Мэдээлэл

Харри Поттертой өнгөрүүлсэн 20 жилд бидний олж мэдсэн 20 зүйл

Зургийн тайлбар: Шидтэний чимээ... Дэвид Йейтсийн найруулсан “Харри Поттер ба Феникcийн бүлгэм” киноны гол дүрд Дэниел Рэдклифф тогложээ.
“Харри Поттер ба Философийн чулуу” ном 1997 оны зургаадугаар сарын 26-нд анх худалдаанд гарахдаа уншигчдын анхаарлыг төдий л  таталгүй өнгөрчээ.

1. Зарим номуудын анхны хэвлэл маш өндөр үнэтэй болсон байдаг. Тухайлбал цувралын нэгдүгээр боть “Харри Поттер ба Философийн чулуу” анх 1997 онд хатуу хавтастай ердөө 500 ширхэг хэвлэгдсэн юм. Энэхүү анхны хэвлэл танай ариун цэврийн өрөөнд хэвтэж байгаа юм биш биз? Тэгвэл танд сонирхолтой мэдээ дуулгая: Наад ном чинь багагүй үнэд хүрнэ шүү. Энд дор хаяж 30,000 фунт стерлингийн тухай яригдаж байна гээд бод доо. Монгол мөнгөөр 97 сая төгрөг гэсэн үг. Бараг онигоо гэмээр ч бас нэг түүх байдаг: Энэ номуудын нэг нь Дэйли Телеграф сонины газрын номын тавиур дээр олон жилийн турш тоосонд дарагдаж хэвтэж байснаа 2000-аад оны эхэнд гэнэт хачирхалтайгаар алга болчихжээ. Хэрэв та энэ номыг авчихсан бол уг сонинд утга зохиолын редактораар ажилладаг асан Кэйт Саммерскэлтэй холбоо барина уу.

2. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. “Харри Поттер ба Галт хундага” ботид, Харри Волдеморттой тулалдаж байгаад тун санамсаргүй нэг шид (Приори Инкантатем) хэрэглэсэнд Харын талын шидтэний саваа эзнийхээ хөнөөсөн хүмүүсийн дүр төрхийг хий үзэгдэл мэтээр ар араас нь харуулж эхэлдэг. Гэхдээ цаг хугацааны хувьд хамгийн сүүлчийнхээс нь урагш харуулна. Тэгтэл тун санаанд оромгүй зүйл болж, Харригийн эцэг Жеймс эхнэр Лилигээсээ өмнө харагддаг. Гэтэл өмнөх ботиудад Жеймс эхнэр, хүү хоёртоо зугтах боломж олгохоор тулалдаж байгаад нас барсан гэж өгүүлдэг билээ. Ж.К.Роулинг энэ гэнэтийн оньсогынхоо учрыг дараа дараагийн ботиуддаа тайлах байх гэж шүтэн бишрэгчид нь тэсэж ядан хүлээсэн ч зохиолч маань алдаа (Erratum Cockupis Normalis) гаргаснаа хүлээн зөвшөөрсөн юм. Шөнө орой хэт их ажилласнаас үүдсэн энэ алдааг нь дараагийн хэвлэлүүдэд зассан ажээ.

3. Ниргэсэн хойно хашхирна гэдэг ч... “Харри Поттер ба Философийн чулуу” 1997 оны зургаадугаар сарын 26-нд анх хэвлэгдэхэд уншигчид төдий л анзааралгүй өнгөрчээ. Тэр өдөр хүмүүс Патрик Бартоломью Ахерн гэгч эрхэм Ирландын ерөнхий сайдаар сонгогдсон тухай л шуугилдаж байв. Өнөөдөр түүнийг санах хүн ер байна уу? Шинээр дөнгөж гарч ирээд байсан ерөнхий сайд Тони Блэр, Спайс Гёрлз хамтлаг, Уэльсийн Диана гүнжийн хайр дурлалын тухай л тэр цаг хүмүүст шагшин хэлэлцэж байв шүү дээ. Гэхдээ эдгээрийг одоо эргэн санах хүн ер байна гэж үү? Түүгээр ч барахгүй Жон Гришэмийн ном тэр жил борлуулалтаараа тэргүүлсэн номын жагсаалтыг өнгөлсөн юм.

