Орон орны сор болсон өгүүллэг, туужуудыг уншигчиддаа хүргэж буй “Дэлхийн шилдэг өгүүллэгийн түүвэр” цуврал “Солонгос өгүүллэг, тууж”-аар үргэлжилж байна.
Энэхүү цувралаас өмнө Монсудар хэвлэлийн газраас Япон, Орос, Испани зэрэг улсын өгүүлэг, туужийн охь бүтээлүүдийг эмхэтгэн гаргасан бөгөөд энэ цувралд Солонгосын орчин үеийн алдартай зохиолчдын шилмэл төлөөлөл 12 зохиолчийн сор бүтээлүүдийг багтаалаа.
Чвэ Жонхий (1912-1990)- Сүнстэй байшин
И Тэ-жүнь (1904-1970)- Чөлөөлөгдөхөөс өмнө ба хойно
Сунь Чансоб (1922-2010)- Илүүц хүн
И Ху-чоль (1932-2016)- Паньмүньжом
Чвэ Иньху (1945-2013)-Архичин
Хван Сог-ён (1943~)-Нутгаа зорих замд
Им Чоль-ү (1954~)-Аавын нутаг
Чвэ Юнь (1953~)-Аавыгаа цагдсан минь
Өнь Хий-гён (1959~)-Ядуу эрийн эхнэр
Хань Ган (1970~)-Миний бүсгүйн үр жимс
Гун Жи-ён (1963~)- Сэтгэлд цуурайтсан дуу хоолой
Паг Миньгюү (1968~)- Тийм үү, би анааш байна.
Номд багтсан зохиолчдоос хамгийн ахмад нь Чвэ Жонхий юм. Уг түүвэрт багтсан “Сүнстэй байшин” өгүүллэг нь түүний анхны бүтээл гэж судлаачид үздэг. 1958 онд “Амьдралын магтуу” романаараа Сөүл хотын Соёлын шагнал хүртэж, 1964 онд “Амьдралын түүх” романаараа Эмэгтэй шилдэг зохиолчийн шагнал хүртэж байсан түүхтэй.
И Тэ-жүнь нь Солонгосын Мопассан хэмээн алдаршсан зохиолч бөгөөд ахлах сургуульдаа сурагчдын сонинд “Загасны үлгэр” хэмээх анхны бүтээлээ хэвлүүлж байжээ.
Сунь Чансоб нь 1952 онд “Нийтийн амралт” өгүүллэгээрээ утга зохиолын ертөнцөд анх хөл тавьж, хоёр Солонгосын хооронд дайны гал түр зогссоны дараахнаас гол бүтээлүүдээ хэвлүүлснээр дайны дараах Солонгосын утга зохиолын гол төлөөлөл болсон зохиолч болжээ. Тэрээр зохиол бүтээлдээ өлсөж зовсон гадуурхагдагсдын асуудлыг хөндөж тухайн цаг үеийн байдлыг тод томруун гаргаснаараа олны талархлыг хүлээсэн юм.
И Ху-чоль-г арван естэйд нь Солонгосын дайн дэгдэж төрөл бүрийн ажил хийж байгаад “Нутгаа орхисон нь” зохиолоо анх туурвиж, хожим Орчин үеийн утга зохиолын шагнал, Дун-иний нэрэмжит шагналын эзэн болжээ.
Чвэ Иньху бол 1970-аад оны үеийн залуучуудын соёлын түүчээ зохиолч юм. Бичлэгийн шинэлэг хэв маягаараа “хотын утга зохиол”-ын цар хүрээг өргөтгөн тэлж, үеийн зохиолчдоосоо эрхгүй ялгарч 1970-аад оныхныг өөрийн үе болгож чадсан билээ. Мөн “Шинэ хавар – утга зохиолын наадмын хамгийн залуу шагналтан”, “Сонинд зохиолоо цувралаар нийтлүүлсэн хамгийн залуу зохиолч”, “Хамгийн олон зохиол нь кино болсон зохиолч”, “Номын хавтсанд зураг нь хэвлэгдсэн анхны зохиолч” гэх зэрэг олон амжилтын эзэн.
