Илиада болон Одиссэй хэмээх хоёр туульсыг барууны уран зохиолын хамгийн эртний бүтээлүүд гэж тооцдог. НТӨ 725-675 оны хооронд анх Илиада нь, арай сүүлд Одиссэй нь зохиогдсон хэмээн тооцогддог эдгээр туульс олон зууныг дамжин өнөө бидний үед ирэхдээ ач холбогдол нь асар өндөр болжээ: Уг хоёр туулийг олон талаас нь судалж, тайлбарлаж, шүүмжилж, дэлхийн бараг бүхий л хэлэнд хөрвүүлж, янз бүрээр хялбаршуулж, өөрчлөн найруулсан билээ. Гэвч эдгээр туулийг бичиж туурвисан зохиогчдын тухай асуудал өнөөг хүртэл маргаан дагуулсаар.Эртний үеийн ганц сод туурвилч, элдэв янзын домог таавар дагуулсан сохор туульч Хомэр зохиосон гэдэг үнэн болов уу? Эсвэл хожмоо бичиж буулгаж авахаас нь өмнө олон олон туульч үеэс үе дамнуулан зохиож, уламжлан өвлүүлснийг бэлгэдэл маягаар энэ хүмүүнд оноож данслав уу? Хоёр туульсыг нэг зохиогчийн бүтээл гэх эхний таамаг үнэн байж таарвал дараа дараагийн асуултууд хөвөрнө: Хомэр тухайн цаг үед тун цөөхөн байж таарах, бичиг үсэгт тайлагдсан хэдхэн хүний нэг байв уу, эсвэл ийм том хэмжээний цогц бүтээлийг бичиж тэмдэглэлгүй цээжээрээ зохион хэлэх боломжтой хэрэг үү? Энэ хоёр туульсыг үнэхээр Хомэр зохиосон юм болов уу?
Энэ мэтчилэн олон асуултын хариу өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй бөгөөд яв цав, тодорхой хариулт магад хэзээ ч олдохгүй буй за. Тэгэхээр бүгдээрээ энэхүү Одиссэй туульд, чухам ямар учраас өнөөг хүртэл дэлхий дахины хүмүүс энэ бүтээлийг бахдан шагшаад байна вэ гэдэгт анхаарлаа хандуулсан нь зүйтэй болов уу. 24 дуулал (хайлаан) буюу бүлэгтэй энэ тууль үндсэндээ гурван гол түүхийг хүүрнэн өгүүлнэ. Эдгээр нь Одиссэйн хөвгүүн Телемах ба түүний эх Пенелопа нарын тухай өгүүлэх Телемах хэмээх 1-4 дүгээр дуулал юм. Тройн дайн дуусаад олон жил өнгөрсөн ч Грекийн гарамгай баатруудын нэг Одиссэй гэртээ харьж ирэхгүй удсан тул түүний эхнэр Пенелопатай гэрлэхийг санаархан, өдөж хоргоох эрчүүд олширчээ. Тэд Одиссэйн орон гэрт орогнож, хүнс хоол, эд агуурсыг нь цөлмөнө. Одиссэйн хүү Телемах эцэг Одиссей нь эсэн мэнд буйг Афина дархиас дуулж мэдээд ээжид нь санаархсан харчуудыг гэрээсээ хөөн зайлуулах гэж оролдоно. Гэвч ганцаараа хүчин мөхөстсөн тул арга буюу бууж өгөн, аавыгаа хайж олохоор аян замд мордоно. Дараагийн бүлгүүд буюу 5-12 дугаар дууллаас уншигч бид Одиссэй замдаа хэрхэн будилж төөрсөн тухай, нөхдийн хамт ямар адал явдлуудтай учирсан, далай тэнгисийн бурхан Посейдоныг юуны учир хилэгнүүлж, төрөлх Итака нутагтаа харих замд нь саад хийхэд хүргэв гэдгийг олж мэднэ. Харин сүүлчийн хэсэг буюу 13-24 дүгээр дуулалд эхний хоёр шугам холбогдон нийлнэ. Одиссэй гэртээ эргэн ирж, Телемах хүүтэйгээ хамтдаа эхнэртэй нь гэрлэхээр санаархсан эрчүүдийг хөөн зайлуулж, Пенелопаг чөлөөлөн, эзэнт улсаа захиран суух болсон тухай энэ бүлэгт өгүүлнэ.