Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй "Монгол утга соёл" цувралын "Домог" хэмээх III ботид удам угсаатай холбоотой домог, түүхэн хүмүүсийн домог, газар нутаг, уул усны домог, хурдан хүлгийн домог, ардын дууны домог гэсэн 5 бүлэгт 500 гаруй монгол домгийг түүвэрлэн оруулснаас гадна домгийн судалгаа бүхий удиртгал хэсэгтэй.
Домог нь аман зохиолын бусад төрөлтэй харьцуулахад алив үйл явдлын учир шалтгааныг тайлбарласан, харьцангуй түүхэн шинжтэй гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, газар усны тогтоц, үүсэл гарал болон хүний амьдралд тохиолдож өнгөрсөн онцлог, түүхэн үйл явдлын тухай хүүрнэл яриа уран сэтгэмжээр баяжигдан ам дамжсаныг домог гэнэ. Домог нь тухайн үйл явдалд оролцсон буюу түүнийг нүдээр үзсэн хүний дурсамж ярианаас үүсдэг.
Цаашид ам дамжин яригдахдаа өгүүлэгч этгээдийн сэтгэгдэл, сэтгэлийн хөдөлгөөн, үнэлэлт дүгнэлт зэрэг хувийн шинж чанартай зүйл нь аажмаар гээгддэг. Ингээд нэг болон хэсэгхэн хүнд хамааралтай биш болж, бүхий л хүмүүсийн сонирхлыг татах мэдээ баримтыг агуулсан яриа болж хувирна.Тиймээс домог нь ахуй соёл, зан заншил хийгээд түүхийн болон танин мэдэхүйн мэдлэг олгоход тустай. Мөн газар усны тухай домог тус бүр аль аймагт байдгийг нь дурдсан тул аялагч, жуулчдад хөтөч болох төдийгүй хэн бүхэнд танин мэдэхүйн ач холбогдолтой.
Худалдаж авах