Францын утга зохиолын ертөнцөд тэрслүү хөгшин хэмээн нэрлэгддэг Мишель Уэльбекийн анхны роман болох “Тулааны талбарын тэлэлт” монгол уншигчдад хүрээд удаагүй байгаа билээ. Өөрийн амьдралын хэв маяг, бичиглэлийн ур чадвар, үзэл бодлоороо үргэлж этгээд сонин гэж хэлж болохуйц өнгө аясыг бий болгож, өнөөгийн нийгмийн хийгээд хүний мөн чанарыг уншигчдад хошигнол, өдөөн хатгагалгаар чадварлаг хүргэдэг түүний 2015 онд “Submission” (Хүлцэл) номоо гаргаад удаагүй байхдаа өгсөн нэгэн ярилцлагыг тоймлон хүргэж байна. Уг ярилцлагаас та Мишель Уэльбекийн бусад зохиолуудтай танилцаж, зохиолчийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болох болно.
Мишель Уэльбекийн 2015 онд бичсэн Хүлцэл номд Франц улсыг муслимууд удирдах болсон цаг үеийн талаар өгүүлдэг. Энэ ном дөнгөж гарахтай зэрэгцэн Мухаммедийг элэглэн зурснаас үүдэн Шарли Эбдо сэтгүүлийн байранд халдлага болсон байдаг нь тун ч хачирхалтай.
Тиймээс шинэ номоосоо болж халдлагад өртөх вий хэмээн зохиолчийг 24 цагийн цагдаагийн хамгаалалтанд авсан билээ. Тэр үнэхээр эмэгтэйчүүд, муслимуудыг үзэн ядагч уу? Эсвэл зүгээр өдөөн хатгагч юм болов уу?
Цаг үргэлж түүнтэй хамт байх болсон энгийн хувцастай цагдаагийн ажилтны хамт орчин цагийн Францын цуутай зохиолчдын нэг Мишель Уэльбек Парис дахь ажлын байрандаа гэлдэрсээр ирлээ. Загварыг эсэргүүцэгч тэрслүү хөгшин Уэльбек шагайгаар нь татсан хэтэрхий богино дүүжин өмд, энгэр нь задгай куртик, хөлд эвтэйхэн гутал, бүх зүйлээ, мэдээж байнга татдаг Филипп Моррисын тамхиа ч марталгүй хийж явдаг хар үүргэвч үүрчээ. Тамхины бохиноос болж шарласан долоовор болон дунд хуруу зэрэг нь чимээгүй, өөр ертөнцийн гэж болох мэдрэмжийг улам бүр нэмэгдүүлж байв.
2015 оны I сард Шарли Эбдо сэтгүүлийн байранд болсон халдлагаас хойш цагдаагийн хамгаалалттай явах болсон зохиолч “Бусдаас тусгаарлагдах минь улам нэмэгдсэн. Хийх ёстойгоо л хийхээс өөр зүйлгүй. Нийгмийн амьдрал гэж үгүй болсон доо.” гэж өнөөгийн нөхцөл байдлынхаа талаар хүүрнэв.
Францын орчин үеийн утга зохиолын арьсыг мэс заслын хутгаар сийчигч, хүн төрөлхтнийг үзэн ядагч 59 настай Уэльбекийн бүтээлүүд олон улсын бэстселлэр болсон хэдий ч, зохиолчийн өөрийнх нь дүр энэ алдраас дутахгүй аварга эд билээ.
Эгэл бөөмс-ийн хиппи нарциссизм (биеэ хэт дөвийлгөх үзэл)-д хийсэн өнгөн зүсэлтээс Тавцан зохиол дахь цуутай секс аялал, терроризм, хожим Францын утга зохиолын тэргүүн шагнал Prix Concourt-ыг 2010 онд хүртсэн, урлагийн ертөнцийг уналтыг харуулсан Газрын зураг, Нутаг дэвсгэр зэрэг нь цөм гарсан даруйдаа үндэсний хэмжээнд шуугиан дэгдээж чадсан. Гэхдээ эдгээр зохиолуудын аль нь ч энэ долоо хоногт англи хэл дээр хэвлэгдэн гарсан түүний шинэхэн роман болох Хүлцэл шиг шуурга дэгдээж чадаагүй. Энэхүү роман Уэльбекийн уур хилэн, нихилист үзлийн нийлбэр болон бүтээгдсэн юм.
