1986 онд бичсэн Хөвөлзөх ертөнцийн зураач хэмээх энэхүү ном Ишигүрогийн хоёр дахь роман бөгөөд үйл явдал нь түүний анхны романы нэгэн адил Японд өрнөдөг. Уг бүтээл цаг хугацааны хувьд ч дайны дараах үе буюу 1948 оны аравдугаар сард эхэлж, 1950 оны зургаадугаар сар хүртэлх үеийг харуулах бөгөөд зохиолын гол хүүрнэл одоо цагт шууд өрнөхөөс илүүтэйгээр романы “би” баатар Масүжи Оногийн дурсамжаас бүрддэг. Хөвөлзөх ертөнцийн зураач бол олон талаар Ишигүрог Ишигүро болгосон бүтээл юм. Хүүрнэлийн арга хэлбэрээ эндээс л олж, 1986 онд энэ бүтээл нь Бүүкэрийн шагналын сүүлийн шатад шалгарснаар олонд анх танигджээ.
Масүжи Оно бол Японд нэлээд нэр хүнд олсон, уран бүтээлчийн хүсэл тэмүүлэлтэй зураач хүн юм. Тэрээр залуу насандаа олноо танигдаж, шилдэг мастеруудаар заалган сурч боловсорсныхоо дараа 1930-аад оны үеэс эхлэн уран бүтээлээрээ Японы эзлэн түрэмгийлэх бодлогод үйлчлэх болж, асар богино хугацааны дотор нийгэмдээ ихээхэн нэр нөлөөтэй болно. Эцэстээ “Эх оронч бус үйлдэлтэй тэмцэх” газарт мэдээлэгчээр ажиллаж, Төрийн цагдаагийн газарт нөлөөтэй болсноор ганц үг хэлэхэд л сэжиг бүхий улс төрийн үзэл баримтлалтай уран бүтээлчдийг торны цаана суулгаж чадахуйц хэмжээнд хүрдэг.
Гэвч цаг цагаараа байсангүй. Япон улс дайнд ялагдаж, Эзэн хаант империалист дэглэмд үнэнч байх нь нэгэн цагт Оногийн байр суурийг өргөж байсан бол, одоо харин нийгмийн шившиг, гай хөө болж хувирна. Дайны үед Оногийн эхнэр Мичико дэлбэрэлтэд өртөн нас барж, цэрэгт явсан хүү Кэнжи нь тулааны талбарт амиа алдана. Харин хоёр охин нь эсэн мэнд гарах хэдий ч эцгийнх нь улс төрийн намтрын улмаас бага охин Норико нөхөрт гарахад хүндрэлтэй болж хувирдаг. Нориког гэрлүүлэхээр сайтар бодож төлөвлөсөн анхны оролдлого бүтэлгүйтсэн цаад шалтгаан нь эцэг Масүжи Оногийн хаант засгийн уран бүтээлч явсантай холбоотой нь илэрхий харагдана. Эцэст нь Оно туулж ирсэн замаа шүүмжлэлтэйгээр харж, алдаж эндэж явсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадах болов уу?
Худалдаж авах