл туужийн гол дүр эдгээр үе шатыг бүгдийг нь дарааллаар нь туулдаг нь зохиолчийг гайхалтай сэтгэлзүйч гэдгийг батлах мэт.
Уншигч та уг туужийг уншихдаа Иван Ильич “Элизабет Кюблер-Россын загвар”-ын яг аль шатанд байгааг тодорхойлох гээд үзээрэй.
Элис Манро – Сайн бүсгүйн хайр (1998)
Сайн бүсгүйн хайр тууж “сэтгэлзүйн реализм” хэмээх жанрын хил хязгаарыг сорьсон бүтээл юм. Дүрүүдийн дүрслэл яах аргагүй реалист хэв маягтай авч ерөнхий хүүрнэл нь цоорхой, оньсого ихтэй бөгөөд эдгээрийг уншигч өөрийн төсөөллөөрөө дүүргэх, тайлах хэрэгтэй болно.
Канадын жижиг тосгоны гурван хөвгүүн уг тосгоны шүдний эмч ноён Виллэнсийн цогцсыг олсноор туужийн үйл явдал эхэлнэ. Цогцос голд живсэн машин дотор олдсон бөгөөд осол болсон мэт харагдах аж. Үүний дараа уншигч хөвгүүд, тэдний гэр бүл, тосгоны нийгмийн байдлын тухай мэдэж авна. Эхний бүлгийн дараа, хүүрнэл хүнд өвчтэй хүмүүсийг гэрт нь асардаг Энид хэмээх залуу бүсгүй рүү шилжинэ. Энидийн одоогийн өвчтөн нь ховор тохиодог бөөрний өвчнөөр нас барж буй 27 настай хатагтай Күйн хэмээх хүүхэн аж. Хоёр хүүхэдтэй энэ хүүхний нөхөр ноён Күйн, Энидтэй нэг ангид хамт сурч байжээ. Ноён Күйн, Энид хоёр бага багаар бие биедээ дасаж дотносно. Нас барж буй залуу бүсгүй буюу хатагтай Күйн энэ харилцааг мэдэрч, нөхрөө хардаж эхэлнэ. Тэрээр нас барахынхаа өмнөхөн Энидэд хандан, шүдний эмч угтаа автомашины ослоор үхээгүй гэж хэлнэ. Хатагтай Күйний ярьснаар бол, талийгч шүдний эмч хатагтай Күйнийг хүчирхийлдэг байсан бөгөөд энэ хэрэг явдлыг мэдсэн ноён Күйн шүдний эмчийг хөнөөсөн ажээ. Энэ түүх үнэн гэж үү? Эсвэл хатагтай Күйн дургүйцэж атаархсандаа, нас барсных нь дараа ноён Күйн Энидтэй амрагийн харилцаа тогтоолгүй шоронд ороосой гэсэндээ ийнхүү зохиож ярьсан гэж үү? Үүнд туужийн гол асуудал оршино...
Гэхдээ энэ асуудал бидний хувьд тийм ч чухал биш. Харин Манро хатагтай Күйнийг, ялангуяа түүнийг асарч буй Энид бүсгүйг хэрхэн дүрсэлсэн нь илүү чухал.
Нэг талаас, нас барж буй аливаа хүнийг бид хүндэлж, энэрч, асрах ёстой гэдэг нь тодорхой. Нөгөөтээгүүр, нас барж буй хүн бүр сайн хүн байх албагүй гэдэг нь ч ойлгомжтой. Бид заримдаа ухамсартайгаар эсвэл өөрийн мэдэлгүй тухайн хүнийг бушуухан үхээсэй гэж хүсдэг. Энэ хүсэл бидэнд маш их дарамт үүсгэдэг; Энидэд ч мөн тийм байсан нь гарцаагүй. Гарчигт дурдсан “сайн бүсгүй” Энид амьдралдаа анх удаа өвчтөнийхөө зан байдалд дургүйцэж, бие махбодыг нь жигшсэн гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно. Гэтэл тэр өмнө нь нас барж буй олон тооны хүнийг асарч, өөрийгөө “сувилагч байх одонд төрсөн хүн” гэж үздэг нэгэн шүү дээ.