Романы үйл явдал 2022 оны Франц улсад өрнөнө. Социалист ерөнхийлөгч Франсуа Олландын төрийн эрх барьж байх II хагаст үймээн дэгдэж, уугуул хүн амыг хэт дээдлэх үзэлтнүүд, ислам шашинт залуучууд гал дээр тос нэмнэ... Францын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн шатанд хэт барууны үзэлтэн Марин Ле Пен, шинээр үүссэн “Муслим ахан дүүс” намаас нэр дэвшиж буй Мухаммед Бен Аббестай өрсөлдөх болдог. Ле Пенийг төрийн эрхэнд гаргах хүсэлгүй томоохон намуудын дэмжлэгийг авсан Бен Аббес илт давуу ялалт байгуулж, эмх журам дахин тогтоно. Исламын хуулийг мөрдүүлэх болж, олон эхнэртэй байх хууль батлагдав. Эмэгтэйчүүдийг гивлүүр зүүхийг тулгаж, ажил хийхийг нь хориглосноор, толгойн өвчин болоод байсан ажилгүйдэл огцом буурлаа. Зохиолын гол баатрыг Франсуа гэх агаад дунд эргэм насны, хоосон академич. Түүний амьдрал нь ерөнхийдөө мөнгө төлж секс хийх, оюутнуудаа шохоорхох гэсэн хоёр зүйл дээр тогтдог бөгөөд исламын шашинд орох уу, эсвэл энэ хэвээрээ үлдэх үү гэдэг эргэлзээтэй тулгардаг.
Энэхүү шуугиан тарьсан зохиол I сарын 7-нд хэвлэгдэхэд, Францыг айдас нөмөрсөн юм. 8 цаг 20 минутад Уэльбек өглөөний радио нэвтрүүлгээр өөрийн номын талаар урт гэгчийн ярилцлага өгч байлаа. Муслимуудыг үзэн ядах үзлийг дэвэргэсэн гэх зохиол нь хэвлэгдэхийн яг өмнөх ярилцлагаар түүнээс 2002 онд Исламын шашныг “Хамгийн утгагүй шашин” гэж байсан талаар нь асуухад, “Би Коран судрыг уншиж үзээд бодлоо өөрчилсөн, ойлгож болохоор шашин гэж бодож байгаа” хэмээн хариулсан юм. Хэдхэн цагийн дараа ах дүү хоёр Францын долоо хоног тутмын шог сэтгүүл Шарли Эбдогийн байранд нэвтрэн орж, зөнч Мухаммедийг шоглон зурсаных нь төлөө 12 хүнийг хороосон юм. Үүн дотор Францын хамгийн шилдэг шог зураач ч байлаа. Үүний дараа гудамжинд тэднийг зогсоох гэж оролдсон Ислам шашинт цагдааг ч мөн хөнөөжээ. Хорчгор Нострадамус Рамадан баярт бэлтгэж буйгаар Уэльбекийг дүрсэлсэн зураг яг тэр өглөө Шарли Эбдо сэтгүүлийн эхний нүүрэнд хэвлэгдэж байжээ.
Хэдийгээр Уэльбекийн ном хэвлэгдсэн өдөр энэхүү харамсалтай зүйл болсон нь цэвэр тохиолдлын шинж чанартай ч гэсэн хэд хэдэн үйл явдлуудтай түүнийг хүзүү сээрээр нь холбосон юм.
Дараагийн өдөр нь Ерөнхий сайд Мануел Валлс өөрийнхөө ойлгосноор зүтгэн, ард түмнийг турхиран: “Франц бол Мишель Уэльбек биш. Үл тэвчих явдал, үзэн ядалт, айдас биш” хэмээн энгийн Ислам шашинтнууд руу заналтайгаар чичиж байлаа. Зохиолч маань номын сурталчилгаагаа зогсоож, бүгэх болжээ.
Бид V дугаар сард ярилцсаныхаа дараа түүний номыг Британид хэвлэгдэхээс өмнө буюу VIII дугаар сард дахин уулзахаар товлосон юм. Гэвч тухайн үед тэр Лэ Мондтой муудалцчихсан байсан учир түүний талаар нэг ч үг дурдмааргүй байна гэсэн юм. Парист уулзахад Уэльбек тамхиа асааж, нэгэнтээ гүнзгий сороод “Би гэртээ байлаа. Хэвлэлийн компаниас дуудлага ирж, харин харилцуурын цаадах эмэгтэй айсан байсан.” гэж халдлагын талаар өгүүлсэн юм.
Өөрийнх нь хэлснээр бага татвар төлөхийн тулд Ирландад 10 жил амьдарсныхаа дараа 2012 онд тэр “францаар ярихын тулд” Францад буцаж ирэв.
Одоо тэрбээр Парисын XIII мужийн хятад ажилчид голчлон амьдардаг, онцгойлох зүйлгүй дүүрэгт амар тайван аж төрж байна. Түүний гэр нь ч мөн даруухан, өөд болсон Шотланд Клементийн зургийг өлгөж, хүүхэд ахуйн чихмэл тоглоомуудаараа номын сангаа чимжээ.
