Зуны нэгэн үдэш коллежийн төгсөгчид хүндэлдэг багшийнхаа гэрт зочилжээ. Тэд сургуулиа төгсөөд бараг нэг жил болсон байв. Энэ хугацаанд бүгд л амьдралын эрээн барааныг биеэрээ туулж, тодорхой хэмжээнд бүтэлгүйтэл, төөрөгдөл, шантралтай нүүр тулснаа хуучилцгаан, хорвоо ертөнцийн бодит үнэний талаар өөр өөрсдийн бодлыг ам булаалдан ярилцаж байлаа.
Түүнчлэн сургуулиа төгссөний дараа амьдрал нь ямар ярвигтай, хүнд хэцүү болсон талаар багшдаа гомдоллохгүй байж чадсангүй. Олон цагийн турш үргэлжлэх ажил, ааш муутай босс, ажлын байрны өрсөлдөөн гээд л түмэн зүйлийн зовлон тоочсон ч яг үнэндээ бүгдийнх нь яриа ганц л цэгт төвлөрч байв.
- Мөнгө, мөнгө, мөнгө.
Хэсэг хугацааны дараа багш нь босоод кофе найруулж эхэлжээ. Хүн бүрд нэгийг буюу нийт зургаан аяганд кофегоо хийлээ. Гурван аяга нь нэг удаагийн хямдхан аяга байсан бол нөгөө гурав нь багшийнх нь хамгийн гоё гэсэн шаазангууд байв. Багш шавь нартаа хандан өөрсдөө босоод кофегоо авч уухыг хүсжээ.
Хэдхэн секундийн дараа тэдний хороондоо мэтгэлцэх яриа тод сонсогдож эхлэв. “Байзаарай, чи яагаад энэ аягыг авах гээд байгаа юм бэ?”, “Үгүй ээ, би энийг авна”, “Үгүй ээ, би түрүүлж ирсэн, чи өөр аяга авахгүй юү” хэмээн инээлдэж, хэн ямар аяганд уух талаар маргалдаж эхлэх нь тэр. Найзуудын дундах бяцхан сөргөлдөөн.
Эцэст нь нэг юм тэд кофегоо аван сууцгаахад багш инээмсэглэн “Та нар зүгээр л кофе уухыг хүсэж байгаа хэр нь ээ бүгд л илүү гоёмсог аяганд уух гэж маргалдаж байна. Энэ чинь л та нарын гол асуудал шүү дээ. Одоо ойлгов уу” гэв.
Мөнгө бол эмзэг сэдэв. Учир нь бидний ихэнх нь өөрсдийн үнэ цэнийг мэдэрч, хэн гэдгээ илэрхийлэхдээ ажил мэргэжил болон орлоготойгоо тодорхой хэмжээгээр холбон авч үздэг. Чухамдаа мөнгө хувь хүнийг үнэлэх нэг үнэлэмж болдог төдийгүй зах зээлд өрсөлдөх чадварыг илэрхийлдэг учир мөнгөний тухай асуудал тулгарахад бид бүгд ямар нэгэн байдлаар сорил өгч байгаа юм шиг мэдэрч, сандал дээрээ тавгүйхэн займчдаг.
Гэвч мөнгө бол зүгээр л үнэт зүйлсийг бий болгоход ашигладаг хэрэгсэл болохоос бус жинхэнэ үнэт зүйл биш.
Амьдралд үнэ цэнтэй олон зүйлс бий. Цаг хугацаа ч, мэдлэг ч тэр нэг төрлийн үнэт зүйлс. Аз жаргал болон бусад эерэг сэтгэл хөдлөл ч бас үнэт зүйлс мөн. Харин мөнгө бол эдгээр үнэт зүйлсийг хооронд нь зохицуулах хэрэгсэл юм.
Мөнгө бол баялгийн үндэс шалтгаан биш, харин үр дагавар. Үүнтэй адил мөнгийг асуудлын гол шалтгаан гэж бодож байвал бас л эндүүрэл болно. Учир нь ихэнх тохиолдолд мөнгө асуудлын үр дагавар нь л байдаг.
Хэрэв мөнгийг шингэн биет гэж үзвэл түүний үнэ цэн хөдөлгөөнд орж эхлэхэд нь л мэдэгдэнэ. Тэгэхээр мөнгө хүнийг ямар үнэт зүйлтэй, ямар хандлагатай хүн болохыг нь илэрхийлж байдаг.
