“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Монгол хэл соёл” цувралын II боть бөгөөд 4000 гаруй өвөрмөц хэлцийг хэрэглэхэд хялбар байх үүднээс цагаан толгойн дарааллаар байрлуулан, утгын тайлбар хийж, уран зохиолын жишээгээр баяжуулсан төдийгүй толийн хоёрдугаар хэсэгт хэлцийг утгаар нь зүйлчлэн оруулсан.
Аливаа хэлний хэлц нэгж нь тухайн үндэстнийхээ зан заншил, уламжлалт ёс, ахуй амьдралын хэв маягаас үүдэн гарсан байдаг тул хэлцийн утга, үүсэх болсон шалтгааныг мэдэх нь соёл сэтгэлгээний мөн чанарыг давхар танин мэдэх ач тустай байдаг. Тиймээс эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд, тэр дундаа хэлцийг зөв ухаарч, зөв хэрэглэхэд зохиогч, бичигч, сэтгүүлч сурвалжлагч, багш, оюутан, сурагчид гээд монгол хэлний утгыг ухах гэсэн хүн бүр энэхүү толь бичгийг өдөр тутмын хэрэглээний гарын авлагаа болгох нь зүйтэй. Учир нь хэлц нэгж гэдэг бол хэлний дээд түвшний үзэгдэл юм. Мөн орчуулга хийх явцад өвөрмөц хэлцийг орчуулах нь тун ярвигтай байдаг тул тухайн утгыг тайлбар маягтай, эсвэл үгчлэн орчуулах бус өөрийн хэлний хэлц нэгжийн утгыг сайтар мэдсэнээр дүйцүүлэн тавихад түвэггүй болох биз ээ.
Нэмэн дурдахад, уг толь бичгийн удиртгал хэсэгт хэвшмэл хэлц, өвөрмөц хэлцийн ялгаа, тус бүрийн онцлог хийгээд хэлц нэгжийн утга үүргийн цогц судалгааг оруулсан нь хэрэглээний хийгээд эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой.
Худалдаж авах