Халдлагын дараа террористуудын дайралтад өртөж болзошгүй эрсдэлтэй хүмүүсийн нэрсийг гаргаж цагдаагийн хамгаалалтанд авсан юм. Хэдийгээр Уэльбек өөрөө хүсээгүй ч хэвлэлийн агент нь цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар одоо тэрбээр хамгаалалтанд байгаа аж.
Ном, сэтгүүл, мэдээллийн хэрэгслээр хэдэн сар шуугисан “Исламын шашин өөрөө Франц улсад нүүрлээд буй аюул занал мөн үү?” хэмээх асуултын оройд нь “Хүлцэл” роман байсан юм.
Баримтат бүтээл төрөлд нийтлэлч Эрик Цэммоурын Le Suicide français (Франц амиа хорлолт) ном тэргүүлж, сая сая муслимууд улс орныг маань колоничлож, өөрчилж байна, тэднийг нутаг буцаах хэрэгтэй хэмээн ухуулж байв. Цэммоурыг уншаагүй ч гэсэн Уэльбек Ислам нам төрийн эрхийг гартаа авч буй дүрслэлээр гал дээр тос нэмсэн юм. Үнэндээ исламчууд нийт хүн амын цөөн хувийг л эзэлдэг шүү дээ.
Хэсэг шүүмжлэгчид Уэльбекийг “Хариуцлагагүй” хэмээн цоллодог. Мэдээллийн хэрэгслүүд түүнийг уучлал гуй хэмээн шаардаж байсан нь ч бий. Тэрбээр нэгэнтээ хэгжүүн хөндлөнгийн этгээдэд тооцогдож байсан бол, харин одоо Францын утга зохиолын хамгийн том “ханган нийлүүлэгч”, бурхан мэт байр суурьтай нэгэн хэмээн үнэлэгддэг. Зарим хүмүүс түүнийг одоо амьд буй хамгийн сод зохиолч – тиймээс түүний үг бүр нь үнэ цэнэтэй хэмээсэн нь ч бий. Гэхдээ тэр хариуцлагаас ямагт зайлсхийдэг.
“Хариуцлага хүлээх нь миний үүрэг биш. Албатай ч биш. Айдас бол уран зохиолын амттай алимуудын зөвхөн нэг нь юм.”
“Хүлцэл” дэх айдас Ислам нам төрийн толгойд гарахаас өмнөх хар бараан хүчирхийллээс эхэлдэг. Зохиолч албаар францчуудын айдас дээр тоглолт хийв үү?. Уэльбекийн хувьд зохиолч хүний ажил бол орчин үеийн нийгмийн мөн чанарыг тусгасан толийг барьж байх явдал юм.
Намайг түүнээс “Та тэдний хэлээд байгаа шиг исламуудыг үзэн яддаг юм уу?” гэж асуухад, Уэльбек “Би энэ талаар бараг боддоггүй. Магадгүй энэ удаад арай илүү бодсон ч байж магад” хэмээн тайвнаар хариулсан юм.
Тэр тамхиа соров. Удаан хугацаагаар дуугаа хураах, гараа энгэртээ зөрүүлсэн байдал зэрэг нь түүнтэй ярилцах үед хясааг хуягаас нь гаргаж байгаа юм шиг л мэдрэмж төрүүлдэг. Номоо сурталчилж буй бусад бүх зохиолчид шиг урьдчилан бэлдсэн текстээ нуршаад байдаггүй гэх юм уу даа.
- Та исламопобиатай юу?
- Магадгүй ээ, Хүн чинь юмнаас айж болдог юм байгаа биз дээ?
- Тэгэхээр, магадгүй исламопобиатай.
- Байж болно оо. Побиа гэдэг үг чинь үзэн ядалтыг биш, айдсыг илэрхийлдэг үг юм шүү дээ.
- Та яг юунаас нь айдаг юм бэ?
- Бүх зүйл барууны ертөнцөд буруугаар өрнөх вий гэхээс. Магадгүй одоо ч гэсэн буруу голдрилоор яваад байгаа юм биш үү?
- Та терроризмыг хэлж байна уу?
- (Зөвшөөрснөө илэрхийлж толгой дохив.) Хүмүүс ярьдаг л даа, “Энэ чинь Исламын шашин шүтдэг хүмүүсийн өчүүхэн хэсэг нь шүү дээ...” Тэгэхээр нь би хэлдэг юм. Цөөн хэдхэн хүний нөлөөлөл ч асар хүчтэй байж болно шүү. Шийдчихсэн хэдхэн хүн л түүхийг өөрчилдөг гэж.
