Надин Гордимерийн "Зургаан тохой газар" өгүүллэгийн түүвэр нь анх 1982 онд Penguin хэвлэлийн газраас хэвлэгдэн гарчээ. Энэхүү түүвэрт зохиогчийн 1956 оноос 1980 он хүртэлх хугацаанд бичсэн бүтээлүүд дундаас сонгогдсон шилдгийн шилдэгт тооцогдох долоон өгүүллэг багтсан байна.
Түүвэрт нэрийг нь өгсөн “Зургаан тохой газар” өгүүллэгт гэр бүлийн харилцаа нь бүтэлгүйтсэн нэгэн цагаан арьст эр өөрийн зарц нарын нэгний дүүг зохих ёсоор оршуулахаар Өмнөд Африкийн хүнд сурталтай тэмцсэн тухай түүхийг харуулна.
“Шилэн бадмааргийн хэлтэрхий” өгүүллэг харин улс төрийн эрх чөлөөний төлөө хар арьстнуудын тэмцэлд оролцох нэгэн энэтхэг гэр бүлийн тухай түүх аж. Нөхөр нь уг тэмцэлд эхнэрийнхээ оруулсан хувь нэмрийг төдийлөн ойшоогдохгүй өнгөрөх вий хэмээн санаа зовохоос гадна гэр бүлийнхээ аюулгүй байдалд сэтгэл түгшинэ.
“Аман түүх” өгүүллэг нь омог аймгийнхныхаа тэмцэл хийгээд гэр бүлийнхээ аюулгүй амьдрал хоёрын дунд ацан шалаанд орсноос гадна гэр бүлээ аюулаас хол байлгая гэвэл Өмнөд Африкийн засгийн газрын цэргүүдийн үгийг дагахаас өөр аргагүй гэдгийг ухаарсан тосгоны ахлагчийн түүхийг өгүүлжээ.
Эдгээрээс гадна “Хотын амрагууд”, “Хөдөөгийн амрагууд”, “Хэвлэхэд зориулагдаагүй”, “Таатай уур амьсгал, нөхөрсөг оршин суугчид” зэрэг өүүллэгүүд уг түүвэрт орсон билээ.
Апартеид дэглэмийн үеийн Өмнөд Африкийн өдөр тутмын амьдралыг олон өнцгөөс хүүрнэх уг өгүүллэгүүдээс Надин Гордимерын уран бүтээлийн оргил үеийн туурвилын чансаа, өнгө аясыг харах боломжтой.
Худалдаж авах