Мэдээлэл

Зурагт их үзэх нь хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Америкт 8-18 сартай хүүхэдтэй 1000 гэр бүлээс судалгаа авсан байна. Хүүхдэдээ хэр тогтмол ном уншиж өгдөг, хэр их хөгжим сонсгодог, хүүхдүүддээ ТV болон видео бичлэг үзүүлдэг эсэх талаар тэдгээр эцэг эхээс асуужээ. Түүний хажуугаар тэдгээр гэр бүлийн хүүхдүүдийнх нь хэл ярианы хөгжлийг бас харьцуулж судлахад ном уншиж өгдөг эцэг эхчүүдтэй хүүхдүүд дундаж үзүүлэлтээс 8 хувиар илүү хөгжилтэй байхад тогтмол зурагт үздэг хүүхдүүд дундаж үзүүлэлтээс 20 хувиар хоцрогдмол хөгжилтэй байгаа үзүүлэлт гарсан байна. ТV-ээр урсан өнгөрөх дүрсүүд бага насны хүүхдийг төдийгүй сургуулийн бага ангийн хүүхдүүдийн уураг тархинаас хэт их зүйл шаардаж ачаалалд оруулдаг болох нь тогтоогдсон байна. 

2 хүртэлх насны хүүхдүүд өдөрт хамгийн ихдээ 15-20 минут өөрсдийнх нь сэтгэхүйд тохирсон ТV-ийн дүрс үзэж болох бөгөөд 3-5 насныхан 30 минутаас хэтрүүлж болохгүй. 

Үүнээс хэтэрсэн тохиолдолд хүүхдэд идэвхгүй байдал, хэл ярианы хөгжлийн хоцрогдол, тайван бус байдал, нойрондоо муудах, анхаарал төвлөрөлтийн хоцрогдолд орох, гаднын нөлөөнд амархан автах байдал зэрэг ажиглагддаг байна. Учир нь тэдний уураг тархи тэр дүрс дууны хэт хурдан хөдөлгөөнийг боловсруулж чаддаггүй байна. 

Мөн 2008 оны 11 сараас эхлэн Францад гурваас доош насны хүүхдүүдэд ТV үзүүлэхийг хориглосон байна. Хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлгийг “ТV үзэх нь гурваас доош насны хүүхдүүдийн хөгжилд хортой нөлөө үзүүлдэг” гэсэн санамжтайгаар нэвтрүүлэхээр болгожээ. Энэ нь францын эрүүл мэндийн яамнаас явуулсан судалгаанд ТV нь бага насны хүүхдийг идэвхгүй байдал, хэл ярианы хоцрогдол, анхаарал төвлөрөлтийн сулралд хүргэдэг гэсэн дүгнэлт гарсантай холбоотой гэнэ. 

Иймээс эцэг эхчүүд та бүхэн манай хүүхэд уншиж сураагүй юм чинь ном ойлгох болоогүй гэж бодолгүйгээр аль болох хүүхдийнхээ ТV-д зарцуулах цагийг нь багасгаж номтой нөхөрлүүлээрэй. Эндээс уншиж сураагүй хүүхдэд зориулан ном уншиж өгөх нь ямар ач холбогдолтой вэ? гэдэг асуулт урган гарна. Тэгвэл ХБНГУ–ын Фрайбургийн их сургуулийн Психологийн институтийн хүүхдийн хөгжлийн сэтгэлзүй болон сурган хүмүүжүүлэх сэтгэлзүйн профессор, доктор Михайл Карлтон дараах хариултыг өгч байна. 

Эцэг эхчүүд бага насны хүүхэдтэйгээ ном үзэж, харилцан ярилцах нь бусад техникийн тусламжтай цацагдах ТV (видео болон аудио бичлэг, радио, PC тоглоомууд)-тэй харьцуулахад доорх давуу талтай байдаг байна. 

  • Хүүхдэдээ тохиромжтой байдлаар хурдаа зохицуулж болдог. Тайлбарлан ойлгуулах, давтах зэрэг нь хүүхэдтэйгээ дотно чөлөөтэй харьцах боломжийг олгодог. 
  • Хүүхэд өөрөө номын хуудсуудыг эргүүлж сонирхолтой зүйл дээрээ тогтож ажиглан, дургүй айдас төрүүлэх зүйлсээс зайлсхийх зэргээр шүүж сонгох нь ирээдүйд хахаж цацмаар их мэдээллийн дундаас өөрт хэрэгтэйгээ сонгох чадвартай болоход давхар бэлтгэж байдаг. 
  • Хүүхэд өөрөө санаачлагыг гартаа авч хэзээ эхлэх дуусахыг өөрийн дураар шийдэж, буцааж нягтлах, эсвэл алгасах, заримдаа өөрөө уншигчийн дүрийг эзлэх зэргээр уг үйл явцад идэвхтэй оролцдог. 
  • Бусад мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулахад номын бас нэг давуу тал бол хүүхэд номтой алхам алхмаар харьцаж сурдаг. Эхлээд барьж ноолж, дараа нь хуудсыг эргүүлж, амандаа үмхэж, хазаж, долоож дараагаар нь тоглох гэх мэт үе шатыг өнгөрөөсний дараа жинхэнэ утгаараа доторхийг нь үзэж унших явц эхэлнэ . Энэ нь тэдэнд насанд хүрэгчид номон дах зурагнуудыг үзүүлж түүнд тохирох нэр ухагдахууныг нэрлэн, зурагнуудтай холбоотой түүхийг хүүхдийн мэддэг ертөнцөөс ярьж өгөх байдлаар эхлэн улмаар өөрөө ном уншихыг хүсэх зэрэг дарааллаар үргэлжилнэ. 
  • Зурагт болон компьютерийн үзүүлж буй зүйлс нь хэдийгээр уншиж өгөх хүнийг зарим талаар орлож байгаа мэт боловч зөвхөн тухайн хүүхдэд зориулсан, тохируулсан дотно харьцааг хэзээ ч орлож чадахгүй.

Номын мэдээлэл хүлээн авах