Үхнэ гэдэг зөвхөн тухайн нас барж буй хүнд ч бус, эргэн тойрны бусад хүнд ч ялгаагүй шаналал авчирдаг оршихуйн асуудал юм гэдгийг Сайн бүсгүйн хайр тууж энэхүү зөрчлөөрөө тодорхой харуулжээ. Бид тухайн нас барж буй хүнд хайртай учир, түүний битгий үхээсэй гэж хүссэн учир, түүнгүйгээр амьдрахыг хүсээгүй учир ингэж шаналдаг байж болно. Түүнчлэн нас барж буй хүнийг асарна гэдэг тун хэцүү ажил бөгөөд гэр бүл, ойр дотнын хүмүүст ихээхэн чирэгдэл учруулдаг учир бид үүнээс зайлсхийдэг ч байж магад. Ялангуяа тухайн хүний нас барах үйл явц удаан үргэлжилж, эргэн тойрны хүмүүс нь тухайн хүн хоёрдмол хандлагатай байх үед энэхүү мэдрэмж илүү тод мэдрэгддэг. Үхэл бол зөвхөн хувь хүний оршихуйн асуудал биш, харин түүний гэр бүл, нөхөд, улмаар нийгмийн хувьд томоохон сорил юм.
Мишель де Монтень 1580 онд “Философийг судална гэдэг бол хэрхэн үхэхийг олж мэднэ гэсэн үг” хэмээх гарчигтай алдарт эсээгээ бичжээ. Энэ эсээндээ тэр “үхэл бол амьдралын нэг хэсэг юм, бид хэдий энэ тухай бодохгүй байхыг хичээдэг хэдий ч угтаа эрт орой хэзээ нэгэн цагт үхэлтэй гарцаагүй нүүр тулах нь ойлгомжтой учир үхэлд бэлэн байх хэрэгтэй” гэсэн санааг дэвшүүлсэн байна.
Философийн чиглэлээр суралцахаар төлөвлөөгүй болон зөвхөн философи судлах нь хангалтгүй гэж боддог аливаа хүн бидний энд хэлэлцсэн Толстой, Манро нарын зохиолуудыг судалж гараагаа эхэлж болох юм.
Нэмэлт:
Өнөөдрийн сэдэвтэй холбоогүй хэдий ч Иван Ильичийн үхэл туужид тун сонирхолтой олон бэлгэдэл байдгийн гурвыг нь энд авч үзье.
А. Зохиолд Иван Ильич шатнаас унадаг. Гэхдээ тэр яг энэ мөчид ажил мэргэжлийн замналынхаа шатаас ч мөн унадаг. Иван Ильич шинэ байраа засаж байгаад шатнаас унадаг бөгөөд тэрхүү засвар чимэглэл нь, өөрөөр хэлбэл Толстойн өнгөц, үзэмжийн төдий гэж үзсэн, харин Иван Ильичийн хувьд тун чухал санагдсан тэрхүү зүйл эцэстээ гол дүрийг үхэлд хөтөлнө.
Б. Бид өнгөрсөн удаад “бичвэр хоорондын хамаарал”-ын талаар өгүүлсэн. Уг туужид ч Библи судартай холбоотой хэдэн хэдэн холбоо хамаарал бий. 1) Тууж арван хоёр бүлэгтэй. Арван хоёрын тоо христийн шашинд чухал бэлгэдлийн утгатай бөгөөд арван хоёр дагалдагч, Израилийн арван хоёр овог гэх мэтийг дурдаж болно. 2) Иван Ильич нас барахаасаа өмнө гурван хоногийн турш орилдог. Гурван хоног гэдэг бол Есүс загалмайд цовдлуулан нас бараад эргэж амилах хүртэл өнгөрсөн хугацаа юм. 3) “Иван” хэмээх нэр угтаа англи хэлтний “Жон” хэмээх нэрийн орос хувилбар болно. Еврей хэлээр энэхүү нэр нь “Бурхан бол энэрэнгүй” гэсэн утга илэрхийлдэг.
В. Иван Ильич дээд шүүхийн шүүгч билээ. Кафкагийн Шүүх ажиллагаа (Der Process), Камюгийн “Уналт” (La Chute) зэрэг зохиолын нэгэн адилаар энд шүүхийг ёс суртахууны гэмшил, хүн зөв амьдарсан эсэх тухай асуултын зүйрлэл болгож ашигласан ажээ. Шүүгч Иван Ильич бүхий л амьдралынхаа туршид бусдын амьдралыг шүүн тунгааж ирсэн бол харин одоо нас барна гэдгээ ойлгосныхоо дараа өөрийгөө шүүн тунгаах цаг нь иржээ.
Монсудар хэвлэлийн газраас уншигч та бүхэндээ зориулж буй энэхүү утга зохиолын цуврал лекц энэ удаад уран зохиол дахь үхэл монгол хэлнээ орчуулагдан гарсан хоёр сор бүтээл болох Л.Н.Толстойн Иван Ильичийн үхэл, Элис Манрогийн Сайн бүсгүйн хайр зохиолуудад хэрхэн дүрслэгдсэнийг жишээ болгон авч үзэв. Уншигч та цаашид “уран зохиол дахь үхэл” хэмээх энэхүү ойлголтыг уншиж буй бүтээлээсээ анзаарч, номоос авах таашаалдаа шинэ өнгө нэмэх буй за.
Монсудар редакц