4. Хүүхдийн ном ч улс төржиж болно. Роулинг дүрүүдээ уншигчидтайгаа нэгэн зэрэг өсөж, төлөвшихөөр төлөвлөсөн нь ер бусын гайхалтай шийдвэр байлаа. Боть нэг бүр хичээлийн нэг жилд өрнөж, нэг ботиос нөгөөд шилжихэд номын хуудасны тоо нэмэгдэхийн зэрэгцээ сэдвийн хувьд илүү хар бараан, илүү насанд хүрэгчдэд зориулсан шинжтэй болно. “Харри Поттер ба Галт хундага” хэмээх дөрөвдүгээр ботид, буяны үйл хийх дуртай Хермиони охин, оймсонд дуртай одой элфүүдийг өрийн боолчлолоос чөлөөлөхөөр “Элфүүдийн амьдралыг сайжруулах Хермионигийн нийгэмлэг”-ийг байгуулна. Хакер сэтгүүлч Рота Скийтерийн дүрээр Роулинг, Британийн шар сонинуудыг шүүмжилжээ. Ид шидийн яам ч мөн Британийн төвлөрсөн засгийн газрыг егөөдсөн гэдгийг ямар ч ухаалаг уншигч ойлгоно. Түүнчлэн цэвэр цустнуудын зүгээс “бохир цустнууд”-ыг газрын хөрснөөс арчихаар дайн өдүүлж байгаагийн цаана арьсны өнгөөр ялгаварлагч фашист үзлийг ёгтолсон гэдгийг хэн ч түвэггүйхэн ойлгохуйц ажээ.

Харри Поттер судлал нь хүмүүнлэг, онол зүйн салбарын тун чухал судлагдахуун болжээ.

5. Эрдэмтэд мэргэд ч бидэнд инээд бэлэглэж болно. Харри Поттер судлалын хүрээнд, эрдэм шинжилгээний тун хөгжилтэй бүтээлүүд бичигдсэнээс заримыг нь дурдвал “Харри Поттер зохиолын Хиппгриффийн дүр нь бичвэр хоорондын холбоо хамаарлын тод жишээ болох нь”, “Сүр жавхлангүй Жеймс: Жеймс Поттер ба тэрс үзэлт язгууртан”, “”Харри Поттер ба Нууцат өрөө: Психианализын үүднээс судлахуй”, “Холокостоос 9/11 хүртэл: Харри Поттер ба ад чөтгөртэй хийх өнө мөнхийн тэмцэл” гэх мэт судалгаанууд хийгджээ.

6. Мулгуу гэхэд ч багадахаар хүмүүс байх юм даа. АНУ-ын зарим мужид хэт Христийн шашинтнууд Роулингийн номуудыг цуглуулж шатаажээ. Тэдний үзэж буйгаар энэ цуврал хүмүүсийг ид шид, шулмын үйлд уруу татаж буй аж. “Энэ номын гэмгүй дүр төрхийн цаана Сатан чөтгөрийн хар үйл нуугдаж байна. Харри Поттер бол чөтгөр, тэр хүмүүсийг устгадаг” гэж Нью Мексико мужийн Аламогордо хотын Христийн нийгэмлэгийн сүмийн номлогч Жэк Брок 2001 онд хэлсэн билээ.

Зургийн тайлбар: “Жоан кофе уухыг хүссэнээр л энэ бүхэн эхэлжээ” ... Ж.К.Роулинг Нью Йоркт “Гайхамшигт араатнууд ба тэднийг хаанаас олох вэ” киноны нээлтийн үеэр.

