Фёдор Михайлович Достоевский

Карамазовын хөвүүд

Оросын аугаа их зохиолч Фёдор Михайлович Достоевский чухамхүү "Карамазовын хөвүүд" романаараа XX зууны хүүрнэл зохиолын дээд түвшнийг манлайлан чиглүүлсэн юм. Энэ романгүйгээр өнөөдрийн утга зохиолын сэтгэлгээний аливаа ололт амжилтын тухай ярих боломжгүй билээ. Анх 1880 онд хэвлэгдсэнээсээ хойш 100 гаруй жилийн туршид "дэлхийн хамгийн шилдэг роман" гэгдсээр буй энэ бүтээл адал явдлын болоод философийн романуудын төрөл зүйлийг өөр хооронд нь сүлснээрээ үгийн урлагийн гайхамшиг болсон аж.
Карамазовын хөвүүд бол гэр бүлийн болон гэмт хэргийн томоохон романуудыг нэг дор нэгтгэсэн бүтээл юм. Түүгээр ч зогсохгүй, өөр төрөлд, тухайлбал, философийн ч романд хамаарах бөгөөд чухам тийм ч учраас Достоевскийн оюун сэтгэлгээ хийгээд бичиж туурвих чадварын охь шим болсон бүтээлд зүй ёсоор тооцогддог билээ.
Ер Достоевскийн бүх бүтээл эцэстээ Карамазовын хөвүүд романтай холбогдоно гэж хэлж болно. Түүний зохиол бүтээлдээ дэвшүүлэн тавьсан асуудлууд үнэндээ цоо шинэ зүйл биш юм. Харин ч урт настай, нэг ёсондоо хүн төрөлхтний “мөнхийн” гэмээр асуултууд бөгөөд тэрээр Үхэгсдийн байшингаас бичсэн тэмдэглэл (Записки из Мёртвого дома, 1861 ) болон Газар доороос бичсэн тэмдэглэл (Записки из подполья, 1864 ) туужаасаа хойших бүхий л зохиолдоо уг асуултуудыг авч үзсээр ирсэн байдаг.
Хүний доторх муу муухай бүхэн хаанаас эхтэй байдаг вэ, бид үүнийг ялан дийлж чаддаг уу? Бурхан гэж байдаг уу? Хэрэв бурхан байдаг бол орчлон хорвоо дээрх муу муухай бүхнийг тэр яагаад хүлцэн тэвчинэ вэ? Хэрэв байдаггүй юм бол хүмүүс бид итгэл найдвараа алдаж, цөхөрчхөлгүйгээр энэ хорвоо дээр яаж амьдрах вэ? Бас энэ нийгмээ эмх замбараагүй байдал, анархизмд хүргэлгүйгээр хэрхэн авч явах вэ? Энэ бүх асуултыг Достоевский сэтгэл зүйн үүднээс гүн гүнзгий уудлан, уран зохиолын өндөр түвшинд ахин нэгэнтээ авч үзсэнд Карамазовын хөвүүд романы онцлог, үнэ цэн оршино. Хайртай хүүгийнхээ араас харуусах зовлон шаналал, хорвоог орхих цаг ойртсоноо мэдэрсэн ухаарлын хүч нь амьдралынхаа сүүлчийн хоёр жил хагасын хугацаанд туурвисан энэхүү романд нь нэвт шингэж, бүтээлийнх нь чанар чансааг улам өргөсөн нь дамжиггүй. Нэрт сэтгэл зүйч Зигмуд Фрейд уг романыг “Урьд хожид бичигдээгүй хамгийн аугаа зохиол“ гэж үзсэн бөгөөд үүнтэй санал нэгдэх уншигч, шүүмжлэгчид өнөө хэр ч олон бий.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Фёдор Михайлович Достоевский , Орчуулагч: Ц. Батбуян , Редактор: Н. Жавхлан , Редактор: Ж. Хишигжаргал , Редактор: Д. Очирмаа , Зөвлөх: Александр Шнорбуш ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 29,900₮,

ISBN: 9789997315724,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Leather / fine binding,

ХУУДАСНЫ ТОО: 1028,

ХЭМЖЭЭ: 210 х 135 х 52 ММ ,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах