Хүүхдийн түүх

Петер Хандке 1942 оны 12 дугаар сарын 6-ны өдөр, Австрийн өмнөд хэсэг, Словени улсын хилийн ойролцоо орших Каринти мужийн Гриффен хэмээх тосгонд мэндэлсэн аж. Тэрээр сургуульд байхаасаа л анхны бичвэрүүдээ нийтлүүлж эхэлсэн юм. 1966 онд нэр хүндтэй Зүүркамп хэвлэлийн газар эрхлэн гаргасан “Балч зөгийнүүд” (Die Hornissen) хэмээх эхний роман, “Олон нийтийг доромжлох нь” (Publikumsbeschimpfung) нэртэй авангард жүжгээрээ анх нэрээ таниулжээ.
Зохиолч Хандкед Нобелийн шагнал олгохоор шийдсэн тухай зарласнаас хойш улс төртэй холбоотой, энэ төрлийн шүүмж маргаан дахин хурцадсан хэдий ч түүнийг дэлхийн II дайны дараах Европын хамгийн том зохиолчдын нэгд зүй ёсоор тооцогдоход хүргэсэн өргөн цар хүрээ бүхий, сод гарамгай бүтээл туурвилыг үгүйсгэх ёсгүй билээ. Хандке роман, өгүүллэг, эсээ гэхчлэн нийт дал гаруй хүүрнэл зохиол, олон арван жүжгээс гадна Вим Вендерсийн алдарт бүтээл Хүслийн жигүүр (1987) киноны зохиолыг бичжээ. Хандкегийн “Мөрөөдлөөс ангид уй гашуу” (Wunschloses Unglück, 1972) хэмээх амиа егүүтгэсэн ээжийнхээ тухай өгүүлэх эсээ, “Моравын шөнө” (Die Morawische Nacht, 2008) нэртэй аян замын тэмдэглэл роман болон бусад олон том, жижиг бүтээл намтартай нь ихээхэн холбоотой бөгөөд хүүрнэгч, зохиолч хоёрыг ялгаж салгахад тун бэрх өгүүлэмжтэй. Түүний 1981 онд бичсэн Хүүхдийн түүх хэмээх энэ тууж ч өөрийнх нь намтартай нягт холбоотой бөгөөд зохиолын нэрийг харахад хүүхдэд зориулсан түүх шиг санагддаг боловч тийм бус. Харин зохиолын би хүүрнэгч эр эхнэрээсээ салснаас хойш охиноо арван нас хүртэл нь ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн үеийн дурсамж, мэдрэмжийн хүүрнэл юм. Ингэхдээ би хүүрнэгч эцэг хүн байхын олон талыг илчлэн харуулжээ: Нэгдүгээрт, мэдээж хэрэг охинтой болох, охинтой байх ямар санагдсан тухай түүний хувийн өнцөг, хүүхэд өсөж томрох тусам энэ бодол цагийн аясаар хэрхэн өөрчлөгдөж буйг өгүүлнэ, хоёрдугаарт ганцаараа хүүхэд өсгөхөд тулгардаг амаргүй сорилтууд, тэр дундаа бодит ахуй амьдралын хийгээд санаа сэтгэлийн хувьд эцэг хүнд ирдэг ачаа дарамтыг өгүүлнэ, гуравдугаарт, харин аав болсноор хүн өөрөө хэрхэн өөрчлөгддөг, хорвоог болон нийгмийг харах өнцөг ямар хэлбэрээр, яаж өөрчлөгдөж буйг харуулна. Аав байх тухай, аав-хүүхдийн хоорондын харилцааны тухай сэдэв дэлхийн уран зохиолын чухал сэдвийн нэг байсаар ирсэн билээ. Энэ тухай зохиол бүтээл ч цөөнгүй олон бий. Гэхдээ Петер Хандкегийн энэ тууж шиг аавын тухай, тэр тусмаа ганц бие аав байх тухай сэдвийн гүнд нэвтэрч, илэн далангүй, нэгд нэггүй тодорхой илчлэн өгүүлсэн нь үгүй. Энэхүү зохиолоос хүүхдээ анх хараад би хүүрнэгч хэрхэн баярласан тухай, өмгөөлж хамгаалах гэнэтийн их хүсэл, догшин ширүүн эрч хүч мэдрэгдсэн тухай, түүнчлэн хүүхэд өсгөх өдөр тутмын тасралтгүй ажилд хэрхэн уйтгарлаж, тэвчээр алдарч, уурлаж бухимдаж буйг, үе үе энэ уур бухимдлаа барьж чадахаа болин тэсгэл алдан зохисгүй авир гаргаад, дараа нь түүнээс хэрхэн ичиж зовсныг олж харна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Орчуулагч: Б. Ундрах , Редактор: Б. Одончимэг , Редактор: Д. Очирмаа , Дизайнер: Э. Энэрэл ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789919517380,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 120,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 8 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах