Фёдор Михайлович Достоевский

Газар доороос бичсэн тэмдэглэл

Газар доороос бичсэн тэмдэглэл зохиолоо Достоевский Европын улсуудаар хоёр дахь удаагаа аялсныхаа дараагаар бичиж, ахынхаа эрхлэн гаргадаг “Эпоха” хэмээх сэтгүүлд анх хэвлүүлжээ. Достоевскийг энэ туужаа бичих үед нь анхны эхнэр Мария Иссаева нь нас барсны дээр өөрөө ч санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсны улмаас сэтгэл санааны хүнд байдалд ороод байсан гэдэг. 1887 онд Францын Ницца хотын номын нэгэн дэлгүүрт энэ туужийг анх хараад худалдаж авч уншсан Фридрих Ницше, Газар доороос бичсэн тэмдэглэл-ийг “жинхэнэ сод ухааны бүтээл” гэж магтсан төдийгүй, өмнө нь огт таньдаггүй байсан Достоевскийн тухайд “надад шинэ зүйл зааж чадах цор ганц сэтгэл судлаач” хэмээн шагшин магтжээ.
Достоевскийн Газар доороос бичсэн тэмдэглэл бүтцийн хувьд өөр хоорондоо төдий л холбоогүй хоёр хэсгээс бүрдэнэ. Энэ хоёр хэсгийн аль алийг нь өмнө нь байгууллагад алба хашдаг байсан хэдий ч одоо Санкт Петербургийн захын нэгэн дүүрэгт газар дорх хуучирч муудсан хонгилд нийгмээс тусгаарлагдан амьдарч буй дөчин настай эр буюу “би” баатар хүүрнэж, өөрийн гутранги амьдралын үзлээ уншигчтай хуваалцана. Зохиолын харьцангуй богино эхний бүлэг нь “Газар дор” нэртэй. Энэ бүлгийн “Би бие муутай хүн... Би хорлонтой муухай хүн. Би бас нүдэнд хүйтэн хүн” хэмээсэн эхний өгүүлбэр нь уншигч, судлаачид дунд тун зартай билээ. Үүний дараагаар, туужийн үйл явдал уншигчийн таамаглан хүлээсэн байдлаар өрнөхгүй; харин нэгдүгээр биеийн хүүрнэгчийн өөрийн тухай, түүнтэй нэг үед амьдарч буй хүн зоны тухай, түүнчлэн 1860-аад оны Орос, Европын гэнэн итгэмтгий сэхээтнүүдийн тухай дотоод сэтгэлийн мэтгэлцээнээр үргэлжилнэ.Туужийн эхний хэсэг хүүрнэгчийн дотоод сэтгэлдээ өөртэйгөө мэтгэлцэж буй тухай арван нэгэн богино бүлгээс бүрддэг.

Хоёрдугаар хэсэг “би” хүүрнэгчийн ажлынхантайгаа; хэдийгээр оюуны чадамжаараа хүүрнэгчээс маань илүү гарахгүй ч ажил мэргэжилдээ түүнээс хавьгүй илүү дэвшсэн сургуулийн андтайгаа; хэдий үзэн яддаг ч ажлаас хөөчих зориг хүрдэггүй зарц Аполлонтойгоо; түүнчлэн хорин настай биеэ үнэлэгч Лизатай үүсгэсэн харилцааных нь тухай өгүүлнэ. Ердөө хэдхэн өдрийн дотор болоод өнгөрөх энэ хэсгийн үйл явдлууд гол дүр буюу нэгдүгээр биеийн хүүрнэгчийн зан байдлыг уншигчид таниулна. Энэ хэсгийн өрнөл хийгээд сэтгэл түгшим төгсгөлөөс уншигч авгай бээр, “би” баатар маань хэрхэн романы эхэнд өгүүлсэн “эмгэг хуучтай, бас тэгээд муухай ааштай, царай зүс муутай амьтан” болж орхисныг ойлгож авна.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Фёдор Михайлович Достоевский , Орчуулагч: Д. Цахилгаан , Ерөнхий редактор: Н. Жавхлан , Редактор: Г. Сугиррагчаа , Э. Түвшинбаяр , Дизайнер: С. Батжаргал ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 12,900₮,

ISBN: 9789997314000,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2017-08-25,

ФОРМАТ: Зөөлөн хавтастай,

ХУУДАСНЫ ТОО: 248,

ХЭМЖЭЭ: 180 х 115 х 16 ММ ,

ЦУВРАЛ: Монсудар утга зохиол цуврал: XII дэвтэр

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах