Мари Кондо хэмээх япон эмэгтэйн бичсэн энэхүү ном нь эмх цэгц гэж юуг хэлэх вэ? Хэрхэн эмх цэгцтэй амьдарч сурах вэ? Бидний өдөр тутамдаа хийдэг угаалга, цэвэрлэгээ эмх цэгц мөн үү? гэх мэт олон асуултад жишээ баримтаар баяжуулан дэлгэрэнгүй хариултыг өгч чаджээ.
Бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй, анзаардаггүй тэдгээр асуудлыг энд дэлгэн харуулж, шийдэх арга замыг нэг бүрчлэн тусгаснаараа тун онцлог, олон мянган хувь борлогдсон бүтээл болсон юм.
Их ажлын дараа ядарч сульдсан хүн гэртээ ирэхэд өглөө тайлаад шидсэн хувцас хунар энд тэндгүй хөглөрч, угаагаагүй аяга таваг ширээн дээр овоорч, ноолорч навсайн, ундуй сундуй болсон бүгчим агаартай бүүдгэр орчин өөдөөс тань угтвал яах вэ? Мэдээж таатай байхгүй. Ядарч сульдсан бие тань улам сулбайж, уур уцаартай болно. Эсрэгээрээ, анхилуун үнэр хамар сэнгэнүүлж, шил толь шиг гялалзсан цэвэр цэмцгэр гэр орон угтвал яах вэ? Мэдээж таатай байна. Ядарч сульдсан бие тань сэргэж, сэтгэл санаа тань тайвширч амарна. Гэвч өдөр бүр цэвэр цэмцгэр гэр орон угтдаг бил үү? Бидний ихэнх нь амралтын өдрүүдэд гэр орноо гараа гарган цэвэрлэж, цэгцэлдэг ч нэг л мэдэхэд эргээд хөглөрчихсөн байдаг шүү дээ. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй айл өдөр бүр цэвэр цэмцгэр байна гэдэг боломжгүй.
Гэхдээ хүлээгээрэй. Боломжгүй зүйл гэж байдаггүй гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр үргэлж цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй амьдрах боломж ч бас байдаг аж. Үүнийг Мари Кондо хэмээх эмх цэгцийн мэргэжилтэн бүсгүй өөрийн болоод үйлчлүүлэгчдийнхээ амьдралын туршлагаар батлан харуулжээ. Гагцхүү зөв арга барилаар эмхэлж цэгцлэх хэрэгтэй гэнэ. Тэрбээр “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номоороо дамжуулан “гэр болон албан тасалгаагаа дахин хэзээ ч хөглөрөхгүй байхаар нэг л удаа цэгцлэх арга”-ыг танилцуулжээ. Мари Кондо номдоо “Юун түрүүнд хэрэгцээгүй зүйлсээ хаях хэрэгтэй. Түүний дараа нэг дор, богино хугацаанд, бүрэн гүйцэд эмхлэн цэгцлээрэй. Энэ бүгдийг зөв арга барил, зөв дэс дарааллаар хийж гүйцэтгэвэл таны гэр орон дахин хэзээ ч хөглөрөхгүй” гэсэн байна.
Таван настайгаасаа эхлэн эмхэлж цэгцлэх ажилд шимтэн дурлаж, энэ талаар уншиж судлан, төрөл бүрийн арга барил туршиж үзсэний үндсэн дээр боловсруулсан түүний арга барилыг хэрэгжүүлээд эмх цэгцтэй болж, гайхамшигтай гэмээр ид шидийг амьдралдаа бий болгосон хүмүүс Японд төдийгүй дэлхий даяар олон болжээ. Уг номыг уншаад, арга барилыг нь хэрэгжүүлэн, олон гайхамшигтай үр дүнд хүрснийг өгүүлэхэд таатай байна. Номоо уншиж байх хугацаандаа та гэр орноо эмхэлж цэгцлэх хүсэлд эрхгүй автана гэдгийг, тэгээд ид шид мэт гайхамшигтай үр дүнд хүрнэ гэдгийг итгэлтэй хэлэх байна.
Худалдаж авах