Ихэнх хүмүүс баян байна гэдгийг олон зүйл эзэмшиж, ямар нэг байр суурь, алдар нэрд хүрэхтэй холбож ойлгодог. Би Лас Вегаст вип ширээ захиалан, Иванка Трамптай селфи хийсэн маягтайгаар амралтын өдрүүдээ өнгөрүүлж болно. Гэхдээ энэ нь миний зээлийн картын лимитийг л хэтрүүлэхээс биш намайг баян болгохгүй. Харин ч нэг талаараа бүтэлгүй амьтан л болгоно.
Тулааны клубт “Чиний эзэмшдэг зүйлс чамайг эзэмшдэг” хэмээх хэллэг бий. Материализм бол ерөнхийдөө сэтгэл зүйн өвчин. Чи хэчнээн ихийг эзэмшсэн ч, хэчнээн ихийг авсан ч, хэчнээн ихийг олсон ч илүү ихийг хүсэх өвчин хэзээ ч алга болохгүй. Харин ч илүү ихийг хүсэх тусам илүү олон цагаар ажиллаж, илүү их эрсдэл хүлээж, энэ бүхэнд илүү их эрч хүч энергиэ зарцуулсаар л байна.
Мөнгө бол байгалиасаа саармаг зүйл. Тиймдээ ч мөнгө ямар нэг сэтгэл ханамжийг хоорондоо солилцоход ашиглагддаг хэрэгсэл болдог. Та бусад хүмүүст сэтгэл ханамжийг өгөх аливаа зүйлсийг санал болгосноор мөнгө олдог. Ямар нэг зүйлээс сэтгэл ханамж авахын тулд мөнгөө зарцуулдаг.
Спорт машин, алмаазан шигтгээтэй зүүлт зэрэг материаллаг зүйлс худалдаж авна гэдэг нь та зөвхөн биет бүтээгдэхүүн авч байгаа хэрэг биш харин тэр машиныг унаснаар бий болох, тэр зүүлтийг зүүснээр мэдрэгдэх сэтгэл ханамжийг худалдан авч буй хэрэг юм. Унасан машинаасаа та хурд, хүч, нийгмийн статусыг мэдрэх болно. Таны хувьд тэрхүү гоёлыг авахдаа тухайн зүйлийг эзэмших, хэрэглэх нь ямар байдгийг мэдрэх мэдрэмж л чухал.
Ямар нэг зүйлийг худалдан авахын үнэ цэн нь үнэндээ мөнгөтэй холбоотой байдаггүй юм.
Өлсөх мэдрэмжээ дарах гэж, түр зуур ч гэсэн өөрийгөө эрүүл, аз жаргалтайгаар мэдрэх гэж та хоол хүнсийг худалдан авч байна гэсэн үг. Гэр бүлтэйгээ аялалд гарахдаа хамтдаа шинэ зүйлийг турших, харилцаагаа бэхжүүлэх боломжийг худалдан авдаг. Ажилдаа шинэ костьюм худалдаж авах нь зөвхөн ямар нэг даавуун эдлэл эсвэл брэнд худалдан авч буй хэрэг биш харин өөртөө хөрөнгө оруулж чаддаг, өөрийгөө анхаардаг, итгэл даахуйц хүн гэдгээ бусдад харуулж буй хэрэг юм. Түүгээр ч зогсохгүй нийгмийн зүгээс таныг үнэлэх үнэлгээг худалдан авч байна гэсэн үг.
Эд зүйлд асуудал нь байгаа юм биш. Харин эд зүйл зөвхөн таныг ямар нэг тааламжтай мэдрэмжийг мэдрэх боломжийг олгож байгаа гэдэгт асуудал байгаа юм. Тэгэхээр та ямар нэг сэтгэл ханамжийг олж авахын төлөө л мөнгө зарцуулж байна гэсэн үг.
Мөнгө сэтгэл ханамжийг худалдаж авахад хэрэглэгддэг солилцооны хэрэгсэл болохоор харилцан тойрог үүсгэдэг. Энэ нь: Мөнгө олохын тулд туршлагыг (сөрөг) өгч, оронд нь өөр (эерэг) туршлага олж авдаг. Мөнгө чинь дуусах үед буцаад сөрөг туршлага дээр очих шаардлагатай болж тойрог ахин давтагдана.
