“Монсудар” хэвлэлийн газар Гёте институтын санаачлан, зохион байгуулж буй "Social Translating" хэмээх нэгэн сонирхолтой төсөлд оролцож байна. Тус төслийн нэгдсэн уулзалт саяхан Сөүл хотноо болсон бөгөөд Монголыг төлөөлөн оролцож буй “Монсудар” хэвлэлийн газрын “ДиДо” редакцын эрхлэгч хатагтай Г.Ариунцэцэгтэй уулзаж төслийн талаар ярилцлаа.
Хатагтай Ариунцэцэг, та Сөүл хотноо зохион байгуулагдсан “Sоcial Translating Project”-ийн уулзалтаас дөнгөж ирээд байна. Уулзалтын юу нь сайхан байв?
Азийн 8 орны нийт 10 орчуулагч энэхүү төсөлд оролцож байгаа. Хятад болон Энэтхэгээс тус бүр хоёр, бусад нь Тайланд, Шри Ланка, Вьетнам, Япон, Солонгос, Монголоос оролцож байгаа юм. Бид Томас Мэллэгийн “Die Welt im Rücken” (“Нуруун дээрх ертөнц”) романыг герман хэлнээс 10 өөр хэл рүү зэрэг орчуулж байгаа. Бусад орчуулагч, номын зохиолч, төслийн зохицуулагч, зөвлөгч нартайгаа онлайнаар харилцаж, хамтран ажиллаж байгаа. Бүгдтэй нь холбогдож, харилцах боломжтой онлайн хуудас байдаг нь бидний ажилд их нэмэр болдог. Төслийн бүх оролцогч Сөүл хотноо цугларч, биечлэн танилцаж, цаашдаа хэрхэн хамтран ажиллах тухайгаа хэлэлцсэн. Онлайн харилцаа хэчнээн сайн ч биечлэн уулзах, харилцахыг орлуулж чадахгүй шүү дээ. Ядаж л нэг уулзаад танилцсан учир асуулт асуухаасаа ч айж ичэхээ больсон.
Ердийн орчуулгатай харьцуулахад ийм төрлийн хамтын орчуулга юугаараа онцлог вэ ? Мөн номын зохиогчтой ойр хамтран ажиллах ямар байна?
Бид уулзалтаараа яг энэ талаар ярилцсан. 10 орчуулагч маань өөр өөр орноос ирээд зогсохгүй өөр өөр үзэл бодол, суурьтай байсан нь сонирхолтой байлаа. Жишээлбэл Вьетнамаас ирсэн Ли. Тэр бол сайн орчуулагч, хүнээс асуугаад зөвлөөд байх шаардлага түүнд бараг байхгүй. Гэхдээ түүний бодлоор “Орчуулга бол их ганцаардмал ажил. Харин хамтын орчуулгын ачаар ганцаардмал биш бөгөөд илүү сэдэл, сонирхолтой болсон” гэнэ. Хэвлэлийн газар ажилладаг миний хувьд орчуулгын алдаагүй байх нь хамгийн чухал. Сүүлийн үеийн орчуулгын зохиолууд хэл найруулга муутайн зэрэгцээ агуулгын алдаа хүртэл байна гэж шүүмжлэгдэх болсон. Ялангуяа тухайн ном хэлний өндөр мэдлэг шаардахаар бол алдаа гарчих гээд байдаг. Тиймээс бид үндсэн орчуулагчийн араас орчуулгын редактор байнга ажиллуулдаг. Хамтын орчуулга нь яг ийм хүнд, хэцүү үг хэллэг, ухагдахуунуудыг тодруулахад ихээхэн тус болдог юм байна. Ямар нэг зүйлийг ойлгохгүй бол шууд зохиогчоос нь эсвэл бусад орчуулагчаас асуучихна. Хамтын орчуулгын онлайн хуудас дээр бусад орчуулагч мөн тэмдэглэгээ, тайлбар хийдэг. Энэ нь юун дээр анхаарах хэрэгтэйг харуулж байдаг тул миний цаг завыг маш их хэмнэж байгаа. Учир нь юун дээр анхаарах, түүнийг яаж орчуулах хэрэгтэйг орчуулахаасаа өмнө л мэдчихэж байгаа юм.
Томас Мэллэгийн “Нуруун дээрх ертөнц” зохиолыг азийн 8 орны 10 орчуулагч зэрэг хамтран орчуулж байна. Орчуулгын хувьд бүгдэд нь ижил бэрхшээл тулгарч байна уу, эсвэл орон орноороо ялгаатай байна уу?
