Үзэгчид танхимд орж ирэхэд л жүжигчид “Тронка чи гэр бүлээ ичгэвтэр байдалд орууллаа”, “Коолхааст агтыг нь буцааж өг”, “Тийм ээ, би бол хөгийн амьтан” хэмээн энд тэндээс хашгирч байлаа. Энэ бол Германы нэрт зохиолч Хайнрих фон Клайстын "Михаэль Коолхаас" туужаар СУИС-ийн театр урлагийн сургууль болон ХБНГУ-ын Эрнст Бушийн нэрэмжит Театрын сургуультай хамтран найруулан тавьж буй орчин үеийн драмын жүжиг билээ. Энэ жүжигт эхлэл гэж байсангүй, үзэгчид хүссэн суудалдаа сууж үйл явдалд шууд татагдан оролцож эхлэв. Биеээрээ дүүрэн текст бичсэн Хайнрих фон Клайст үзэгчдийн дундуур явж зохиолоо газар дээр нь бичиж, дүрүүдтэйгээ чөлөөтэй харилцаж, зарим үед дүрүүд нь зохиолчдоо нөлөөлж, түүнийг элдэн хөөх ажээ.
Михаэль Коолхаас туужийн хувьд зохиолч “Төр өөрийг нь хамгаалахаас татгалзсан тохиолдолд хувь иргэн юу хийж чадах вэ? Өөрийг нь илүү эрх мэдэлтнүүдээс хамгаалах учиртай хуулийг авилгач эрх мэдэлтнүүд захирч байвал хувь иргэн ямар байдалд орох вэ? Ёс суртахуун, шүүхийн шударга бус явдлыг нийгэм аль хэр хүлцэн тэвчиж чадах вэ?” гэсэн асуултуудад хариулт өгчээ. Клайстын "Михаэль Коолхаас" туужид өгүүлснээс илүү авилгач, шүүхийн тогтолцооны хөнөөл, хор уршгийн жишээг бид хаанаас харах билээ.
Жүжгийн дараа нийт багт (найруулагч, жүжигчид, хөгжимчид, зураач г.м) цөөн хэдэн асуулт тавих боломж олдсон юм.
Энэ пост драм уу?
- Тийм ээ, энэ пост драм.
Пост драм мөн гэдгийг нь яаж нотолж байгаа хэрэг вэ?
- Учир нь пост драмын хамгийн тулгуур ойлголт, томъёолол бол ямар нэг томъёолол байхгүй. Юунд ч баригдахгүй чөлөөтэй байхдаа л байдаг. Бусад бүхий л төрөл жанр постмодерн ч бай, классизм ч бай, реализм гээд бүгдээс нь авч, бүхий л элементийг нь хольж нэгтгэн нэг бүтээлд зангидаж чадаж байгаа нь пост драм мөн гэдгийн гол нотолгоо нь болох болов уу.
Найруулагчаас асуухад энэ бүтээл үү, эсвэл туршилт уу? Ингэхэд яг хэдэн найруулагч ажилласан болчихоод байна?
- Тийм ээ, энэ бол бидний бүтээл. Гэхдээ тавилт болгон дээр туршилт байсан гэж хэлнэ, яриангүй тийм. Бидний тоглолтоо тавьсан байдлын ихэнх нь Брехтийн арга барилыг ашигласан гэж хэлж болно. Брехт бол пост драма төрлийн эцэг. Гэвч Брехтийн араас өөр олон хүмүүс гарч ирж улам сайжруулж төгөлдөржүүлсээр байгаа. Жишээ нь жүжигт тавигдаж буй хоор тавилтууд дээр Брехтийг ашигласан. Гэхдээ би ажиллахдаа яг Брехтийнх шиг бөөнөөр нь, хоороор нь нэг зүйл хийлгэх нь дэндүү хоцрогдсон арга барил гэж үзсэн. Тийм ч учраас эхний тоглолтуудын дараа энэ талаар багштайгаа их удаан ярилцсан. Бүгд нэг зүйлийг хийх биш өөр өөр зүйлийг хийж байгаа нь надад арай шинэлэг санагдсан.
