Томас Мелле
Нуруун дээрх ертөнц
Германы орчин үеийн зохиолч Томас Меллегийн Нуруун дээрх ертөнц ном анх 2016 онд, ХБНГУ-ын "Ровоольт" хэвлэлийн газраас хэвлэгдэн гарсан даруйдаа олны анхаарлыг татаж, ихэд яриа хөөрөө, хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Энэхүү бүтээл нь “хоёр туйлт эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй хүний амьдрал, бодол санаа, өвчний түүхийг дүрсэлсэн намтар зохиол юм. Ихэнх өвчний түүхүүд ойлгоход бэрх, уншихад уйтгартай байдаг бол энэхүү намтар нь уран зохиолын аргаар, роман хэлбэрээр бичигдсэн нь маш онцгой. Энэхүү романыг уншаад сэтгэцийн эмгэгтэй хүн юу боддог, түүнд ямар байдгийг ойлгож мэдрэх боломжтой.
Энэхүү номын орчуулга Мерк компанийн Гёте институттэй хамтран хэрэгжүүлсэн “Хамтын орчуулга” төслийн хүрээнд бүтсэн юм. 2017 онд эхэлсэн уг төслийн хүрээнд Ази тив даяарх Гёте институтийнхэн хэлэлцсэний үр дүнд, энэхүү зохиол үнэмлэхүй саналаар шалгарсан билээ. Ийнхүү Азийн найман орны арван орчуулагч тус номыг өөрсдийн хэл рүү хөрвүүлэх болсны дунд монгол хэл багтаж, бүтэн жилийн турш орчуулагчид номын зохиолч Томас Мелле болон бусад зөвлөн туслагч нартай цахим платформоор хамтран ажилласан юм.
Нуруун дээрх ертөнц номын зохиолч Томас Мелле “хоёр туйлт эмгэг” хэмээх сэтгэцийн хөөрөл, гутралын эмгэгээр олон жилийн турш шаналж буй. Энэхүү бүтээлдээ тэрээр өөрт тохиолдсон үйл явдал хийгээд эрүүл мэнд нь хэрхэн урт удаан хугацаанд сайжирч буй талаараа бичиж, өвчтөний дотор юу болдгийг гайхалтайгаар хүүрнэжээ. Энэ бол нэгэн сүйдсэн амьдралын цагалбар, уран зохиолын өндөр чансаатай намтар бүтээл юм.
Худалдаж авах