7. Старбакс нээгдэхээс ч бүр өмнө хүмүүс кофе шопт зохиол бүтээл туурвидаг байв. Жоан Роулинг улсаас өрх толгойлсон эхийн тэтгэмж авдаг байхдаа анхны номоо бичсэнийг хэн хүнгүй мэднэ. Тэр үед Жоан хоёр кофе шопоор байнга үйлчлүүлдэг байсан нь Эдинбүрг дэх “Николсоны кафе”, “Элефант хаус” хоёр юм. Одоо эхнийх нь хятад хоолны ресторан болжээ. Харин удаах нь жуулчдын хөлд дарагдсан учир та тэнд зохиол бичнэ гэвэл нэлээд бэрхшээлтэй тулгарах болов уу.

1998 онд Блүмсбери хэвлэлийн газар “Харри Поттер” цувралын “насанд хүрэгчдийн” гэх хувилбарыг гаргажээ. Гэхдээ үүнд ямар нэг бохир агуулга нэмээгүй, ердөө хавтсыг л илүү өнгө багатай, дүнсгэрдүү болгосон аж.

8. Уг цувралаас мартах аргагүй гурван хараалыг унших боломжтой. Үгүй дээ, таны бодож байгаа шиг биш. Бид энд хүмүүсийн байнга хэлдэг хараалын үгийн тухай яриагүй. Номын үхэл идэгчдийн тухай хэсэгт дурдагддаг хамгийн аймшигтай гурван хараалын тухай энд ярьж байна. Ид шидийн яамны 1717 онд гаргасан тушаалаас харахад, эдгээрийн аль нэгийг хэлсэн хүн Азкабаны шоронд үүрд мөнх хоригдох ажээ. Биеэ хэчнээн үлгэр жишээ авч яваад ч тэндээс огт суллагдахгүй. Эдгээр нь хүний ухаан санааг удирдах “Империо” хэмээх хараал, тарчилган зовоох “Крусио” хэмээх хараал, түүнчлэн хамгийн аймшигтай үхлийн хараал “Авада Кедавра” юм. Энэхүү сүүлчийн хараалыг багахан буруу хэлэх аваас (“Аведа Кедавра”) хөнөөхийг хүссэн хүн тань илүү залуу, цэвэрхэн, зөөлөн арьстай болж хувирна.

9. Хүүхдэд зориулсан номыг насанд хүрэгчдэд ч худалдаж болно. Харри Поттер цувралын хойноос уншигчид үнэхээр халууран хошуурч байсан учир насанд хүрсэн уншигчдын зах зээлийг ч мөн байлдан дагуулахын тулд Блүмсбери хэвлэлийн газар нэгэн санаа бодож олжээ. Тэд 1998 онд энэхүү цувралын “насанд хүрэгчдийн” хувилбарыг гаргав. Олон нийтийн газар хүүхдийн ном уншиж харагдахаас ичингүйрсэн насанд хүрэгчдэд зориулсан энэ хувилбарт ямар нэг бохир заваан агуулга нэмэгдээгүй, харин ердөө номын хавтас илүү даруухан өнгө төрхтэй болсон юм.

10. Ном номоос илүүтэй нууц ном гэж бий. Тэр бүү хэл хэвлэлд гарахаас өмнө орчуулагчдаа ч номоо өгөхгүй гээд бод доо. Их халуурлын үе буюу “Харри Поттер ба Галт хундага” ботиос хойших үед цувралын ботиуд шөнө дунд худалдаанд гарч эхлэх гэх мэт маш нарийн арга хэмжээ авч байлаа. Англи хэлээрх хэвлэл номын дэлгүүрүүдэд хүргэгдэх хүртэл орчуулагчдад номоо огт өгдөггүй гэсэн үг. Англи хэл дээр худалдагдаж буй хувилбар бүр тэдний (франц хэл дээрх орчуулгын) борлуулалтыг бууруулах магадлалтайг тооцсон франц орчуулгын баг орчуулгаа аль болох түргэн гаргах гэж нойргүй ажиллаж байв.

