Нэгэн өглөө гэрээсээ гүйхээр гарсан Мөчрөн хүн адал сонин явдлуудтай учирч, саад бэрхшээлийг даван туулсаар санаанд оромгүй хүнтэй таарна. Төөрсөн Мөчрөн хүн хайртай гэр бүлтэйгээ эргэн уулзах болов уу?
Алдарт “Груффало” номын зохиогчдын бүтээл ''Мөчрөн хүн'' зурагт номыг танилцуулж байна. Английн хүүхдийн зохиолч Жулиа Доналдсон болон зураач Аксел Шеффлер нарын энэхүү бүтээл нь 2008 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш дэлхийн олон орны хүүхдүүдийн хайртай ном болжээ. Жулиа Доналдсон шүлэглэсэн бүтээлүүдээрээ алдартай бөгөөд хүүхдийн зурагт номоос гадна олон дуу зохиож, жүжгийн зохиол бичиж 2011 онд Английн Хатан хааны нэрэмжит “Хүүхдийн уран зохиолын шагнал” хүртжээ.
Зохиогчийн хөвгүүд багадаа мөчрийг янз бүрийн тоглоом болгон тоглодог байснаас сэдэвлэн адал явдалт “Мөчрөн хүн” зурагт номыг бүтээсэн байна.
Мөчрөн хүн модон гэртээ
Мөчир эхнэр, мөчирхөн гурван хүүхэдтэйгээ
Мөн ч тухтай амьдран суудаг байжээ.
Нэгэн өглөө гүйхээр гараад нохой, сэргэлэн охин, хун шувуу гээд л олон амьтад, хүүхдүүдтэй таарч уралдуулж тоглодог мод, хун шувууны үүр, элсэн цайзын туг, хүлэг баатрын сэлэм, хүүдий сав өлгөдөг дэгээ, цасан хүний гар болж явсаар гэр бүлээсээ холын холд төөрч, зул сарын баярын өмнөхөн зууханд шатахын даваан дээр хэвтэж байтал яндан дотроос хэн нэгэн "Би гацчихлаа. Эндээс гарахад минь туслаарай!'' хэмээн хашхирна. Тэр чухам хэн юм бол?
Харахгүй байна гэж үү, хатсан мөчир биш ээ би
Мөчрөн хүн, Мөчрөн хүн байна.
Хар л даа, БИ ЧИНЬ МӨЧРӨН ХҮН
Харьж гэртээ буцмаар байна!
Мөчир хатагтай ганцаардаж, мөчирхөн хүүхдүүд гуньхарна.
Мөчрөн аавын эзгүйд зул сар ч уйтай юм...