Монсудар хэвлэлийн газар, Интерном номын дэлгүүр хамтран уншигчдын боловсролд зориулсан уран зохиолын холбогдолтой олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Эдгээр арга хэмжээний олонх нь гадаадын буюу орчуулгын уран зохиол, зохиолчдын тухай байсан юм. Энэ жилээс уншигчдынхаа хүсэлтээр Монголын уран зохиолын тухай хийгээд зохиолч уншигчдын уулзалт, ярилцлагыг зохион байгуулж эхлээд байна. Үүний эхлэл болгож 11-р сарын 21-нд "Монголын орчин үеийн уран зохиол" арга хэмжээг зохион байгуулсан бол маргааш нь буюу 11-р сарын 22-нд "Бөөгийн домог номын хэлэлцүүлэг, ярилцлага"-ыг зохион байгууллаа. Энэ үеэр зохиолч Г.Аюурзана хүрэлцэн ирж номынхоо тухай товч танилцуулснаас гадна Монголын уран зохиолын талаар сэтгэгдэлээ хуваалцсан юм. Ингээд уг уулзалт, ярилцлагын товчлолыг хүргэж байна.
Хөтлөгч: Би таны “Бөөгийн домог” номыг уншсан. Гэхдээ би өөрийгөө энэ номыг уншихад бэлэн биш байсан байх гэж бодсон. Учир нь бөө мөргөлийн талаар надад тодорхой ойлголт байхгүй. Харагдаж, үзэгдэж, сонсогдож байгаа тэр хэмжээнд л ойлгодог. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулиас нь бурхны шашин, бөө мөргөлийн талаар үнэн зөв, цэгцтэй, нэгдсэн ойлголт мэдлэгийг өгчихдөг бол их зүгээр юм уу гэж бодлоо л доо. Хэрвээ тэгвэл “Бөөгийн домог” гэсэн энэ номын талаар ярихад илүү дөхөм байх болов уу. Тиймээс энэ талаар нэгдсэн ойлголт байхгүйгээс хойш би энэ шашин шүтлэг бөө мөргөлийн талаар илүү лавшруулж асууя. Та ном бичихийн тулд гурван жил судалгаа хийж, олон ч бөө нартай уулзсан гэсэн. Бидний амьдралд шинжлэх ухаанаар баталж чадахгүй, болохгүй олон зүйл байдаг. Тэрхүү орон зайг бурхан, шашин, бөө мөргөл эзэлчихдэг. Тэгэхээр миний хувьд өнөө шинжлэх ухаан маань шашин, бурхан, сүсгээс доор орчхоод байгаа юм шиг харагддаг. Энэ талаар өөрийн бодлоо хэлнэ үү?
Г.Аюурзана: Үнэн л дээ. Шинжлэх ухаан маш хурдтай, эрчтэй урагшаа дэвшин хөгжиж, хүн төрөлхтний оюун санаанд шашны эзэлж байсан бараг бүх орон зайг эзлэх болсон. Үндсэндээ шашны ойлголтоор төсөөлдөг байсан олон зүйл шинжлэх ухаанд байраа тавьж өгч байна. Гэхдээ энэ хэзээ ч төсгөхгүй юм шиг байгаа юм. Шинжлэх ухаан хэзээ ч зуун хувь хүний амьдрал, энэ хорвоо ертөнцийн олон асуудлыг тайлбарлаад баталчих боломжгүй. Магадгүй 99 хувь л болох юм. Тэгэхээр тэрхүү үлдсэн 1 хувь гэдэг нь өөрөө хүний оюун санаанд хамгийн их сонирхол төрүүлдэг байх магадлалтай. Шинжлэх ухааны тайлж чадаагүй үлдээсэн тэр 1 хувь хүн төрөлхтний хувьд хамгийн их сонирхдог асуулт хэвээр үлддэг, урлаг уран зохиол гэм мэт бүх зүйл дээр. Түүнээс гадна ер нь хүмүүс уран зохиолыг шинжлэх ухаанаар батлагдсан үнэн юм бичих ёстой, эсвэл нийгэм рүү хандах ёстой ч гэх мэтээр ойлгодог. Гэтэл уран зохиол гэж юу вэ гэхээр, уран зохиол бол илүү урлаг тал руугаа юм.