11. Зарим хүн энэ номыг огт унших хэрэггүй байжээ. Эргэн дурсъя. Нью Йорк Таймс сониноос энэ цувралын амжилтыг магтахаар алдарт зохиолч А.С.Байеттыг сонгосон нь тийм ч нүдээ олсон хэрэг болсонгүй. “Хатагтай Роулингийн ертөнц бол хүүхдийн зохиолын аливаа сэдвийг ухаалгаар зүйж наасан дайврын дайвар ертөнц юм. Энэ зохиолыг зурагтын хүүхэлдэйн кино, савангийн дуурийн хэт сайн, хэт муу хоёр тал, реалити шоу, алдартнуудын хов живээс хэтрэхгүй төсөөллийн ертөнцтэй хүмүүст зориулжээ” гэж Байетт бичсэн нь уг нийтлэлийг анх бичих болсон зорилготойгоо нэлээд зөрчилдсөн нь хэн хүнд ойлгомжтой. Гэхдээ уг зохиолч эмэгтэй цувралыг зориуд хурцаар шүүмжлэх гээгүй, ердөө өөрт төрсөн санаа бодлоо тун ширүүхэн илэрхийлчихсэн аж. Байетт энэ шүүмжлэлийнхээ улмаас уг цувралын жинхэнэ шүтэн бишрэгчид дунд онцгой “алдаршсан” билээ.

12. Зохиогчийн эрхэд халдагчтай учраа ололцох арга зам нэгээр тогтдоггүй ажээ. Хогвартст өрнөдөг түүхийн тухай өөрийн зохиолоо хэвлэлийн газар худалдах гээд үз л дээ. Тэгвэл энэ бүхэн хаана төгсөх нь тун тодорхой. (Багахан тусламж өгье: шүүхэд төгсөнө). Шүтэн бишрэгчдийн онлайнаар нийтэлдэг зохиолууд нь тэднийг өөрийн ертөнцдөө татан оруулах, түүнчлэн энэ цувралыг унших халуурлыг хэвээр хадгалахад тустай гэдгийг Роулинг ч, түүний хэвлэгч ч ойлгожээ. Роулинг цувралаас нь санаа авч зохиол бүтээл туурвигчдад албан ёсны зөвшөөрлөө хоёр болзолтойгоор олгожээ: юун түрүүнд, тэд бүтээл туурвилаа ашиг орлого олох зорилгоор хэвлүүлэхгүй; хоёрдугаарт, бохир заваан утга агуулга нэмэхгүй.

Зургийн тайлбар: Эмма Вотсон, Руперт Гринт, Дэниел Рэдклифф гурав анх хэвлэлд гарсан өдрөө хэрүүлийн бай болсон “Харри Поттер ба Үхлийн хөндий” ботиос сэдэвлэсэн кинонд тоглож буй нь.

13. Хэвлэлийн газар их дэлгүүрээс илүү хүчтэй. “Харри Поттер ба Үхлийн хөндий” боть анх худалдаанд гарахад Асда их дэлгүүрийн зүгээс Блүмсбери хэвлэлийн газрыг “ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд ичгүүргүй загнаж”, “хүүхдийн мөнгийг дээрэмдэхийг завдсан” гэж буруутгав. Учир нь уг хэвлэлийн газар “Харри Поттер ба Үхлийн хөндий” ботийг харьцангуй өндөр буюу 17.99 фунт стерлингийн үнэтэйгээр худалдаанд гаргажээ. Блүмсбери хэвлэлийн газрын зүгээс уг их дэлгүүрийг “нэр хүндэд нь халдсан” хэмээн шүүхэд хандана гэж сүрдүүлснээс гадна, үүнээс ч хүчтэй нэгэн шийдвэр гаргажээ: Тэд Асдагийн зүгээс 500,000 ширхэг ном борлуулна хэмээн гэрээ байгуулсныг цуцлахаар шийдэв. “Тэд 500,000 номоо авмаар байгаа бол ирээд бидэнтэй эвлэрэх ёстой. Сэтгэлээр унасан Асдагийн үйлчлүүлэгчид энэ шийдвэрт талархах нь гарцаагүй. Учир нь ямар ч амьгүй болсон Асдагийн номын тасгаас хэн ч ном авахгүй шүү дээ” хэмээн Блүмсбери мэдэгдлээ. Асда амьгүй тавиурууддаа хэдэн ном авч тавихын тулд нэгхэн өдрийн дотор уг хэвлэлийг царайчилж, анхны үгээсээ буцжээ.