Стрессийн тойрог- Зарим хүмүүс мөнгийг олохдоо маш их стресстдэг. Ихээхэн дарамттай ажил хийж, ямар нэг байдлаар бусдад шүүмжлүүлж, дарамтлуулж байж мөнгө олно. Олсон мөнгөө ажлаас нь үүдсэн тэрхүү сөрөг зүйлсээс ангижрах, сэтгэлийн дарамтыг хөнгөлөх, стресс тайлах зүйлд зарцуулсаар таардаг. Эдгээр хүмүүс баялаг бүтээж чадалгүй стрессийн үе, стрессийг тайлах үе гэсэн зогсошгүй тойрогт эргэлдсээр дуусдаг.
Эго тойрог- Зарим хүмүүс өөрсдийгөө хүчгүй, хэрэггүй, өчүүхэн гэж мэдрэх орчинд ажилладаг. Эдгээр хүмүүс мөнгөө хуурамч байр суурийг бүтээх зүйлсэд зарцуулж, тэрхүү эмзэг, дорой байдлаа өөр зүйлсээр нөхөхийг хичээнэ. Өөрсдийгөө тийм дорой, хэцүү байдалд оруулж байж мөнгө олдог шигээ олсон мөнгөө тэрхүү байдлаа дарахын тулд зарцуулсаар байдаг учир мөн л баялаг бүтээж чадахгүй.
Өвдөлтийн тойрог- Зарим хүмүүс мөнгө олохын тулд өөрсдийгөө өвтгөдөг. Биеийн хүчний (барилдах, илд үмхэх г.м) талаас эсвэл сэтгэл хөдлөл/ сэтгэл зүйн талаас (секс, нэр төрд нь харшлах ажил хийх, дарангуйлагч босс, дээрэнгүй хамтрагчтай ажиллах г.м) өөрсдийгөө өвтгөдөг. Харин олсон мөнгөө эдгээр өвдөлтийг намдаах зүйлс болох архи, хар тамхи зэрэг өөр бусад зүйлсэд зарцуулдаг.
Жинхэнэ баялаг гэдэг бол мөнгийг олох үед бий болсон сөрөг байдлыг өөрчлөхийн тулд бус харин олсноо ямар нэгэн өөр зүйлд зарцуулах үед л бий болно. Мөнгийг олох, зарцуулах процесс хоорондоо зохицох үед буюу эерэг туршлагаар дамжуулан олж, эерэг туршлагын төлөө зарцуулж эхлэхэд баялаг бий болно гэсэн үг.
Дээрх тойргуудын аль нэгэнд нь хамаардаг хүмүүс тун богино хугацаанд мөнгөний боол болдог. Мөнгө олох л амьдралынх нь ганц зорилго мэт болж, урагш ахих хүсэл тэмүүлэл нь мөн л мөнгө болчихдог.
Ингээд л та мөнгийг биш, мөнгө таныг эзэмшиж эхэлнэ. Энэ тойргоос гарах хүртэл эсвэл нас барах хүртэл чинь мөнгө таныг алгуур алгуурхнаар залгина.
Тойргийг богиносгож, мөнгөний араас гүйхээ больж, жинхэнэ баялгийг бүтээх ганц зам бол мөнгийг амжилтын хэмжүүр болгон ашиглахаа болих явдал юм.
Үнэ цэн гэдэг зүйлд олон тодорхойлолт байдаг шиг амжилтад ч бас олон тодорхойлолт бий. Мөнгө амжилтад хүрэхэд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн болохоос бус амжилт өөрөө биш.
Мөнгөний жинхэнэ үнэ цэн нь мөнгийг амжилт гэж үзэхэд биш харин амжилтад хүрэхэд ашиглагдах хэрэгсэл гэж үзэхэд бий болно. Үнэт зүйл болон туршлагыг бий болгоход эсвэл шинэ нээлт хийхэд, бүтээлч сэтгэхүйг тэтгэхэд, нийгмийг дээрдүүлэхэд, гэр бүлээ дэмжихэд, найз нөхдөдөө хайр түгээхэд, эрүүл саруул байхад, сэтгэл ханамжийг бий болгоход тусалж байвал энэ нь мөнгөний жинхэнэ үнэ цэн болно.
Мөнгөний жинхэнэ үнэ цэн нь бид мөнгөнөөс цаашхыг харж сэтгэхэд, өөрсдийгөө мөнгөнөөс илүү дээр, илүү үнэ цэнтэй гэж үзэхэд бий болдог. Мөнгөөр эд зүйлсийн цуглуулга бий болгож байна хэмээн бодоход бус, аливаа зүйлийг турших боломжийг олгож байна хэмээн сэтгэхэд мэдрэгддэг юм. Асуудал аяганд биш доторх кофенд нь оршдог билээ.
Илүү ихийг: ЭНДЭЭС