Францын ном бүтээлийн хоригт өмнөх бүтээлүүдээрээ өртөн хохирч явсан Руссо Нийгмийн гэрээ номоо бүтээлийн агуулгад харьцангуй чөлөөтэй ханддаг Амстердам хотод анх хэвлүүлжээ. Харамсалтай нь улс төрийн нарийн эмзэг асуудлуудыг хөндөж, төр болон сүм хийдийг хурц шүүмжлэн бичсэн тус номыг Нидерланд улсад ч тэр, Франц улс болоод Женев, Берн хотуудад ч мөн адил хэвлэгдсэн даруйд нь хатуу хориглох болжээ. Гэсэн хэдий ч Европын бусад улсуудад энэ ном тасралтгүй уншигдаж, өргөн хэлэлцүүлэг маргаан өрнүүлж байсан юм.
Францын агуу зохиолч Виктор Хюго хагас зууны дараа “Цаг хугацаа нь гүйцсэн үзэл бодлыг зогсоох хүч байдаггүй” хэмээн хэлсэн нь Руссогийн бүтээлүүдийг дурдсан мэт.
Энэхүү бүтээл эцэстээ Монтескьегийн Хуулийн амин сүнс номын хамтаар Францын хувьсгалын гол гарын авлага болж, нийгмийг үндсээр нь өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулсан юм.
Энэ бүтээл Руссо өөрийн амьдарч буй цаг үеийг дүгнэсэн байдлаар эхэлнэ. Энгийн хоёр бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх энэ дүгнэлтдээ Руссо, юун түрүүнд, хүн төрөлхтөн өнөө цагт байгалийн эрхшээлд амьдрахаа нэгэнт больж, зохион байгуулалттай нийгэмд аж төрөх болсон гэж дүгнэсэн байна. Хөгжлийн энэ чиг хандлага аль хэдийн хэрээс хэтэрч, хүн төрөлхтөн байгалийн эрхшээлт амьдралдаа буцаж орох ямар ч аргагүй болжээ. Хоёрдугаарт, өнөөгийн хүн төрөлхтний амьдарч буй нийгэм нь зөв зохион байгуулалтад ороогүн хэд, хэдэн шалтгаан бий гэж Руссо үзсэн байна. Үүнд, эдгээр нийгэмд эрх мэдэлтэй цөөнх олонхыг захирч буйгаас гадна энэ хүчтэй хэсгийнхэн эрх мэдлийг олонхын давамгайллаар олж авсан мөртлөө тэд олонхын төлөө байдаггүйг буруушааж, энэхүү эрх мэдэл нь хууль ёсных биш гэжээ. Ийм нийгэм, ард түмний байгалиас заяасан хараат бус байдлыг булаан авахад хариуд нь юу ч өгөөгүй байна.
Олонх өөрсдийн захирагддаг хуулиа өөрсдөө санаачилж бичдэггүй, харин тусгай эрх олгогдсон цөөн хүн л түүнийг бичдэг. Эдгээр хууль нь ард түмний ашиг сонирхолд үйлчлэхийн оронд, тэр хүчирхэгжсэн, баян хүмүүсийн эрх ашгийг л хамгаална.
Худалдаж авах