Уран зохиол хэдийгээр шинжлэх ухааны үндэслэлтэй бэлэн бичвэрээр дамжиж байгаа зүйл боловч уран зохиолын илэрхийлдэг өөрийнх нь арга зам бол урлаг юм. Өнөөгийн орчин цагийн хүүрнэл зохиолын үндсэн амин сүнс нь юу вэ гэхээр, нэг нь үгийн урлаг, нөгөө нь сэтгэлгээний урлаг юм. Тэгэхээр энэ хоёр элемент байхгүйгээр бид нар уран зохиолын талаар ярих ямар ч боломжгүй. Гэтэл яруу найраг гэж юу вэ гэхээр, үүнийг шинжлэх ухааны хэлээр тайлбарлаж чадахгүй. Яагаад вэ гэхлээр яруу найраг гэдэг нь ийм юм аа гээд бүгдийг нь эрэмбэлээд, ямар нэгэн схем системд оруулаад, томьёолчих боломжгүй. Энэ хэзээ ч бүтэхгүй. Яагаад гэвэл, яруу найрагч хүн гэдэг нь өвчтэй хүн үү, “шизо”-той, ямар нэгэн галзуу, солиотой амьтан уу гэдгийг бол өнөөгийн анагаах ухаанаар нотлох боломжгүй.
Жишээлбэл, зүв зүгээр байж байснаа “Гурван ямхын хулсыг барьж андуу ташаа бичих нь, гутал оймсыг элээн явж нэр ашгийг олохоос дээр ээ” гээд л нэг нөхөр орилонгуут түүнийг галзуугийн эмнэлэгт аваачаад хийчих магадлалтай. Гэтэл энэ үгийг яг эрүүл саруулаар бодоод үзвэл яаж ч бодсон нэг хүн үзэг барьчхаад нэг үг зохиож бичээд явж байх нь нэр алдар хөөхөөс илүү ашигтай байна гэж өнөөдрийн нийгэмд байхгүй. Энэ бол бидний бодитойгоор харж байгаа зүйл. Гэтэл тэр хүн бол ингэж явах нь надад хамаагүй дээр, дарга болсны оронд сайхан шүлэг бичиж явах нь хамаагүй дээр гэж үзэж байгаа. Тэр хүний үзэл бол үнэндээ ихэнх хүмүүст ойлгомжгүй байж магадгүй. Гэхдээ яг үүнтэй адилхан шинжлэх ухаанаар тайлж болохгүй зүйл хүн төрөлхтний оюун санаанд үргэлж байдаг болохоор урлаг, урлагийн байр суурь өөрөө ийм тодорхой биш салбар луу орчихсон мөртлөө л амь бөхтэй байгаад байдаг. Хоёрдугаарт, шинжлэх ухаан шашин хоёрын зөрчил бол өөрөө тийм сүйдтэй том зөрчил биш. Магадгүй XVIII зууны үед шашин шинжлэх ухааны зөрчил үнэхээр их байсан. Гэхдээ өнөөдрийн XXI зууны үе бол харьцангуй өөр сэтгэлгээний эрин үе. Мэдээж шинжлэх ухааны ололт бидний алхам бүрд хэрэгтэй. Гэхдээ нэг хүн өвдлөө гэхэд хүмүүс эмнэлэг биш нэг бөө рүү очих тохиолдол их. Гэтэл эцсийн эцэст бөө биш, эмнэлэг л тэр хүнд тусална.
