Өргөст модны дууч шувууд

Амьдралдаа өргөст хатгуулж үзээгүй хүн байдаг болов уу? Хэзээ нэгэн цагт өвдөхөө мэдсээр байж “өргөс” рүү тэмүүлсэн тохиол хэний амьдралд үгүй сэн билээ? Хайрыг чухамдаа сайханд нь сэтгэл алдран өргөсийг нь умартаж, нэг л мэдэхэд хатгуулах сарнай цэцэгтэй зүйрлэж болох ч юм шиг.
Австралийн зохиолч Колин Маккалоугийн “Өргөст модны дууч шувууд” ном 1977 онд хэвлэгдсэн даруйдаа олны сонирхлыг татаж, борлуулалтаараа тэргүүлээд зогсохгүй, дэлхий даяар нийт 33 сая хувь борлогдож, Австралийн хамгийн их уншигдсан ном болсон билээ. Английн нэгэн судалгааны газрын тооцоогоор эл ном нэг минутад хоёр хувь борлуулагдаж байна хэмээн тухайн үедээ мэдээлж байжээ.
Өргөст модны дууч шувууд гэх уг романдаа зохиолч, Дрохеда эдлэнд өрнөх эгэл жирийн нэгэн гэр бүлийн гишүүдийн эгэл бус хувь тавиланг уран яруугаар дүрслэн харуулжээ.
Ном харьцангуй залуу хэдий ч, олон талт агуулга болон одоог хүртэл уншигчдын сонирхлыг татсаар буйн хувьд дэлхийн уран зохиолын сонгодгуудын тоонд зүй ёсоор ордог. Уншигчид өөр өөрсдийн сонирхсон сэдвийг эндээс олж чадна гэсэн үг. Үзэсгэлэнтэй боловч хатуу ширүүн уур амьсгалтай Австрали орон, хүмүүсийнх нь ахуй амьдралын хэв маяг, ёс заншил, соёлын үнэт зүйлс, байгалийн сонин тогтолцоо, дэлхийн хоёрдугаар дайны түүхэн мөчүүд, дайны дараах хүндрэл бэрхшээл, сүсэг бишрэл болоод шашны дэг жаяг гэх мэт. Бас, хүсэл мөрөөдөл, үүрэг зорилго, ганцаардал, сэтгэлийн хямрал, атаа хорсол, үзэн ядалт, аз жаргалын эрэл хайгуул. Балчир ахуй, залуу халуун үе, өтөл нас. Мэдээж, энэ бүх үед хүмүүнийг үргэлж дагалдаж явдаг хайрын тухай.
Ер нь бид, хожим нь ямаршуу үнэ цэнээр нөхөгдөхийг бодох ч үгүйгээр өргөст мод бэлддэг, бүх юм дууссан хойно зөвхөн шүд зуун тэсэх, “За яах вэ, дэмий зовсонгүй” гэж өөрсдийгөө тайвшруулаад хоцордог тухай, бас бардам зан, тэнэглэл, амбиц, хэвшмэл ойлголт, золгүй нөхцөл байдал зэргээс болж өөрсдөдөө хэчнээн зовлон бэрхшээл учруулж, гарт орж ирсэн аз жаргалаа хэрхэн алдаж байдгийг зохиолч бидэнд ойлгуулахыг зорьсон юм шиг.
Тэгэхээр, амьдралдаа ганцхан удаа юутай ч зүйрлэшгүй уран гоёор дуулаад өргөст модонд шорлогдон үхдэг шувууны тухай домгийн утга учир энд тайлагдах буй за. Уншигчийн зүгээс гарч ирэх, “Чухам тэгээд хэн нь өргөст модонд шорлогдож үхэж буй шувуу нь юм бэ?” гэсэн асуултын хариу ч мөн энд байгаа нь дамжиггүй. Ганцхан дүрийг оноож, эсвэл ганцхан өгүүлбэрээр эдгээр асуултад хариулж болохгүй нь “Өргөст модны дууч шувууд” хэмээх олон тооны нэрээс харагдаж буйг мэргэн уншигч маань анзаарах буй за.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: С. Дэлгэрмаа , Редактор: Н. Жавхлан , Д. Отгонтуяа , Ж. Хишигжаргал , Ж. Цолмон , А. Марал , Зураач: Б. Төрмөнх , Дизайнер: Б. Баясгалан ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789919518080,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Хатуу хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 748,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 52 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах