М. Бямбасайхан
Ардын хувьсгал: Үзэл санааны түүх
Улс үндэстэн бүрийн түүхэнд он цагийн урсгалаар ялгаран тодорч үлдсэн үйл явдлууд бий. Тэр үйл явдал нь юмс урьдынхаасаа өөрчлөгдөн хувьсах эргэлтийн цэгийг тэмдэглэж, дараа дараагийн үеийнхний үнэт зүйлд үр нөлөөгөө үлдээдэг билээ. Монголчууд бид жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдөр 1921 онд өвөг дээдэс маань харийн урт удаан дарлал, түрэмгийллийн эсрэг тэмцэж олсон тусгаар тогтнолын баярыг тэмдэглэдэг.
Аливаа хүний төлөвшилд эцэг эх, хувь хүний авьяас чадвар, гэр бүлийн хүмүүжлээс гадна хэл яриа, өсөж торниж буй нийгэм, тухайн үед давамгайлж буй (эсвэл яг тухайн үед шинээр гарч ирж буй) үзэл санаа, төсөөлөл нөлөөлдөг. Тэрхүү үзэл санаа, төсөөллийг илүү ухаж ойлгоё гэвэл үүсэл гарал, хөгжлийг нь мөшгөж харах шаардлагатай. Тиймээс тухайн үеийн хувьсгалд оролцогчдын үйлдэл, үйл хэрэгт нөлөөлсөн хоёр гол үзэл санааг энэ номдоо зураг ба бичвэрээр хүүрнэхийг зорьсон юм.
Хувьсгал бол ямарваа нэгэн улс төрийн тогтолцоо ихэвчлэн огцом, харьцангуй богино хугацааны дотор явагдаж үндсээрээ, тууштай өөрчлөгдөх өөрчлөлт юм. Хувьсгал энх тайван замаар, эсвэл хүчээр явагдаж болно. Түүнчлэн хувьсгал дээрээс (эрх баригчдаас өөрсдөөс нь) юм уу, доороос (энгийн ард иргэдээс) эхэлж болно. "Хувьсгал" гэх ойлголтыг маш ерөнхий тодорхойлж хэлсэн түгээмэл тодорхойлолт бол энэ. Уг ойлголтыг илүү нарийвчлан тодорхойлох, ухаж ойлгох амаргүй. Учир нь Английн Агуу хувьсгал, Францын юм уу, Америкийн хувьсгал, эсвэл Орос оронд гарсан Октябрийн хувьсгал гэхчлэн модерн хувьсгалыг аваад үзэхэд л эдгээр түүхэн үйл явдал өөр хоорондоо бүгд ялгаатай, өөр өөрийн онцлогтой байсныг эрхгүй анзаарна. Гэхдээ тухайн үйл явдлыг бус, харин суурь нөхцөлийг нь аваад үзвэл бас нэгэн нийтлэг шинж харагдах юм: Тэр нь ирээдүй нээлттэй байна, төр ба засгийн хэлбэр бол бурхнаас заяагдмал зүйл биш, харин хүмүүсийн бүтээсэн зүйл, тийм ч учраас хүмүүс өөрчлөх боломжтой гэж үзэх орчин үеийн хүний ухаарал юм. Ямар нийгэмд, ямар хэлбэрийн төрт улсад амьдрах нь бидний гарт байна.
Худалдаж авах