Хүмүүс яагаад хавдрыг чинь бөө эмчилнэ, бөө дээр очих хэрэгтэй гээд байдаг вэ гэхлээр, энэ бүхний цаана бизнес явж байгаа. Яг бөө гэж юу вэ гэдгийг мэдээгүйтэй л холбоотой. Бөө гэдэг бол илүү дээд оюун санааны зүйл. Магадгүй түрүүний тайлбарласан яруу найраг гэдэгтэй л адил зүйл болохоос бус хавдрыг үлээгээд эдгээдэг ч гэх юм уу, нэг хүнийг ташуураар ороолгоод нөгөө хүн нь архи уухаа больчихдог зүйл биш.
Хөтлөгч: Бөө мөргөлөөр монгол хүн бахархаж болох уу?
Г.Аюурзана: Бөө мөргөл дотор бахархах юм маш их бий. Гэхдээ бөөгөөр бахархаж байгаа нь энэ гээд баахан бөө оруулж ирээд монголчууд ингэж бөөлдөг, энэ бөө онгод нь орохоороо ингэдэг тэгдэг гээд үзүүлэх бол бахархал биш, үнэхээр онигоо болно. Харин үүнийхээ оронд бөө мөргөлийн сэтгэлгээнээс монгол түмний оюун санаанд үлдсэн юм юу байна аа гэдгийг бид эргээд харах боломжтой. Жишээлбэл, яруу найраг байна. Тэгэхээр бөө мөргөлийн сэтгэлгээ, яруу найраг гэх мэт энэ бүхнийг харьцуулаад судалбал маш сонирхолтой зүйл. Гэхдээ яг үнэндээ монгол хүн юугаар бахархах вэ гэхлээр, эцсийн эцэст түүхээрээ бахархдаг. Үнэндээ өнөөдөр түүхээс өөр бахархах юм байхгүй. Түүхээрээ бахархах гэдэг нь муу юм биш. Энэ дэлхий дээр 200 гаруй улс байлаа гэхэд, агуу түүхтэй цөөхөн улс бий. Тэгэхээр бид хэдийгээр ядуу буурай, бүдүүлэг, хоцрогдсон гэж хэлэгдэж байгаа боловч агуу түүхтэй учраас яах аргагүй тэрхүү түүхээрээ бахархах хэрэгтэй. Тэгэхгүй өнгөрсөн түүхээрээ бахархахгүй ээ гээд таягдаад хаячихвал нэг хятад шүүрээд л авчихна.
Ер нь нэг ийм үг байдаг ард түмнийг устгахын тулд түүхийг нь устга, түүхийг нь устгасныхаа дараа өв соёлыг нь устга, соёлыг нь устгахын тулд хэлийг нь устга. Өнөөдөр бид өвөр монголчууд Хятад гүрний нэг болж байгааг харж байгаа. Буриад бол Орос болоод дуусаж байгааг харж байгаа. Бөөгийн домог зохиолын санаа ч тэр. Ерөөсөө буриад хүмүүс буриад хэлгүй болсон нь буриад үндэстэн уусаж мөхөхөд нь нөлөөлж байгаа юм. Гэтэл бид нар монгол цус л гээд байна. Яг үнэндээ монгол цус бол юу ч биш. Монгол цус бусад цуснаас өөр биш. Хүн болгоны цус А, В гэх мэт тодорхой бүлэгт хуваагддаг. Түүнээс биш хятад, герман хүний цус ондоо байх ямар ч боломжгүй. Тэгэхээр “Монгол” гэдэг ойлголтыг бий болгож байгаа зүйл нь оюун санаа нь юм. Монголыг авч үлдэх зүйл нь хэл. Сүүлийн үед зүгээр л гадуур явж байхдаа гадаа тоглож байгаа жоохон хүүхдүүдийг харахад, бүгд хоорондоо англиар ярьж байна. Нэг мэдэхэд монгол хэл байхгүй болчихвол, монгол хүн монгол хэлээрээ ярихаа больчихвол тэр хүн монгол хүн биш. Аав, өвөг, эцэг нь цэвэр монгол хүн байсан ч хамаагүй. Тийм болохоор бид хэлэндээ маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв хэлээ алдвал бид соёлоо алдана. Соёлоо алдвал тэгээд түүхээ яриад ч нэмэргүй.
