Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монгол утга соёл" цувралын "Ерөөл магтаал" хэмээх VIII ботид монгол ардын ерөөл, магтаалын гарал үүсэл, агуулга бүтэц, дүрслэх арга, ерөөл магтаал хэлэх дэг, тэдгээрийн ач холбогдол, зарим улс орны ерөөл, магтаалын тухай судалгааны хэсэг болон монгол ардын 200 гаруй ерөөл магтаалыг сэдэв агуулгаар нь 2 бүлэг болгон орууллаа.
Ерөөл нь аливааг магтан, ирээдүйн сайн сайхныг хүсэн бэлгэддэг бол магтаал нь аливаа зүйлийн одоогийн шинж байдлыг олон талаас нь магтан сайшааж хэлдэг аман зохиолын төрөл юм. Монгол ардын ерөөл, магтаалаар дамжуулан хүмүүсийн сэтгэлгээ, ажил хөдөлмөр, ард түмний зан үйл, ёс заншил, аливаа юмны шинж байдал, ан амьтан, мал сүрэг гэх мэт монгол ахуйн тухай болон түүний учир зүйг танин мэдэж болно.
Даяаршиж буй өнөө үед нийгмийн хөгжлийг даган хэрэгцээт зүйлсийн ерөөл магтаал, урлаг, ажил мэргэжил, төрийн хүндэт ёслол зэргээр ерөөл, магтаалын сэдэв улам өргөжин хөгжсөөр байна. Мөн ардын язгуур урлагийн хамтлаг болон чуулгууд ерөөл, магтаалыг тайзны уран бүтээл болгон танилцуулж буй нь дэлхий дахинаа өндрөөр үнэлэгдэх болсон. Энэ нь ерөөл, магтаалын төрлийг олон нийтэд таниулах, түүнийг уламжлан хөгжүүлэх хөгжлийн нэгэн шат бөгөөд цаашид ч энэхүү бүтээлтэй танилцаж, сайтар судалж мэдсэнээр орчин үеийн шинэ хэлбэрээр хөгжүүлэх боломжийг нээж өгөх юм.
Худалдаж авах