Тулааны талбарын тэлэлт бол франц зохиолч Мишель Уэльбекийн 1995 онд Extension du domaine de la lutte нэрээр хэвлэгдсэн анхны роман юм. Уг роман цалин өндөртэй ч сонирхолтой ажил эрхэлдэг ганцаардаж зожгирсон эрийн түүхийг өгүүлнэ. 1999 онд Филипп Харел Тулааны талбарын тэлэлт романаас сэдэвлэн ижил нэртэй дэлгэцийн бүтээл туурвижээ.
Бүхий л зохиолын турш нэр нь үл дурдагдах хүүрнэгч маань ганцаар амьдрах бөгөөд сүүлийн хоёр жилд бэлгийн харилцаанд ороогүй ажээ. Өндөр цалинтай ажилтай, сэтгэл гутралд автсан, гуч эргэм насны энэ баатар маань өдөрт дөрвөн хайрцаг тамхи татаж, чөлөөт цагаараа амьтдын тухай хачин түүх зохион бичнэ. Ганц хүний ор худалдан авснаар ямар ч бэлгийн харилцаагүй ганцаар амьдардаг гэдэг нь илчлэгдэх гэх мэт зүйл манай гол дүрд тун хүчтэй сэтгэгдэл төрүүлж, тэрээр энэ тухайд гүнзгий эргэцүүлнэ. Ер нь энэ дүр маань хүнтэй харилцаа тогтоохоос зайлсхийж, нийгмээ жигшиж зэвүүцэж, голдуу дотроо эргэцүүлж, өөрөө өөртэйгөө байнга хүүрнэдэг нэгэн билээ. Нэргүй баатар маань Рафаэль Тиссеран хэмээх 28 настай, аргаа ядсан, золгүй зандан залуутай цуг мэдээллийн технологийн хэрэглээний тухай хичээл заах томилолтод хамтдаа замд гарна. Тиссеран энэ эрийн харилцаанаас татгалзах чадварыг бахдаж, хайр дурлалын тухайд гачлантай үр дүнд хүргэх дэмий зааврыг нь сонсох ажээ.
Шинжлэх ухаан болон өдөр тутмын нэг хэвийн, дэмий хоосон зан үйлд захирагдсан ертөнцөд эрх чөлөө гэгч зүйл хэрхэн замхран одож буйг энэ романд сэтгэл өвдөм бодитоор өгүүлнэ.
Худалдаж авах