Хөтлөгч: Дэлхийн олон ард түмэн бөө мөргөлийн шашинтай байжээ. Тухайлбал, Европт 4,000 мянган жилийн өмнө бөө мөргөл байсан байна. Бүх зүйлийг амьтай гэж үздэг, байгалаа шүтдэг сэтгэхүйн тэр хэлбэр бүх ард түмэнд байсан. Тэгвэл манай бөө, бусад улс үндэстний бөөгөөс юугаараа өөр юм бэ?
Г.Аюурзана: Бөөгийн ертөнцийг үзэх үзэл нь өөрөө их сонин. Өнөөдөр антропологийн хамгийн том судалгаа ерөөсөө л бөө мөргөл рүү чиглэчихсэн байгаа. Хаана бөө мөргөлийн элемент хамгийн том хадгалдагдаж үлдсэн, тэрд дандаа орчин үеийн хамгийн том антропологийн судалгаа хийгдэж байна. Жишээлбэл, Африкийн овог аймгуудад. Тэд саяхныг хүртэл харанхуй бүдүүлгийн туйл байсан. Гэхдээ тэр харанхуй бүдүүлгээс бид хүн төрөлхтний сэтгэлгээний загварыг эргээд харж байна. Хэрэв бид бидний сэтгэлгээний үндсэн хэв загвар нь юу юм бэ гэдгийг мэдэхгүй бол бид өнөөдөр хаана юу байгааг мэдэхгүй, хүн төрөлхтний оюун санааг өнөөг хүртэл хөгжиж ирсэн үү үгүй юү, уг үндэс хаана байна гэдгийг бид мэдэхгүй. Үүнийг судалдаг антропологи бол одоо бидний сэтгэлгээний экологийг хайх гээд бөө мөргөл хадгалагдан үлдсэн бүх овог аймаг, ард түмэн рүү чиглэж байна. Гэхдээ сүүлийн үед бид бөө мөргөлийг буруу ойлгосноос хэтэрхий хавтгайруулж, үнэ цэнгүй болгоод байгаа юм.
Хөтлөгч: Тийм ээ. Энэ зохиол дээр ганцхан жинхэнэ бөө гардаг. Бусад нь хуурамч. Бөө болох гээд зүтгэж байгаа хүмүүс байна. Бөөг дуурайж байгаа хүмүүс байна. Тэгэхээр өнөөдөр Монголд жинхэнэ бөө бий юү, өөрөө энэ талаар сонирхсон уу? Яагаад гэвэл өнөөдөр хүмүүс жинхэнэ л юмыг хармаар байна.
Г.Аюурзана: Энэ бол ганцхан бөөгийн тухай биш. Ер нь жинхэнэ юм гэдэг бол өөрөө их хэцүү ойлголт. Жинхэнэ юмны тухай яриа бараг ярих боломжгүй. Энэ бол яг нөгөө “дао” гэдэг шиг л зүйл. Дао гээд нэрлэчих юм бол дао биш; энэ дао гээд барьчих юм бол дао биш; нэрлэгдэхгүй баригдахгүй байгаа нь дао гэдэг шиг. Жишээлбэл, үнэхээр жинхэнэ бөө байвал хүний өмнө гарч өөрийгөө үзүүлж, янз янзын хувцас өмсчихөөд л хүнд харуулах шаардлагагүй. Яагаад гэвэл тэр хүн тэртээ тэргүй өөрийнхөө дотоод ертөнцөөр цаад сүнсний биеэр, ондоо орон зай руу нэвтрэх боломжтой учраас тэр хүн түүнийгээ заавал бусдад үзүүлэх шаардлагагүй. Яг жинхэнэ яруу найрагч хүн гоё шүлэг биччихээд заавал бусдад уншаад “Болор цом” авах шаардлагагүйтэй адил.
