Вольтер

Кандид буюу өөдрөг үзэл

Вольтерын энэ романыг түүний бусад бүтээлийн хураангуй гэж хэлж болно... Түүний оюун ухаан яг дайны зэвсэг л гэсэн үг.
Улс төрийн абсолютист дэглэмээс гадна шашны зүгээс бодол санааг хянах оролдлогын эсрэг зарласан оюун ухааны дайны үе ч гэж хэлж болох XVIII зууныг Францад “Вольтерын эрин” гэж нэрлэдэг билээ. Вольтер, философи, утга зохиолын бүтээлүүдээрээ энэ үеийг тухайн үеийн бусад сэтгэгчийнхээc онцгой тод тамгалсан учир ийнхүү нэрлэсэн биз.
Энэхүү зохиол 1759 онд анх хэвлэгдсэн ба Руссогийн Нийгмийн гэрээ, Монтескюгийн Хуулийн үзэл санаа, Дидрогийн Энциклопедийн хамтаар Европын Соён гэгээрлийн эриний хамгийн сонгодог бүтээлүүдийн нэгд тооцогддог. Энэхүү номдоо Вольтер “бид байж болох хамгийн төгс сайхан ертөнцөд амьдарч буй” гэж үзэх, хамгийн болж бүтэхгүй зүйл амьдралд нь тохиолдсон ч тогтсон үзэл бодлоосоо салдаггүй Панглосс (латинаар, бүх хэлээр яригч гэсэн үг) хэмээгч нэгэн хэт өөдрөг үзэлт философичийг дооглон элэглэжээ. Түүнчлэн энэхүү зохиолын Кандид хэмээх дүрээр (Кандид нь францаар гэнэн итгэмтгий гэсэн үг) дамжуулан бурхан тэнгэрт бүхнээ даатгагч гэнэн өөдрөг итгэгчдийг болон, хорвоо ертөнцийг өөрсдийн ухаанаар шүүн үзэхийн оронд бусдын үгэнд мухар сохроор итгэгчдийг төлөөлүүлжээ.

Зохиолын эхэнд Кандид өөрийнхөөрөө бодож сэтгэж чаддаггүй, бодол сэтгэлгээ нь хүлээстэй тийм хүн байв. Харин туулж өнгөрүүлсэн амьдралын явцад амьдралын эрээн бараантай учирч, юм үзэж нүд тайлах тусмаа тэрбээр Панглосс багштаны номлолд эргэлзэж, түүнийг олон талаас нь эргэцүүлэн бодсоор явдаг.

Энэхүү зохиол хүмүүст хүрэн амжилт олоход нөлөөлсөн хэдэн гол шалтгаан бий. Нэг талаас энэ зохиолдоо Вольтер 7 жилийн дайн, Лиссабоны газар хөдлөлт Испанийн харгис хэрцгий шашны шүүх зэрэг тухайн үеийн Европт тохиолдсон зовлон зүдгүүр, асуудлыг хөндсөн нь олны сэтгэлд ойрхон буужээ. Нөгөө талаар уг зохиолыг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн зүйл нь түүний утга зохиолын арга барил билээ. Хурц ухаан, хөгжилтэй, мэдрэмжтэй байдал, нарийн егөө цөм энэхүү зохиолоос мэдрэгддэг.

Ерөнхий бүтцийг нь харвал Кандид хамгийн эртний Европ зохиолуудад хадгалагдаж ирсэн суурь бүтцийг баримталсныг харж болно: Зохиолд антикийн сүүлч үеийн амраг хосуудын хайр сэтгэл, хагацлын дүрүүд тод харагддаг. Зохиолын эхэнд Кандид, Панглосс багш, Күнегонд авхай нар нэг цайзанд амьдардаг. Кандид бароны хүүгийн хамт хичээл ном заалгадаг ба Күнегондод хайртай болж, түүнтэй хамт халхавчны ард амраглаж байгаад охины эцэгт харагдан цайзаас хөөгддөг агаад харь газар бэдрэн явсаар Пруссын армид элсдэг. Ингэж зохиолын үйл явдал эхэлдэг бөгөөд тэр гурав нэг салж, нэг нийлж, элдэв адал явдал, аюул осолтой тулгарсан ч амьд мэнд давцгаана. Анх хэвлэгдсэнээс нь хойш 250 жил болж байгаа ч уг зохиол уншигчдыг баясган хөгжөөх ба дараах зүйлсийг ч бодогдуулдаг. Кандид хэрэв өнөө үед амьдарч байсан бол зохиолын гурван гол баатрын адал явдал хэр ялгаатай өрнөх байсан бол? Панглосс бидэнд хэнийг санагдуулах бол? Бас эдэнд тохилдсон адал явдал хэрхэн өндөрлөх бол?
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Вольтер , Орчуулагч: Ц. Батбуян , Редактор: Ч. Баасанжаргал , Т. Ариунсанаа , Редактор: Б. Сувддулам , Дизайнер: Н. Нямдорж ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997312969,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2016-11-01,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 204,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 10 ММ ,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: II дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах