Laura Esquivel

Халуун шоколад шиг сэтгэл

Зохиолч Лаура Эскивель нь 1950 оны есдүгээр сарын 30-ны өдөр Мексикийн Мехико хотод төржээ. Тэрээр дөрвөн хүүхэдтэй эгэл жирийн айлын гурав дахь хүүхэд болж мэндэлсэн бөгөөд аав Хулио Сесар Эскивель нь цахилгаан холбооны газарт ажилладаг, ээж Хозефа Вальдес нь гэрийн эзэгтэй байв. Лаура Эскивель театр судлалын чиглэлээр, хүүхдийн жүжиг болон сургуулийн өмнөх боловсролоор мэргэшин суралцсан байна.
Эскивель нь кино зохиол бичиж, роман туурвиж эхэлсний хамгийн анхных нь "Como agua para chocolate" хэмээх энэхүү бүтээл байв. Уг роман 1989 онд хэвлэгдэн гармагцаа уншигчдын анхаарлыг татаж, төд удалгүй Мексикийн уран зохиолын шинэ үеийн хамгийн амжилттай зохиолуудын нэг болжээ. Одоогоор 34 хэлнээ орчуулагдсан энэ романаар 1992 онд мексик найруулагч Альфонсо Арау (Альфонсо, Лаура хоёр хожим нь гэр бүл болжээ) кино бүтээсэн нь Эскивелийг роман туурвигч гэдгээрээ олон улсад танигдахад хувь нэмэр оруулсан юм.
Үйл явдал нь 1910 оны үед (Мексикийн хувьсгал эхлэх үед) өрнөх энэ романд Мексик-Америкийн хилийн ойролцоох фермд аж төрдөг Гарсагийн гэр бүлийнхний амьдралыг өгүүлнэ. Энэ гэр бүлийн өрхийн тэргүүн эрт нас барж дан эмэгтэйчүүд үлдсэн нь уг романы гол баатрууд болдог. Эскивель уг романдаа тодорхой нэг уламжлал, тэр тусмаа латин америкийн уран зохиолын уламжлалыг дагаад зогссонгүй, эрс тэс хоёр төрлийн номыг, өөрөөр хэлбэл сар, сараар хуваасан цуврал хэлбэрийн роман болон гал тогооны жорын ном хоёрыг хольж шингээснээс харахад түүний хошин шогийн мэдрэмж, хашигдаж баригдалгүй чөлөөтэй сэтгэн туурвих чадвар, шинийг турших дуртай сониуч зан нь тодхон харагдана. Тодруулж хэлбэл, романы арван хоёр бүлгийг тус бүр саруудад тааруулан хуваарилж, бүлэг бүрийн эхэнд нэгэн мексик хоол бэлтгэх жорыг нарийн тодорхой тоочин өгүүлж, улмаар уг жор нь үйл явдалтай нягт сүлэлдэх ажээ. Хүн заримдаа хоёр зүйлийн нэгийг л сонгох ёстой болдог. Уламжлал уу эсвэл дэвшил үү? Гэр бүлийн эв нэгдэл үү аль эсвэл амин хувийн аз жаргал уу? Хувь хүн бүр, айл өрх болгон, эцэстээ бүр нийгэм ч бас энэ сонголттой нэгэн цагт тулгардаг. Мэдээж хэрэг эл төвөгтэй нөхцөл байдал зөвхөн Эскивелийн романд өгүүлэгдээд өнгөрөх бус, дэлхий дахины олон улс гүрэнд, тэр дундаа манай улсад ч бас арай өөр маягаар илэрдэг. Тийм ч учраас энэхүү роман уншигчдад туйлын зугаатай, уран зохиол талаасаа тун сонирхол татам бүтээл болохоос гадна нийтийн хэлэлцүүлэг, шүүмж маргаан өрнүүлж болохуйц нийгэм-улс төрийн чухал ач холбогдолтой зохиол юм.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Laura Esquivel , Орчуулагч: Г. Сугиррагчаа , Редактор: М. Ганцацрал , Редактор: П. Сарангарав , Зөвлөх: Александр Шнорбуш ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 14,900₮,

ISBN: 9789997318541,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 260,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 17 ММ ,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: 32

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах