Орчин үеийн уран зохиолын салшгүй хэсэг болох уран зөгнөлт зохиолын хэлбэрээр бичигдсэн уг бүтээл гарсан даруйдаа шуугиан тарьж олон шагнал, дээд амжилт дагуулсан бөгөөд уншигчдад төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлэлт авчээ. Жорж Р. Р. Мартин “Хаан ширээний тоглоом”-оороо уншигчийн сэтгэлийг эзэмдэх хамгийн гайхалтай төрөл жанруудыг нэгэн дор нэгтгэн гарцаагүй сор бүтээлд тооцогдох туурвилынхаа эхлэлийг тавьжээ. Нууцлаг явдал, далд явуулга, хайр дурлал, адал явдал хуудас бүрд нь шингэсэн энэ ер бусын бүтээлийн эхний боть дэлхийн өнцөг булан бүр дэх уншигч, шүтэн бишрэгчийн сэтгэлийг татах нь лавтай.
Эрт урьдын мартагдсан цаг үед, ид шидийн гэмээр нэгэн үйл явдлын улмаас дэлхийн улирлуудын хэм алдагджээ. Зун нь хэдэн арван жилээр үргэлжилж, өвөл нь бүхэл бүтэн амьдралын турш сунайх газар нутагт гай зовлон гарцаагүй тохиолдох учиртай аж. Хүйтэн цаг үе эргэн ирж, Винтерфеллийн умардад, хаант улсын хамгаалалтын хэрмийн гадна хорон санаатнууд зэр зэвсгээ зэхэн, дайн тулаанд бэлдэнэ. Өмнөдөд, хааны итгэлт түшмэл учир үл тайлагдах шалтгаанаар энэ хорвоог орхин одсоноор хаант засаг сүйрэлд орж болзошгүй нөхцөл байдал үүсэхэд, хаан ширээнд шунасан өөдгүй дайснууд нуугдан бүгж байсан харанхуй сүүдрээсаа ил гарч ирэх болов. Төрж өссөн хүйтэн цэвдгийн нутаг орон шигээ нугаршгүй хатан зоригтой, хэрцгий ширүүн Винтерфеллийн Старкийн гэр бүлийнхэн энэхүү зөрчилдөөний төвд өөрсдийн байр сууриа эзлэв. Лорд Эддард Старк одоо хааны баруун гарын түшмэлийн алба үүргийг гүйцэтгэхээр дуртай дургүй дуудагдсан нь түүний гэр бүл төдийгүй хаант улсад ч аюул занал үүсгэх томилгоо болжээ.
Цэвдэг хүйтний хатуу ширүүн газар нутгаас, урин дулааны цэнгэл таашаалын вант улс хүртэлх өргөн газар нутгийг хамарсан “Хаан ширээний тоглоом” өөдгүй муу ёр зөгнөсөн цаг үед нэг дор цугласан хаад, хатад, цэргүүд, шидтэнүүд, алуурчид, бутчуудын түүхийг өгүүлнэ. Хүн төрөлхтний ер үл мэдэх металаар хийгдсэн илд сэлмээр зэвсэглэсэн дайчдын нууц бүлэглэл; хүнийг галзуурлын ирмэгт аваачдаг хачин жигтэй зэрлэг өвс бүхий омог аймаг; хаан ширээгээ буцааж авахын тулд дүүгээ худалдахаас сийхгүй хэрцгий луут ханхүү; амьдрал үхэл хоёрын дундын харуй бүрий мөчлөгт төөрч орхисон балчир хүүхэд; өөрт үнэ цэнтэй бүхнээ хамгаалж үлдэхийн тулд хэцүүхэн аялалд гарсан зоримог бүсгүйн тухай энэ зохиол хүүрнэнэ. Хуйвалдаан, сөрөг хуйвалдаан, уй гашуу, урвалт, ялалт, хөнөөлт халдлага, холбоотнууд, дайснууд дунд Старкийн гэр бүлийн хувь тавилан аз туршсан аюул осол дунд тэнцвэрээ хадгалахыг хичээх зуур, тулалдагч тал бүр “хаан ширээний тоглоом” хэмээх үхлийн аюултай зөрчилдөөнд ялж гарахыг хичээн өөр хоорондоо тэмцэлдэнэ.
Хамрах хүрээ, бичлэгийн хувьд бусад ямар ч зохиолтой зүйрлэх аргагүй “Хаан ширээний тулаан” цуврал эхний хуудаснаасаа л уншигчийн анхаарлыг татаж, сүүлчийн хуудсыг уншиж дуустал сэтгэлийг нь бүрэн эзэмдэж, уншиж дууссаны дараа цааш үргэлжлүүлэн унших хүсэл төрүүлнэ.