Хөтлөгч: Сайн зохиолчдын амьдрал уран бүтээлээс ажихад нэг сонин зүйл ажиглагдсан. Үнэхээр сайн зохиолч өөрийгөө золиосолж, өөрийгөө нүцгэлж бичдэг юм байна. Өөрөөр хэлбэл, намайг ингээд биччихвэл хэн юу гэх бол, яах бол гэхгүйгээр өөрийн бодож буй зүйлээсээ, бодлоосоо ичихгүйгээр бичдэг юм байна. Жишээ нь: Достоевскийн “Газар доороос бичсэн тэмдэглэл” байна. Ийм зохиол уншихлаар хүн өөрөөсөө ичих шиг санагддаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
Г.Аюурзана: Ер нь зохиолч гэдэг үг бол өөрөө жаахан эргэлзээтэй ойлголт л доо. Зохиолч гэдэг нь зохиодог хүн гэсэн утгатай. Гэхдээ бусад хэлэнд “writer”, “писатель” гэх мэт дандаа “бичдэг хүн” гэсэн утгатай үг байдаг. Бичнэ гэдэг бол зохиохоос тэс өөр. Тэгэхээр бид нар зохиолч гэхээр аан энэ нэг муу юм зохиодог Баагий л гээд байдаг. Яг үнэндээ бичээч гэхээр бид нар бичгийн машинаар цохидог хүн болчих гээд байдаг. Гэтэл манай хуучин бичгийн уламжлалд молхи миний бичээч миний бие ингэлээ гээд бичгийн их сударч, том түшмэд өгүүлсэн байдаг. Бид нар энэ үгийг яагаад ч юм зохиолч гээд хэвшүүлчихсэн байдаг. Энэ нь магадгүй Монголын уран зохиолд нэр томьёоны хувьд сонин гажуудал үүсгэсэн байх. Бичнэ гэдэг бол зохиодог байсан ч болно, зохиодоггүй байсан ч болно. Хамгийн гол нь бичнэ гэсэн үг. Тэгэхээр бичнэ гэхээр, жишээлбэл, үзэг цаастай өөр юу ч байхгүй хүн суулаа, тэгээд цонхоор хараад харагдсанаа бичиж болно. Үүнийгээ дахиад л ахин дахин давтаад байвал тэндээс өөр юу ч гарахгүй. Тэгэхээр тэр хүн өөрийгөө ухахаас өөр аргагүй. Өөрийгөө ухаж байж сая нөгөө бичих гэдгийн утга учир гарч ирнэ. Өөрийгөө ухаад бичсэн зүйлийг л эцсийн эцэст өөрийн ... гэж байгаа юм. Тэр сайн бичигдсэн үү, чанартай бичигдсэн үү, өөр түвшинд бичигдсэн үү гэдэг нь дараагийн яриа болно.
Тэгэхээр сая таны хэлснээр зохиолч хүн өөрийгөө ухаж, өөрөөсөө ичилгүйгээр, хүн ямар ч загваргүйгээр өөрийнхөө дотоод бодол мэдрэмжийг гаргаад бичиж чадвал тэр жинхэнэ зохиол болно.
Түүнээс биш, “За нэг ийм нөхөр байжээ. Одоо хүмүүс шорон оронгийн сэдэв сонирхож байна. Тэгэхээр шоронд нэг хүн оржээ. Цаашаа ингэлээ, тэглээ” гээд баахан юм биччихэж болно. Яах вэ, гаднаасаа бол зохиол мөн гэхдээ үндсэн чанартаа уран зохиолын ажил мөн үү, биш үү гэдэг их л эргэлзээтэй зүйл.
Хөтлөгч: Манай утга зохиолд шүүмжлэгчид хангалттай байдаг. Тэд таныг хамгийн шилдэг болоход хурцлах ёстой юу? Тэд таныг хурцалж байна уу?
