Чингиз Айтматов 1958 онд буюу ердөө гучин настайдаа өөрийн хамгийн их уншигдсан бүтээл Жамиль туужаа бичжээ. Тууж анх Новый Мир утга зохиолын сэтгүүлд, орос хэлээр нийтлэгдэж, 1959 онд Луи Арагоны (1897–1982) орчуулгаар Франц улсад хэвлэгдэж байв. Арагон уг туужийг “дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” хэмээн дүгнэсэн нь бий. Тэгвэл уг туужийн герман орчуулга нь 1500 гаруй номоос бүрдсэн ер бусын нэр хүндтэй “Зуркампын номын сан” цувралын хамгийн өндөр борлуулалттай бүтээлээр шалгарч байв. Жамиль тууж цааш олон хэлнээ хөрвүүлэгдэж, өдгөө дэлхийн уншигч олонтой, бараг бүх хэл дээр хэвлэгдэж гарсан гэж хэлэхэд буруудахааргүй болжээ.
Жамиль туужийн үйл явдал Дэлхийн II дайны гурав дахь жилд (1943 он) Киргизстаны тал нутгийн нэгэн тосгонд өрнөж, шударга, хөдөлмөрч, үзэсгэлэнт залуу бүсгүй Жамильд төвлөрнө. Түүний нөхөр Садык нацист Германы эсрэг дайнд явсан бөгөөд тэр цагт киргиз эрчүүдийн ихэнх нь фронтод тулалдаж байсан учир хүүхдүүд, хүүхнүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тосгоны тариан талбайд ажиллаж, амьжиргаагаа залгуулдаг байлаа. Нэг өдөр суга таягаа эмээлийнхээ бүүргэнд бэхэлчихсэн, бригадын дарга Орозмат хэмээх эр Жамилийн хадам эх дээр ирж, Жамилийг ойрх тариан талбайгаас галт тэрэгний буудал руу буудай зөөхөд туслуулахыг хүснэ. Тосгоны эрчүүд Жамилийг элдэвлэж зовоох вий хэмээн болгоомжилсон хадам эх нь бэрээ явуулах тун дургүй байсан ч Садыкийн дүү, энэхүү туужийн хүүрнэгч өсвөр насны хөвгүүн Сеитийг Жамильтай хамт явж болно гэдгийг сонсоод дурамжхан ч атугай зөвшөөрнө. Фронтоос хөлдөө хүнд шархтай буцаж ирсэн Данияр хэмээх залуу эр мөн ажилд хамжилцана гэдгийг Жамиль, Сеит хоёр маргааш өглөө нь олж мэднэ.