Истанбул хотноо чинээлэг сэхээтний гэр бүлд төрсөн, Нобелийн шагналт алдарт турк зохиолч Орхан Памук Цагаан цайз (Beyaz Kale) хэмээх бүтээлээ 1984-1985 онуудад бичжээ. Энэхүү роман Орхан Памукийн англи хэлнээ хөврүүлэгдсэн анхны бүтээл бөгөөд орчуулагдсан даруйд нь Нью-Йорк Таймс Бүүк Ревью сэтгүүл “Дорнод шинэ од мэндэллээ, тэр бол турк зохиолч Орхан Памук” хэмээн уулга алдсан бол Обзервер сонин “Кальвино, Эко, Борхес, Маркес нарын шилдэг зохиолуудтай эн зэрэгцэнэ” хэмээн шагшин магтсан билээ.
Цагаан цайз роман XVII зуунд далайн турк дээрэмчдэд олзлогдсон, Венецийн иргэнийг Истанбул руу авчирч буйгаар эхэлнэ. Одон орон, физик, уран зургийн талаар мэдлэгтэй түүнийг ижил сонирхолтой турк хүнд боол болгон өгдөг. Эл хоёр хүн өөр хоорондоо ер бусын төстэй. Эзэн, боолоосоо Венецийн тухай, Өрнийн шинжлэх ухааны тухай сурах хүсэлтэй аж. Эзэн, боол хоёр бие биеэ таних, ойлгох, бие биеийнхээ тухай хүүрнэхээр Истанбулын Алтан эвэр усан тохой руу харсан цонхтой, харанхуй, хоосон байшинд, ширээний ард суугаад ярилцана. Түүх яриа, адал явдал нь тэднийг нүх сүв бүрд нь тахал ээрсэн хотын гудамжууд, нас балчир султаны мөрөөдлийн цэцэрлэг, итгэмээргүй зэвсэг хийх төсөл болон “Би яагаад би вэ?” хэмээх асуулт руу хөтлөх ажээ. Түүх яриа өдрөөс шөнө рүү шилжихийн хэрээр лавширч, дүрүүд алгуур байр сэлгэнэ.
Романы туршид зохиолын гол дүр Хожа “тэдний” болон “бидний” ялгааг олох гэж хичээдэг нь ч энэхүү маргааныг дэвэргэгч гол хүчин зүйл болдог биз. Гэхдээ сүүлчийн бүлэгт султаны болгоомжтой асуусанчлан: Ертөнцийн дөрвөн зүг, найман зовхисын хүн ард бүгд өөр хоорондоо адилхан гэдгийг ойлгохын тулд хүн заавал падишах болох ёстой юм уу?
Худалдаж авах