Г.Аюурзана: Ер нь зохиолч хүний зорилго бол сайн бүтээл хийх л байх ёстой. Сайн зохиол гэж өөрөө үзээд, өөрийнхөө дотор байгаа тэрхүү өөрийгөө шүүмжлэх, муулах, голох мэдрэмжээ даваад, за энэ зохиол л яг боллоо гэж бодоод итгэлтэйгээр хэвлүүлж байгаа байж таараа. Тэгэхээр өөрийгөө сайн зохиол бичиж чадлаа гэж бодоогүй бол эсвэл би заавал сайн бүтээл бичье гэж бодохгүй бол уран зохиолд зүтгэх хэрэггүй. Чи үнэхээр л сайн юм хий. Тэгэхгүй бол хэрэггүй. Энэ зөвхөн уран зохиолд ч биш бүх салбарт, бүх зүйл тийм. Шүүмжийн тухайд бол манай шүүмжлэгч нар яг хангалттай гэж хэлж чадахгүй. Гэхдээ шүүмжлэгч, шүүмж бичиж байгаа хүмүүс бий. Тэгэхдээ хүмүүс шүүмжид маш сонин ханддаг болсон байна. Хуучин үед шүүмж харьцангуй хялбар байлаа. Соц-реализм гэсэн ганцхан загвартай. Тэр загварт нь таарахгүй бол бут авдаг. Таарвал магтаж сайшаадаг байжээ. Харин өнөөдөр зохиолыг маш олон талаар задлах ёстой болчихсон учраас шүүмжийн шинэ үе гарч ирж байна. Яг үнэндээ гурав дөрвөн жилийн өмнөөс эхлээд шүүмжээ нэлээд задалгаатай бичдэг залуус гарч ирсэн. Тэгэхээр манай уран зохиол 90-ээд оноос хойш шинэ үе рүү алхсан бол манай шүүмж 2010 оноос хойш шинэ шат руу алхсан, миний бодлоор. Гэхдээ би нэр дурдахгүй. Учир нь нэрийг нь хэлээгүй нэг нь надад өширхдөг эсвэл нэрийг нь дурдсан нэгэндээ атаархдаг. Өнөөгийн нийгэм ийм болж. Шүүмж ч гэсэн яг ийм байдалтай байна. Уг нь бол шүүмж гэдэг хамгийн хэрэгтэй зүйл. Орчин үеийн урлагийг урагш нь авч явдаг ганцхан зүйл бол шүүмжлэлт сэтгэлгээ. Юмыг шүүмжилнэ гэдэг бол зөв үү, буруу юу, урлаг мөн үү, биш үү гэдгийг олж харна гэсэн үг. Түүнийг олж харсны дараа цаашаа явна.
Хөтлөгч: Ер нь Европын орнуудад шүүмж их өндөр хөгжсөн учраас хүмүүс шүүмжийн хойноос амь тавьж явдаг. Шүүмж тэд нарт агаар ус шиг хэрэгтэй. Гэтэл манайд шүүмж ерөөсөө хэрэггүй, магтаал бичиж өгөөч гээд байдаг. Тэгэхээр одоо яаж бид нар шүүмжтэй болох вэ? Яаж шүүмж бичдэг болох вэ? Бие биеэ гомдчихно гээд л магтаад байдаг ийм байдал хэзээ дуусах бол оо?
Г.Аюурзана: Гэхдээ энэ байдал сүүлийн үед их гайгүй болох нь шиг байна. Сүүлийн гурван жилийн өмнөөс их дажгүй бичдэг, задалж хардаг залуучууд гарч ирж байна. Гэхдээ би нэрийг нь хэлэхгүй. Магадгүй би санаагаараа гурван нэр хэлдэг. Тэгтэл гайгүй задалж бичдэг зургаан хүн байлаа гэхэд цаана үлдсэн гурав нь гомдчих гээд байдаг.