Уэльбек өөрийг нь өдөөн хатгагч гэдгийг ч няцаадаг. “Яалаа гэж дээ. Өдөөн хатгагч гэдэг чинь хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөхийн төлөө бүхнийг хийдэг хүмүүс байхгүй юу. Сайн өдөөн хатгагч хэнийг цочроохоо мэдэж байдаг. Надад тэр талаар наад захын ойлголт ч байхгүй. Энэ бүхэн дандаа л тааварлашгүй байдаг.”
Хүлцэл романы гол зорилго бол Францын нийгмийн сул дорой, үхээнц оюун санаа, улс төрийн давхаргыг шүүмжилсэн явдал юм. “Сайн дурын шоронгоосоо” эргэж ирэхэд нь Парис хот орон гэргүй хүмүүсээр дүүрсэн байлаа. “Миний үгүй 10 жилд ямар нэг томоохон зүйл тэсэрснээс зайлахгүй” гэж зохиолч халаглаж байсан ба тэр үед амтай болгон нь муслимуудын талаар шуугицгааж байлаа. “Намайг явахаас өмнө хэн ч энэ талаар ярьдаггүй байсан. Мөн хүмүүсийн дургүйг хамгийн ихээр хүргэсэн хүмүүс нь элит давхрааныхан, улс төрчид, дарга нар, сэтгүүлчид болсон байв.”
Би хамгийн анх Уэльбектэй 7 жилийн өмнө Францын нэгэн телевизийн утга зохиолын тухай ярилцдаг шууд нэвтрүүлгийн үеэр таарч билээ. Тэр халуу дүүгсэн гэрлийн дор малгайтай зузаан хүрэм өмсөн, Философич Бернард Хэнри Левитэй цугтаа захидлуудаар бичсэн номынхоо тухай ярилцаж байсан юм. Тус номд шударга бусаар хавчигдан хяхагдсан “нийгмийн дайсан” байх ямар байдаг талаар өгүүлсэн байдаг. Тэр орой Уэльбек амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад дуртай талаараа, машинаар галзуу юм шиг давхиж, огцом эргэлт хийх дуртай байсан талаараа хүүрнэсэн юм.
Уэльбек ээжийнхээ талаар яриа өрнүүлэх туйлын дургүй. Ээж нь түүнийг төрөөд удаагүй орхиж одсон ба хожим тэр “Би гологдсон хүүхэд хэвээрээ л байгаа” гэсэн байдаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувийн амьдралд нь хэтэрхий оролцож байгаад ихээхэн дургүйцэж байсан удаатай. Хэдийгээр Францын Реюньон аралд төрсөн ч хүүхэд насаа тэрээр эмээтэйгээ хамт Францын хойд нутагт өнгөрчээ. Алдартай зохиолч болохынхоо өмнө Францын хөдөө аж ахуйн яаманд программ хангамжийн инженерээр ажиллаж байв. Тулааны талбарын тэлэлт зохиолд 30 настай программ хангамжийн инженерийн хүйтэн, хоосон амьдралыг хүүрнэдэг.
Харин түүний төсөөлж байсан шиг Хүлцэл зохиол хэрүүлийн алим болсонгүй: Яагаад тэр юм бол? “Мэдэхгүй юм даа, энэ хорвоо дээр бидний төсөөлснөөс цөөн феминистүүд байдаг байх.”
Тэр өөрөө феминист юм болов уу? “Өө үгүй, үгүй.”
Эсвэл эсрэгээрээ эмэгтэйчүүдийг үзэн ядагч юм болов уу? “Бас л үгүй.”, “Феминизм эмэгтэйчүүдийн дунд үгүй болох магадлал бий. Би хэн нэгэн феменистийг үзэл санаагаа илэрхийлж байгааг сүүлд хэзээ сонссоноо ч санахгүй байна. Ямар ч байсан их эрт үед л байх. Ялангуяа Францад шүү дээ.” Харин ч эмэгтэйчүүд түүний номыг давгүй хүлээж авдаг гэж тэрээр боддог аж.
Уэльбек улс төрийн намуудад итгэдэггүй бөгөөд зөвхөн бүх нийтийн санал асуулгад л оролцдог.
Судлаачид түүнийг юу бодож зохиолуудаа бичсэнийг мэдэхэд хэцүү гэдэг. Энэ тухайд тэр “Эргэлзэх хэрэггүй ээ. Учир нь би юу ч боддоггүй.” хэмээсэн юм. Бид түүний хэлсэнд итгэх хэрэгтэй юу? Эсвэл тэр ээдрээтэй өдөөн хатгагч этгээд үү? Энэ бол зохиолчийн хариу нь үл олдох оньсого юм.
"Зохиол бичих хамгийн чухал нөхцөл бол бүх зүйлийг ойлгох гэж оролдох. Мөн эргэн тойронд чинь байгаа зүйлийг сайтар ажиглах.” Мишель Уэльбек.