Нэгэн эрхэм “Харри Поттер” хэмээх бэлгэвч худалдаалж эхлэхэд эрхзүйн зарим нэг асуудал үүсжээ.

14. Харри Поттертой холбоотой л бол ямар ч зүйлийг худалдаж болно. Анх нэгэн бизнесмен “Харри Поттер” хэмээх бэлгэвч худалдаалж эхлэхэд эрхзүйн зарим нэг асуудал үүсжээ. Гэхдээ энэ ердөө савааны үзүүр цухуйн харагдаж буй хэрэг байв. Хогвартсаас санаа авсан “хуурамч” бүтээгдэхүүнүүд дунд хамгийн алдартай нь Маттел тоглоомын компаниас гаргасан Нимбус 2000 чичиргээт хуванцар шүүр болов уу. “Би 32 настай. Гэхдээ би энэ шүүрийг унахдаа 7 болон 12 настай хүүхдүүдээсээ дутахгүй дуртай” хэмээн Амазоны ердийн нэг үйлчлэгч сэтгэгдлээ үлдээжээ.

15. Зохиолчид хүчирхийлэлд дуртай болдог ажээ. Энэ цувралыг мэдэхгүй хүмүүс намайг хэтрүүлж байна гэж бодож магадгүй. Гэхдээ, үгүй дээ, Ж.К. бүсгүй цуврал цааш ахих тусам улам бүр ширүүсэж эхэлсэн билээ. Поттерын шүтэн бишрэгчдийн вики нэвтэрхий толиос харахад, уг цувралын туршид “нийт 158 хүн нас баржээ”. Сүүлчийн хоёр номд гол дүрүүд ар араасаа нөгөө ертөнц рүү талийж оддог. Хэн нь вэ гэдгийг нь би хэлэхгүй, гэхдээ ихэнх нь гэдгийг л цухас дурдъя. Уншиж амжаагүй хүмүүс уучлаарай.

16. Номын дэлгүүрүүд түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай номоос орлого бараг олоогүй. Их дэлгүүрүүд уг цувралыг хамгийн их зардалтай номд тооцож, алдагдалтай борлуулж байв. Харин хараат бус дэлгүүр, худалдааны байгууллагууд Теско сүлжээ их дэлгүүрээс номыг авч борлуулахыг илүүд үзжээ. Учир нь тэндээс номыг худалдаж авах нь хэвлэлийн газраас авахаас хямд тусаж байлаа. Тэр цагт аливаа номыг дэлгүүр бүрд адил үнээр борлуулах гэрээ хүчин төгөлдөр байсан бол яах байсныг нэг төсөөл дөө.