Хөтлөгч: За үнэхээр хэцүү юм байна. Дараагийн асуултаа тавья. Та нэг ярилцлагадаа арван жилийн сургуулийн уран зохиолын хичээл ямар байгаа талаар “үнэхээр хэцүү” болсон гэж хэлсэн байна билээ. Тэгэхээр өнөөдөр арван жилийн сургуульд уран зохиол системтэй заах аргагүй болчихлоо. Учир нь, манай уран зохиол ямар үечлэл, үе шат хөгжлийн замыг дамжиж ирсэн бэ гэдэг талаар Монгол улсын их сургуулийнхан нэг өөр юм ярьдаг. Боловсролын сургуулийнхан нэг өөр юм ярина. Аягүй бол өөрөө нэг өөр юм ярина. Ингээд хүн болгон дураараа ярьдаг. Ийм дураараа юм чинь системгүй ойлголтыг бий болгож байна. Энэ дундаас бид нар арван жилийн хүүхдүүдэд юу гэж хэлэх юм бэ? Тиймээс бид нар энэ тал дээр нэгдсэн ойлголттой болж байж хүүхдэд системтэй ойлголт өгөх юм бол, хүүхэд уран зохиолын талаарх ойлголтыг арван жилдээ авчхаад, дараа нь ажил мэргэжил дээр гараад магадгүй энэ чиглэлээр явбал тэр үечлэлийг өөрчлөх, шинэчлэх байж болно шүү дээ. Энэ тал дээр бодлоо хэлнэ үү?
Г.Аюурзана: Өнөөдөр сурах бичиг хийж байгаа хүмүүс байна. Тэр хүмүүс чинь өөрсдөө бас л нөгөө дампуурсан боловсролын бүтээгдэхүүнүүд шүү дээ. Өөрсдөө тэд нар таны яриад байгаа шиг системтэй, бүх юм нь тодорхой, цэгцтэй боловсрол аваагүй хүмүүс байхгүй юү. Жишээлбэл, тэр хүн дунд сургуулийн хүүхэд ямар ч байсан энэ хэмжээний мэдлэгтэй байх ёстой гэдэг боловсролыг тэр хүн өөрөө хүүхэд байхдаа аваагүй. Тэгээд дунд сургуулиа төгсөөд нэг их сургуульд элсэж ороод эрдмийн зэрэг цол хамгаалахын тулд нэг багшийг дагаад тэр хүнээсээ өөр хүний үгийг сонсохгүй явчихдаг. Тэгээд сүүлдээ зөвхөн багшийнхаа үгээр явсаар байгаад аливаа юмыг багшийнхаа хардаг кадраар хардаг болчихдог. Ингээд сурах бичиг зохиохдоо нөгөө хүн чинь багшийнхаа үзлээр сурах бичгээ зохиогоод, өөрийнхөө шавь нарт ч гэсэн багшийнхаа нөгөө үзлийг яриад явчихдаг. Тэгэхээр нь чинь нэг хүний л үзэл үргэлжлээд яваад байна гэсэн үг. Тэр хүн нь мундаг багш байсан ч ялгаагүй, хортой. Ингээд ийм загвараар явсан хүмүүс бүх шатандаа уран зохиолыг заачихаар бидний нөгөө уран зохиол маань эцсийн эцэст хөөрхийлөлтэй байдалд орж байгаа юм. Ер нь ямар ч хүн зөв буруу, үнэн худлыг ялгаж, салгаж чаддаг байх хэрэгтэй. Энийг л ерөнхий боловсролын сургуульд нь төлөвшүүлчих хэрэгтэй юм.
Хөтлөгч: Тэгээд үүнийг чинь чөлөөт сэтгэхүй гэж яриад байгаа шүү дээ.
Г.Аюурзана: Энэ бол үнэхээр аймшигтай хоцрогдол.
