Thomas Mann

Венец дэх үхэл

Томас Манн 1875 оны зургаадугаар сарын 6-нд Германы Балтын тэнгисийн эрэг дэх Любек хотноо төрсөн бөгөөд Франц Кафкаг эс тооцвол 20 дугаар зууны эхний хагаст төрөн гарсан, үргэлжилсэн үгээр туурвигч герман хэлт зохиолчид дундаас хамгийн нөлөө бүхий гол төлөөлөгч нь билээ. Чинээлэг худалдаачны гэр бүлд төрсөн тэрээр 1901 онд 26-хан настайдаа Будденброкийнхон (Die Buddenbrooks) хэмээх гэр бүлийн сэдэвт романаараа утга зохиолын ертөнцөд цахиур хагалан гарч иржээ. Үүнийхээ дараа олон тооны богино хэмжээний зохиол, эсээ туурвисны дунд 1912 онд бичсэн Венец дэх үхэл тууж багтана. 1924 онд Шидэт уул (Der Zauberberg) хэмээх томоохон роман бичив. Улмаар 1929 онд Нобелийн шагнал хүртсэн Манн 1930 оноос хүчтэй дэлгэрсэн нацизмын эсрэг идэвхийлэн тэмцсээр, эцэстээ 1933 онд гэр бүлээрээ Щвейцарь луу цагаачлахаас аргагүйд хүрчээ. 1938 онд АНУ руу нүүж, тэнд очсон хойноо ч Гитлер хийгээд нацистуудын эсрэг BBC агентлагаас Герман оронд цацдаг алсын долгионы радиогоор суртал ухуулга хийн тэмцлээ үргэлжлүүлж байв. Улс төрийн үйл хэрэгт ийнхүү идэвхтэй оролцсон гээд уран бүтээлээ ер хойш тавьсангүй.
Томас Манн энэ туужаа бичихдээ олон зохиол бүтээлийнхээ нэгэн адил хувийн амьдралаасаа сэдэл санаа авчээ. 1911 онд гэр бүлээрээ Венецэд амраад ирснийхээ дараа бичсэн энэ туужийн гол дүрд зохиолчийн хувийн амьдралтай холбоотой зүйлс олон талаар тусгалаа олсон байдаг. Тухайлбал, Ашенбах, Томас Манн хоёр хоёулаа алдар нэртэй, уран бүтээлийн олз омог арвин яваа зохиолчид бөгөөд уйгагүй шаргуу хөдөлмөр, хатуу зарчимч зангийнхаа ачаар энэ өндөрлөгт хүрч чадсан. Хэн хэн нь гэрлэж явсан гэдэг нь хангалуун сайхан амьдарч яваа ажил хэрэгч хүмүүсээс өнгөн дээрээ бол огтхон ч ялгаагүй амьдран, нийгэмд тогтсон хэв маягаас гажихгүйг хичээж явсныг илтгэнэ. Гэвч тэр хоёр дотооддоо бол хүмүүс хийгээд орчлон ертөнцийг уран бүтээлчээр хардаг гоо зүйн мэдрэмж цогцолсон хүмүүс. Түүнчлэн Манн ч , Ашенбах ч аль аль нь ижил хүйстнээ таашаах сонирхдог ч үүнийгээ зоргоор нь тавихыг өөртөө тас хорьдог ч эцэстээ чухам энэ л чиг хандлагаасаа болж ихэд шаналж зовдог. Ашенбахын дүр үнэхээр амьд, том томруун, бодитой санагддаг нь зохиолч ба зохиолын баатар хоёрын энэ ижил төстэй талуудтай холбоотой нь маргаангүй. Гэсэн хэдий ч энэ туужийг дан ганц хувийн намтар төдийгөөр ойлговол эндүүрэл болно. Бүхий л агуу зохиолчдын нэгэн адил Манн зохиол бүтээлээ өөрт тохиолдсон явдал, амьдралаасаа санаа авч бичсэн. Бүхий л агуу зохиолын нэгэн адил Венец дэх үхэл ч мөн хувийн шинж чанартай өгүүлэмжээс хол илүү халин гарсан билээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Thomas Mann ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997318114,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 164,

ХЭМЖЭЭ: 765 х 765 х 765 ММ ,

ЖИН: 765.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах