Осолдож, төөрсөн нисгэгч, эгэлгүй бяцхан хүү хоёрын нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх "Бяцхан Хунтайж" зохиол нь бүх насны уншигчдын сэтгэл зүрхэнд хүрч чадсан юм. Цэцэн мэргэн, ид шидийн гэмээр гайхамшигт энэ ном нь зүрх сэтгэлийн гүн дэх нууцыг өгүүлж, оршихуйн утга учир, хайр энэрлийн хүчийг ойлгуулах болно.
Бяцхан хунтайж энэ дэлхий дээр биш, бага гараг Б 216-д амьдардаг байжээ. Тэр гараг нь бургилж буй хоёр галт уул, сөнөсөн нэг галт уултай, бяцхан хунтайжаас арай томхон гараг билээ. Орчлон хорвоод цор ганц байдаг хэмээн итгэж, хайрлан хамгаалдаг цэцгээ орхиод гарсан тэрээр олон гарагаар аялаж ван ноён, худалдаачин, архичин, дэнлүү асаагч, газарзүйч зэрэг хүмүүстэй уулзаж, эцэст нь дэлхийд ирсэн ажээ. Энэ зохиол нь Антуан де Сэнт-Экзюперийн бусад зохиолуудтай огт адилгүй бөгөөд тэрээр тайлбар зургийг нь өөрөө зурсан байна. Зохиолын энгийн, ойлгомжтой дүрслэлийн цаана ёгт, гүн гүнзгий утга агуулга нуугдаж буй бөгөөд хар аяндаа өрөвдөх, хайрлан энэрэх сэтгэлийг төрүүлнэ.