Хүүхэд нэг нас хүрч хэлд орсноор тэдний өмнө шинэ ертөнц нээгдэнэ. Хэл ярианы хөгжил нь зүй тогтлын хувьд тодорхой үе шатыг дамждаг бөгөөд хамгийн түрүүнд авиа дуудаж сурах явдал байдаг. Үүнд зориулсан тусгай дасгалууд байдаг бөгөөд хүүхдэд зориудаар хийлгэх хэрэгтэй. Гэвч тэднийг уйдаахгүй байх нь чухал. Хүүхэд тань хэлд оролгүй удаж эсвэл аль хэдийн ярьдаг болсон ч авиаг буруу дуудаж байж мэднэ. Эх хэлээрээ ярихдаа авиа буруу дуудах, үгээ ойлгомжгүй хэлэхэд хүмүүс шоолох, өхөөрдөх эсвэл эрхэлж байна гэж буруу ойлгох хандлага түгээмэл ажиглагддаг. Үүнээс болоод хүүхэд ярих хүсэлгүй, өөртөө итгэлгүй, бусадтай харилцах сонирхолгүй болдог. Тиймээс хүүхдээ зөв, тод, цэвэр дуудлагатай ярихад нь тусалж энэхүү номыг уншингаа хамт тоглон дасгал хийцгээе. Хэл ярианы дасгал тогтмол хийвэл аяндаа үг хэллэг хурц, тод болдог. Иймд “Жангар” хүүхдийн номын редакц сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахашитай хамтран хүүхдийн хэл ярианы хөгжлийн суурь болсон авиан зөв дуудлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн насны ангилал бүхий таван цуврал номыг эрхлэн гаргалаа.
“Байз, байз! Энэ юуны чимээ вэ?
Хүү-хүү-хүү
Уруулаа хагас цорвойлгоод үлээцгээе.
Салхи салхилж байна шүү дээ.
Хүү-хүү-хүү
Харин энэ юуны чимээ вэ?
Сссссссссссс
Уртаар тасралтгүй хэлцгээе
Гоожуураас ус гоожиж байна
Сссссссссссс” гэх мэт сонирхолтой, хөгжилтэй зургууд үзэнгээ янз бүрийн авиа дуудаж дасгал хийгээрэй. Энэхүү дасгалууд авиаг буруу дуудах бэрхшээл, хүндрэлийг засахад тусална. Тогтмол ном уншиж өгч, ярилцаж хэл ярианы чадварыг хөгжүүлэх нь хүүхдийн хөгжлийн суурь болдог. Элдэв буруу дуудлагууд өөрөө арилдаг мэт ташаа ойлгож, цаг алдаж, буруу хэвшил тогтож үлдэхээс болгоомжлоорой. Ном хүүхдийг сурч боловсрох чадвартай, бие даасан, өөрийгөө илэрхийлж чаддаг хүн болгодог. Авиа дуудах энэхүү номд хамтдаа ярих, сурах хөгжилдөх зүйлс дүүрэн бий. Энэ ном энгийн, ойлгомжтой сэдэвтэй бөгөөд хэл сурах явцад зураг харах нь маш чухал үүрэг гүйцэтгэж, дэмждэг.
Худалдаж авах