Уг номд Монголд урьд өмнө нь орчуулагдан хэвлэгдэж байгаагүй, орчуулагдаж байсан боловч одоо худалдаанд байхгүй Япон уран зохиолын сор бүтээлд тооцогддог арван өгүүллэг, туужийг толилуулсан болно.
Эдгээр зохиолууд нь бичлэг, утга санаагаараа тус бүрийн ялгарах онцлогтойг уншигч авхай түвэггүйхэн мэдэх хэдий ч, зарим зохиолын талаар багахан тайлбарыг хүргэх нь зүйтэй болов уу.
Хигүчи Ичиёо бол Мэйжигийн үеийн хамгийн алдартай эмэгтэй зохиолч бөгөөд тухайн үеийн шилжилтийн насны хүүхдүүдийн харилцаа, нийгэм, хүмүүсийн аж амьдралын мөн чанарыг Нэг үеийнхэн зохиолдоо маш уян зөөлөн, торгон мэдрэмжтэй хэрнээ энгийн хүүрнэлээр өгүүлсэн юм. Хигүчи Ичиёогийн дүр Япон улсын 5000 иений мөнгөн дэвсгэрт дээр мөнхөрсөн нь ядуу тарчиг амьдралаар хорь гаруйхан наслахдаа бичиж үлдээсэн түүний бүтээлүүд өнөөг хүртэл үнэ цэнтэй хэвээр байгаагийн нэг илрэл билээ.
Харин Изүми Кёокагйн Коояа уулын гэгээн өгүүллэгийн зохиомжийг матрёшкатай зүйрлэж болох юм. Өөрөөр хэлбэл өгүүлэмжийн дотор өгүүлэмж агуулагдах нь уг зохиолын нэг онцлог. Зохиолын гол дүрүүд болох авхай, залуу лам хоёрын харилцаа болоод дүрийн үнэн төрх эхнээсээ төгсгөл хүртлээ нууцлаг, амар хялбараар тайлагдахгүй байгаа нь япон уран зохиолын онцлог чанарыг тусгасан байгаа болно. Залуу лам учир битүүлэг хүүхний жинхэнэ төрхийг сонсож мэдсэн ч гэсэн түүний тодор өнөөх хүүхний талаарх таатай сэтгэгдлийн багахан оч сүүмэлзэн байгааг уншсан хүн бүр мэдрэх нь лавтай. Энэ талаар зохиолд бараг дурдаагүй хэр нь уншигчид мэдэрч, ойлгож байгаа нь бичлэгийн ур чадвараас шалтгаалж байгаа хэрэг юм. Тиймээс зохиолын мөн чанар луу сайн өнгийж, тогтож унших нь уг өгүүллэгийн нууцлаг, гайхамшигтай чанарыг ойлгоход тус дөхөм болох болов уу.
Уг номд орсон Окамото Канокогийн Хөгшин гэйша зохиолын хувьд бичлэгийн онцлог ур чадвараас шалтгаалан уншигчдад нэлээд зузаан зохиол уншсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тэрээр энэхүү өгүүллэгээрээ богино хэмжээний зохиолд хэрхэн гүн утга санааг шингээж, олон талт агуулгыг багтааж болдгийн үлгэр жишээг харуулжээ. Тийм дээ ч Кавабата энэхүү зохиолыг “Богино хэлбэрийн зохиолын оргил” хэмээн үнэлсэн нь бий.
Түүнчлэн уран зохиолд тухайн орны сэтгэлгээ, аж амьдралын онцлог зайлшгүй тусдаг. Иймд уг зохиолуудад япон уламжлал, ёс заншил, домгийн сэтгэлгээ, ахуй амьдралын онцлог ихээхэн шингэжээ. Энэ нь монгол уншигчдад зарим талаар уншиж ойлгоход бэрхшээлтэй байх болов уу гэсэн үүднээс аль болох монгол ахуй, сэтгэлгээнд нийцүүлэхийг хичээж, зарим тохиолдолд нийтээр хэрэглэж хэвшсэн үг хэллэг, нэр томьёог ашигласан.
Энэхүү бүтээл нь уншигч авгай та бүхэнд япон уран зохиолтой танилцах, лавшруулан шимтэн судлахад бага ч атугай тус дөхөм болно гэдэгт найдаж байна.