Бид бүгд ази хүмүүс болоод ч тэр үү, орчуулгын явцад ихэвчлэн ижил асуулт, асуудлууд тулгарч байгаа. “Die Welt im Ruеcken” гэх номын гарчигаасаа эхлээд л асуултууд гарч эхэлсэн. Үүнийг үгчилж орчуулах уу, эсвэл өөрсдийн соёлдоо тохируулан утгачилж орчуулах уу? гэдэг асуулт байна. Эцсийн эцэст энэ ном олон хэл дээр зэрэг хэвлэгдэнэ шүү дээ.
Мөн энэ номд сэтгэцийн эмгэг судлалын мэргэжлийн үг хэллэг маш их. Энэхүү намтар зохиолд зохиогч өөрийнхөө хоёр туйлт сэтгэл хөөрөл, гутралын эмгэгтэй хэрхэн харьцаж, тэмцэж байгаа талаар өгүүлдэг. Энэ өвчний талаар манайд нэг их яриад байдаггүй. Тиймээс тогтсон нэр томьёо байна уу, англи эсвэл орос нэр томъёог хэрэглэх үү эсвэл ойлголтыг тайлбарлах уу гэдэг асуулт гарна.
Мөн эх хэлээрээ уншиж буй герман уншигчдад танил маш олон ойлголтыг ази уншигчид мэдэхгүй. Жишээ нь, Пренцлаугийн уул (Prenzlauer Berg). Энэ нэрийг зүгээр галиглаж бичээд орхих уу эсвэл Пренцлаугийн уул (Prenzlauer Berg) нь хипстер кафе, органик бүтээгдэхүүний мухлагуудаараа алдартай Берлиний нэг дүүрэг гэх мэтээр тайлбарлаж бичих үү зэрэг асуултууд байсан. Ийм төрлийн асуултуудаа бид хэлэлцсэн.
Монголоор орчуулахад хэцүү нь юу байна?
Дээр дурьдсанчлан энэ номын манай уншигчдад танил бус зүйлс санаа жаахан зовоож байна. Номд гарч буй зарим хүн, ойлголтыг олон уншигч мэдэхгүй байх. Гэхдээ энэ бол уран зохиолын ном. Тиймээс тэр бүгдэд тайлбар, зүүлт хийх боломжгүй. Номд байгаа олон ойлголтыг байгаагаар нь л үлдээх ёстой. Тэгээд ч эх хэлээрээ уншиж байгаа уншигчдад ч мэдэхгүй, танихгүй зүйл байж л байгаа. Үүнийг би асуудал биш харин ч өөр, шинэ ертөнцийг таньж мэдэх шаардлага, сэдэл гэж бодож байна.
Томас Мэллэгийн зохиолын юу нь монголчуудад сонирхолтой байх бол? Зохиолын сэдэв монголын нийгэмд хамааралтай юу?
Зохиогч өөрөө хоёр туйлт сэтгэл хөөрөл, гутралын эмгэгтэй бөгөөд өвчнийхөө талаар үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлэхээр бичсэн. Тиймээс энэ романыг уншаад сэтгэцийн эмгэгтэй хүн юу боддог, түүнд ямар байдгийг мэдэж, мэдэрч болно. Сэтгэцийн эмгэгийн талаар монголд ярих нь маш ховор. Гэтэл Монголд сэтгэцийн өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна. Өвчтөний гэр бүл, найз нөхөд яах ёстойгоо тэр бүр мэддэггүй, манай нийгэм ч ийм хүмүүсийг гадуурхаж, гоочилж харьцдаг. Энэ ном орчуулагдаж гарснаар энэ сэдвийн талаар ярьдаг болоход нэмэр болно гэж бодож байна. Магадгүй сэтгэцийн өвчтэй хэрхэн харьцах талаар хэлэлцүүлэг ч өрнөж болох юм. Үүнээс гадна, энэ ном сэтгэл хөдөлгөсөн, агуулга, хэлбэрийн хувьд ч аятайхан, сонирхолтой намтар роман шүү тул унших дуртай хүмүүст санал болгох ном.
Төсөл одоо ямар явцтай байна? Энэ зохиолыг бид хэзээ монгол хэл дээрээ унших боломжтой вэ?
Одоо бүх орчуулагч өөр өөрийн орчуулга дээрээ ажиллаж, бие биетэйгээ болон зохиогчтойгоо онлайн хуудсаараа үргэлжлүүлэн харилцаж байна. Ирэх жилийн 10 сард бүх орчуулга бэлэн болсон байх ёстой. Учир нь бүгд Франкфуртын номын үзэсгэлэн дээр танилцуулагдана. Энэ бүхнийг Гёте институт зохион байгуулж, Солонгосын Мерк компани санхүүжүүлж байгаа. Энэхүү гайхалтай санааг гаргаж, ажлыг зохион байгуулж буй Гёте институт болон Мерк компанид чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Ярилцсан Бен Рангник