- Бид бүгд нэг баг болоод хүн болгон өөрөө нэгээс хоёр сцен авч найруулсан юм л даа. Тиймээс энд ажиллаж байгаа 13 хүн, бүгд найруулагчаар ажилласан гэсэн үг. Товчхондоо бол өөр өөр найруулагчийн ажилласан олон хэсэг бүлэг найруулгыг нэгтгэж нэг бүтэн жүжиг болгон тавьсан гэж ойлгож болно.
- Мөн бид хоорын аргачлалыг бүх ажиллагаан дээр ашиглаж ажилласан. Энэ жүжигт ажилласан найруулагч, жүжигчид, зураач, хөгжимчид өөр өөрийн үүрэгтэй оролцож байгаа боловч үүрэг, ач холбогдолын хувьд ямар нэг эрэмбэ зиндаа, найруулагчийн дарамт, зарчим гэж байсангүй. Бид жүжигээ хорь гаруй хэсэгт хуваан хүн бүр нэгээс хоёр хэсэг хариуцаж аваад өөрсдөө найруулга хийсэн. Бидэнд Хайнрих фон Клайстын «Михэль Коолхаас» гэж тууж байсан. Энэхүү туужийг бид өөр өөрийнхөө ойлгож хүлээж авснаар тус тусдаа найруулан тавьсан гэсэн үг. Тиймээс ямар нэг ойлголтын хувьд хүрэх ёстой цэг гэж байсангүй, та яаж ойлгосон тэр л таны хувьд чухал болохоос зөв буруу гэж байхгүй гэсэн санаа.
Зохиол дээрээ хэрхэн ажилласан бэ? Эх зохиолын талаар... ?
- Эх зохиолын хувьд мэдээж дэлхийн шилдэг бүтээл шүү дээ. Бүгд уншиж үзээд зохиолыг тайзнаа амьдруулахын хувьд ахин шинээр бичсэн гэж хэлж болно. Өөр өөрийн ойлгосноороо найруулан тавьсан ч гэж хэлж болно.
- Энэ туужийг уншаад энэ жүжгийг тавих явцад би уран бүтээлчийн эрх чөлөөг л маш их мэдэрсэн. Нэг зүйлд баригдаагүй. Юу илэрхийлмээр байна түүнийгээ л бид илэрхийлсэн, ингэж ажиллах надад маш сайхан байлаа.
Нэг талаар абсурд ч гэж хэлж болохоор тавилт, сценүүд байлаа, энэ талаар юу хэлэх вэ?
- Хэрэв үзэж байхад ойлгомжгүй санагдах, сценүүд тайзны дээр доор хэсэгт зэрэг явагдах, давхцах, хоёр талд зэрэг анхаарлаа хандуулж чадахгүй үеүүд үзэгчдэд байсан байх. Бид албаар ийм шийдлээр хийсэн юм. Анх орж ирэхэд л тойрог болгон зассан суудлын чухам хаана суухаа үзэгчид шийдэж, мөн давхцаж буй сцений алийг нь үзэхээ ч өөрөө сонгож байгаа юм. Энэ бол үзэгчид энэхүү жүжгийн нэг хэсэг байж өөрөө хүссэн зүйлээ сонгож үзэх эрх чөлөө юм.
- Энэхүү жүжиг СУИС болон Театрын урлагийн сургуульд шинэ уур амьсгал, шинэ арга барилыг авч ирсэн. Коолхаас туужийн хувьд бол үнэхээр өөр, шинэлэг санаа байсан. Зохиол бидэнд хүссэнээрээ тоглох эрх чөлөөг өгөх шиг л болсон. Анх зохиолоо уншаад л бид автсан гэж хэлж болно.
Германы нэрт зохиолч Хайнрих фон Клайстын "Михаэль Коолхаас" тууж ийнхүү тайзнаа амжилттай тавигдлаа. Уг тууж Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Утга зохиол” цувралын тэргүүн дэвтэр болон гарсан билээ. Хэрэв та энэхүү туужыг бүрэн эхээр нь уншиж танилцах, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.