Хван Сог-ён нь ахлах сургуульд байхдаа 1962 онд Үзэл бодол сэтгүүлийн шинэ зохиолчийн шагнал хүртэж, 1970 онд Жусоны өдрийн мэдээ сонины шинэ зохиолч төрүүлэх тэмцээнд шалгарснаар утга зохиолын үйл хэрэгт зориг шулуудан оржээ. “Харийн нутаг”, “Нутгаа зорих замд”, “Зэвсгийн сүүдэр”, “Жан Гилсань” зохиолуудаа бичиж, Солонгосын утга зохиолын гол төлөөлөл болж өсөн дэвшжээ.
Им Чоль-ү нь 1980 оны 5-р сарын Гванжү, Солонгосын хойгийн хуваагдал, үзэл суртлын хүчирхийллийг илчилсэн зохиолуудаараа нэрд гарсан бөгөөд, “5-р сарын зохиолч” гэгддэг.
1954 онд Өмнөд Жолла мужийн Ваньдуд төрж Өмнөд Жоллагийн их сургууль, Соган их сургуулийн англи хэл уран зохиолын ангийг төгсөж, Өмнөд Жоллагийн их сургуульд англи хэл уран зохиол судлалын докторын зэрэг хамгаалжээ.
Чвэ Юнь нь тансаг найруулгаар нийгэм, түүх, үзэл суртлыг хүүрнэн өгүүлдэг зохиолч, орчуулагч юм. 1988 онд Гванжүгийн ардчилсан хөдөлгөөний эмгэнэлт түүхийг өгүүлсэн “Чимээгүй хагдрах цэцгийн навч” туужаа Утга зохиол ба нийгэм сэтгүүлд нийтлүүлж зохиолчийн замналаа эхлүүлжээ.
Түүний зохиолуудад нь нийгэм, түүх, үзэл суртлын сэдэв үргэлж хөндөгддөг.
Өнь Хий-гён нь өнөө цагийн хүний ганцаардал, сэтгэлийн шархыг хөндсөн зохиолууд бичиж залуу зохиолчдоо тэргүүлэх болжээ. Утга зохиолын тавцанд гараад 3 жилийн дараа 1998 онд “Эхнэрийн хайрцаг” зохиолоороо И Саны нэрэмжит шагнал хүртэн утга зохиолын ертөнцөд баттай байр суурь эзэлсэн нэгэн.
Хань Ганы 2007 онд хэвлүүлсэн “Ногоон хоолтон” зохиолын англи орчуулгыг Нью-Йорк таймс сэтгүүл болон дэлхийн томоохон бусад хэвлэл мэдээлэлд магтан сайшааж 2016 онд Олон улсын Букерын шагнал гардуулжээ. Зохиол бүтээлээрээ дамжуулан хүчирхийлэл, хүний эрхэм чанарыг хөнддөг Хань Ганы зохиолууд солонгосчууд төдийгүй гадаадынхны анхаарлыг ихээхэн татах болжээ. Бас эзэндээ Маньхэ-гийн нэрэмжит шагнал авчирсан “Хүү айсуй” зохиолын хэвлэх эрхийг 20 орон худалдан авч Солонгосын утга зохиолын хөгжил дэвшилд эрч хүч нэмж байна.
Гун Жи-ён нь хурц торгон мэдрэмж, хурдтай үг өгүүлбэрээрээ бодит амьдралын ёс бусыг уудлан илчлэгч гэгддэг. Тэрээр оновчгүй байдал, зөрчил сөргөлдөөнийг шулуун шударга зангаараа сөрж, уншигчдын зүрх сэтгэлийг татсаар ирсэн зохиолч юм.
Паг Миньгюү Жүн-ан их сургуулийн утга зохиолын ангийг дүүргэжээ. Утга зохиолын тосгон хэвлэлийн газрын шинэ зохиолчийн шагнал авсныхаа дараахан “Саммигийн супер оддын сүүлчийн фэн клуб” зохиолоороо Хангёрэ сонины утга зохиолын шагнал хүртэж, олны анхаарал татсан зохиолч болжээ. Зохиолч болох гэж 30 өгүүллэгээ сойсон боловч ганцхан “Кастелла” өгүүллэг нь л урьдчилсан шатыг давжээ. Харин олонд танигдсанаас хойш тэдгээр зохиолуудаас нь томоохон шагналуудад нэр дэвшсэн хэмээн эргэн дурссан байдаг.