Хөтлөгч: Тэгэхээр энэ талаар бид зөндөө ярьдаг. Гэхдээ зүгээр л яриад орхичихдог. Харин өнөөдөр уран зохиол нийгэмд үнэхээр их хэрэгтэй байна. Гэтэл үүнийг хэн хариуцах юм бэ? Та уран зохиолын сургууль соёлыг нь төгссөн хүн. Та зохиолчдын эвлэлийн гишүүн мөн үү? Үүнийг Зохиолчдын эвлэл хийх ёстой юм уу, хэн хийх ёстой юм бэ? Хэрвээ тийм газар байдаг бол би хамтарч ажилламаар байна. Даанч олдохгүй байна л даа.
Г.Аюурзана: Би маргааш Зохиолчдын эвлэл рүү утасдаад таны саналыг дамжуулъя. Гэхдээ зохиолчдын эвлэл 1,200 гишүүнтэй гэж сонссон. Би сүүлийн найман жил Зохиолчдын эвлэлээр нэг ч ороогүй. Тийм болохоор миний үгийг сонсох эсэхийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ Зохиолчдын эвлэл гэдэг байгууллага юу хийж байгаа вэ гэхлээр, хуучин явж байсан функц нь үндсэндээ алга болчихсон. Одоо бол Зохиолчдын эвлэлээр бодолгоо тодорхойлуулаад, чигээ гаргаад явдаг тийм уран зохиол гэж үндсэндээ байхгүй болчихсон. Зохиолчдын эвлэл гэдэг юу вэ гэхлээр, одоо төрийн бус байгууллага болчихсон. “Болор цом”, “Утгын чимэг” гээд хоёр том наадмаа зохион байгуулж байна. Энэ нь сайн хэрэг. Ер нь уран зохиолын тухай бид нийгэмд яаж нөлөөлөх вэ, зохиолч хүн яах ёстой юм гээд яриад байх их сонин. Уран зохиол өөрөө оршин байгаагаараа л нийгэмд үүрэг гүйцэтгэж байгаа юм. Уран зохиол өөрөө сайн уран зохиол бүтээгдэж байх юм бол түрүүний хэлсэнчлэн хүнийг сайн мууг ялгах, амьдралд хандах хандлагад нөлөөлнө. Иргэдийнх нь амьдралд хандах хандлага зөв болчих юм бол аяндаа нийгэм арай дээшилнэ.
Хөтлөгч: Бид нарт, уншигчдад номын амтанд орох гэж таны бодлоор ямар байдаг юм бэ гэдгийг сайхан хэлж өгнө үү?
Г.Аюурзана: Ном уншина гэдэг бол өөрийгөө, өөрийнхөө дотор байгаа өөрөө өмнө нь олж хараагүй хүнийг олж харна гэсэн үг. Нэгдүгээрт, ном уншихад уншигч өөрөө найруулна, магадгүй тэр номын дүрийг чи өөрөө сонгоно. Чиний оюун тархинд төсөөлөл бий болно. Хоёрдугаарт, ном уншсанаар чиний дотоод ертөнц маш баялаг болдог. Зарим ном хүнийг үнэхээр ховсодчихдог. Би багаасаа ном уншдаг, номоос салдаггүй хүүхэд байсан. “Зүрхний хилэн”, “Онцгой эрх”-ээс авхуулаад өчнөөн ном гар чийдэнгээр тусгаад уншдаг байлаа. Гэхдээ 1991 онд би “Баавгай” гээд туужийг уншаад үнэхээр уран зохиол гэж шал өөр зүйл юм байна гэдгийг ойлгосон. Амьдралд ийм гайхамшигтай зүйл байдгийг би яагаад 21 хүртлээ олж хараагүй юм бол оо л гэж бодсон. Үүний дараагаар би аль болох сайн ном олж уншихыг хичээдэг болсон.
Хөтлөгч: Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж, 1.30 минутын турш уншигчтайгаа хамт байсан танд баярлалаа.
Ярилцлага хөтөлсөн Р.Энхбат