17. Дотуур байртай сургууль хөгжилтэй байж магад. Хэдэн арван жилийн турш моодноос гараад байсан дотуур байртай сургуулиуд 1990-ээд оны сүүлчээс эхлэн элсэн суралцах хүсэлт өргөдлүүдэд дарагджээ. Энэхүү үйл явдлыг сургуулийн эрхлэгчид “Харри Поттерын нөлөө” гэж нэрлэв. Эрэлтийг хангахын тулд дотуур байртай сургуулиуд шинээр барих санал ч гарч байжээ. Эдгээр сургуулиудын талаар шүүмж өрнүүлсэн “Хөшүүн дээд уруул” (Stiff Upper Lip) номын зохиогч Алекс Рентон, иймэрхүү дотуур байртай сургуулийн тухай бүтээл туурвидаг бусад зохиолчдын нэгэн адил Роулинг ч дотуур байртай сургуульд суралгүй, гэрээсээ сургуульд явсныг онцолсон байна.

18. Ямар ч сайн зохиолч араагаа сольж болно. Роулингийн насан хүрэгчдэд зориулсан анхны роман “Сул орон тоо” (The Casual Vacancy) ангийн ялгаа, улс төр, шашны асуудлаас гадна мансууруулах бодисын хэрэглээ, хүчингийн хэргийн тухай өгүүлнэ. Уг романд сексийн үзэгдэл нэгэнтээ гардгийг “Утга зохиолын шүүмж” сэтгүүлийн нэрэмжит “хамгийн муу сексийн үзэгдэл” шагналд нэр дэвшүүлсэн ч “хангалттай муу бичигдээгүй” гэсэн шалтгаанаар ялагджээ.

19. Нэрээ хэчнээн нууцалсан ч танигдахдаа л танигдана. Стивен Кингийн нэгэн адилаар Роулинг ч мөн шилдэг борлуулалттай номын зохиолч өөр бусад бүтээлээ нууц нэрээр хэвлүүлбэл юу болдгийг үзэхийг шийджээ. Корморан Страйк хэмээх гол дүрийн тухай өгүүлэх цуврал триллер зохиолын нэгдүгээр боть “Хөхөөн дуу” (The Cuckoo’s Calling) эзэн хааны цагдаагийн газрын нууц мөрдөгч Роберт Гэлбрейт хэмээх зохиолчийн нууц нэрээр 2013 онд худалдаанд гарч, уншигчдаас өндөр үнэлгээ авав. Санди Таймс сонин ердөө гурван сарын дараа энэ номын зохиолч нь угтаа Роулинг болохыг илрүүлсэн билээ.

20. Цуврал дууссан ч адал явдал үргэлжилсээр. Роулинг цувралаа төгсгөсөн ч дүрүүдээ ганцааранг нь орхиогүй ажээ. “Харри Поттер ба Хараагдсан хүүхэд” хэмээх жүжиг, Поттермор цахим хуудасны 18,000 үгтэй нэмэлт агуулгаас гадна, Роулинг цувралд нэр нь дурдагддаг “Квиддичийн түүх”, “Туульч Бийдлийн үлгэрүүд”, “Гайхамшигт араатнууд ба тэднийг хаанаас олох вэ” номуудаа бичив. Харри Поттертой холбоотой бараа бүтээгдэхүүнээр дагнасан наймаа эрхэлдэг худалдаачид нэгэн “алтан цөгц”-ийн хойноос эрэл хайгуулд хатдаг. Тэрхүү “алтан цөгц” гэгч нь уг цувралаас өмнөхийг өгүүлсэн 800 үгтэй зохиол юм. Роулинг энэ зохиолоо ил захидал дээр бичжээ. Уг зохиолыг Английн утга зохиолчдын PEN нийгэмлэгт хандив өгөхөөр зохиосон дуудлага худалдаанд 25,000 фунт стерлингээр борлуулсан ч өдгөө хаана байгааг хэн ч мэдэхгүй аж. Учир нь энэ жилийн эхэнд уг зохиол хулгайд алдагдсан билээ.

Эх сурвалж: theguardian.com

Та энд дарж Харри Поттероо урьдчилан захиалаарай. Урьдчилсан захиалганд хүргэлт үнэгүй, бэлэгтэй.



Номын мэдээлэл хүлээн авах