English for everyone ном нь бие даан англи хэл сурах хүсэлтэй хүмүүсийн адил дүрэм, үгсийн сан, дуудлага, сонсох, ярих, унших, бичих зэрэг үндсэн чадваруудыг хөгжүүлэхэд чиглэсэн. Мөн ойлгох, тогтооход илүү дөхөм байлгах үүднээс зураг, хүснэгт зэрэг дүрслэлүүдийг голчлон ашигласан гэдгээрээ онцлог. Хичээлүүдийг дарааллаар үзэх нь илүү үр дүнтэй. Сонсох хичээл нь вэбсайт болон аппликэйшн байдлаар хийгдсэн бөгөөд үнэгүй ашиглах боломжтой.
English for everyone ахисан шат 4 дасгалын номыг уг шатны дүрмийн номтой хавсарган хэрэглэх нь зүйтэй бөгөөд сурсан зүйлээ бататгаж, мэдлэгээ дээшлүүлэхэд тустай. Англи хэлний ярих чадварыг хөгжүүлэх, сонсох чадварыг нэмэгдүүлэх, бичих чадвартай болгох, унших ойлгох чадварыг сайжруулах гэхчилэнгээр дасгалуудыг хуваасан нь хэлний 4 чадварыг эн тэнцүү эзэмшихэд чиглүүлсэн болно. Агуулгын хувьд хурал уулзалт, тэмдэглэл хөтлөх, зөвлөгөө өгөх, урлаг соёлын тухай ярих, дүгнэлт хийх, таамаглал дэвшүүлэх, эргэн тойрныхоо тухай ярих, уламжлалт заншил, хууль журам, магадлал, хийсвэр зүйлс болон хэлц үг, холбоо үг болон ирээдүй цагууд гэхчилэн 69 сэдвийн хүрээнд сурсан мэдлэгээ бататгана. Энэ шатны номыг дарааллаар үзэж, бүлэг бүрийн эцэст буй шалгуураар өөрийнхөө мэдлэгийг баталгаажуулснаар англи хэлний түвшин тогтоох шалгалт болох IELTS-д 5,5-7 оноо, TOEFL-д 70-95 оноо авах түвшинд хүрэх юм.