И Сангү
Сүгхян бүсгүйн домог, Сүгён авхайн домог
“Сүгхян бүсгүйн домог”-ийн зохиогч тодорхойгүй бөгөөд 17-р зууны сүүлд зохиогдсон гэж үздэг. Солонгосын сурвалж бичгийн нэг болох Гвонь Соб (Жусоны хожуу үеийн яруу найрагч)-ын “Өмнө нутгаар аялсан өдрийн тэмдэглэл (1731)”-д ‘Хангыл үсгээр бичигдсэн Сүгхян бүсгүйн домог’ гэсэн тэмдэглэл бий. Мөн Японы сурвалж бичигт ‘күнз судлаач Японы эрдэмтэн Аманумури Хушюү гучин зургаан нас (1703)-ндаа Жусон улсад “Сүгхян бүсгүйн домог” зохиолоор жусон хэл сурсан’ тухай тэмдэглэл байдаг ажээ.
Үймээн самуунаар эцэг эхээсээ хагацсан гол дүрийн Сүгхян охины зовлон шаналал, Сүгхян болон И Соний ээдрээт учрал-гэрлэлт, Сүгхян бүсгүйн эцэг эхтэйгээ эргэж уулзсан түүх, аршийн оронд хийсэн И Соний аялал зэрэг нь зохиолын ерөнхий агуулгыг бүрдүүлнэ. Гэвч энэхүү зохиолын хамгийн гол агуулга нь Сүгхяны зовлон зүдгүүр юм.
“Сүгхян бүсгүйн домог”-ийг Солонгосын шидэт, ер бусын үйл явдлын зохиомжтой зохиолын гол төлөөлөл гэж үздэг. Учир нь Сүгхяныг аюулд өртөх бүрд газар усны эзэн авхай, Магу эмгэн зэрэг тэнгэрийн дагинас өөрийн биеэр газарт буун ирж түүний амийг аварч, И Сонь аршийн орноор аялан янз бүрийн арштай уулзаж буй зэрэг уран зөгнөлт өгүүлэмж ихтэй. Тиймээс ч Солонгосын үргэлжилсэн үгийн зохиолын түүхийг анхлан бичсэн Ким Тэжүнь: ‘Сүгхян бүсгүйн домог нь Жусон хүний даосизм, буддизм хосолсон сэтгэхүйг бүрэн илэрхийлж чадахуйц зохиол’ хэмээн дүгнэсэн байдаг.
Мөн “Сүгхян бүсгүйн домог” нь Солонгосын эртний зохиолууд дундаас хамгийн ихээр олон түмний хүртээл болсон зохиолын нэг байсныг өдгөө олдоод байгаа хувилбар (хангыл үсгийн болон ханз үсгийн нийт 56 хувилбар олдоод байна)-уудаас гадна хэд хэдэн эртний сурвалж бичгээс таамаглаж болно.
Ер нь Солонгосын хайр дурлалын сэдэвтэй зохиолд гол дүрийн хосын учрал тавилан, гэрлэлтийг ‘тэнгэрийн барилдлага’-аар болж буй мэтээр зохиомжлох нь олонтоо. Харин энэ зохиол нь ид шидийн уран сэтгэмжийн өгүүлэмж ихтэйгээрээ бусад хайр дурлалын сэдэвтэй зохиолоос ялгагдана. Ийм уран сэтгэмж нь нийгмийн үнэн байдлыг тод тусгасан байдаг ажээ. Тодруулбал, нийгмийн гарал тодорхой бус нэгэн бүсгүй, язгууртан айлын залуутай уулзсанаар агуулгын зөрчил үүсдэг. Зохиолуудын уран сэтгэмж нь гол дүрийн эмэгтэйн амьдралын бодит нөхцөл байдалтай салшгүй холбоотой. Иймээс эдгээр зохиолууд хэдий ид шид, уран сэтгэмжийн бодит бус дүрслэл ихтэй ч, үйл явдлын нарийн өрнөл нь Жусоны хожуу үеийн нийгэм, ард олны сэтгэлзүй, амьдралын жинхэнэ байдлыг үнэн бодитоор тусгасан өвөрмөц өнгө аясыг илэрхийлдэг.
Худалдаж авах