Хүүхдүүд аюултай зүйлээс илүүтэйгээр бавгар сахалтай хүн, сүүдэр, чанга дуугаар ярих зэрэг энгийн л зүйлээс айдаг. Айдас хүүхдийг сул дорой, бүрэг нэгэн болгодог. Хүүхэд тань айх үед та юу хийдэг вэ? Айдсыг хэрхэн тайлбарлаж өгдөг вэ? Мэдрэмжийн цуврал номуудыг хүүхэд өөрт төрж буй мэдрэмжүүдээ илүү сайн ойлгож, бие даасан хүн болоход нь туслах зорилгоор бүтээсэн билээ. Мэдрэмжийн тухай ярилцсанаар гуниглах, уурлах, айх зэрэг нь хэвийн л зүйл гэдгийг ойлгоход туслах юм.<br/>
Өөрийгөө үнэлж, өөртөө итгэснээр сэтгэл түгшихээ больдог. Харин хүүхдүүд төсөөлөн бодох чадвар сайтай учир аалз, аянга цахилгаан, харанхуйд ганцаараа байх... гэх мэт маш олон зүйлээс байнга айж байдаг. Тиймээс хүүхдийнхээ юунаас айдаг, яагаад айдаг тухай анхааралтай сонссоноор тэд айдсаасаа ичиж зовохоо больж, хайрлуулж, хамгаалагдсан гэдгээ мэдрэх болно. Айх мэдрэмжийн тухай хүүхэдтэйгээ ярилцаж байгаарай. Ингэснээр хүүхэд тань айдастай нүүр тулж, айдсыг өөрөө зохицуулж чадна гэсэн итгэлтэй болох болно. Үүний үр дүнд айдсын мэдрэмж арилан алга болдог. Бяцхан үрсээ эрүүл саруул, жаргалтай тайван өсгөхөд чухал шаардлагатай зүйлсийн нэг нь тэдэнд сэтгэл санааны хувьд аюулгүй тайван байдлыг мэдрүүлэх явдал юм. Хорвоо ертөнцийг танин мэдэж, догдлон, хөөрч байгаа тэднийхээ мэдрэмжийг хуваалцаж, хүнд хэцүү үеүдэд санаа тавих нь хүүхдийнхээ сэтгэл санааг хамгаалж буй хэрэг юм. Хүүхэдтэйгээ хамт тоглож, төсөөлөн бодож, хамтдаа суралцаж, сэтгэл санааг нь зовоосон асуудлыг хамтдаа шийдэх үед тэд амар тайвныг мэдэрч, хайрлуулж, хамгаалуулж буйгаа мэдрэх болно.<br/>